АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Бейрут хотод болсон аймшигт дэлбэрэлтийг золгүй явдал хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, Ерөнхийлөгч Трампыг буруу таамаглал дэвшүүлсэн, түүнийг нь Пентагон дэмжиж байгаа хэмээн худлаа ярьсанд буруушаажээ.
Тэрбээр Аспен аюулгүй байдлын хурал дээр “Бид болсон явдлын талаар мэдээлэл цуглуулж байна. Гэхдээ бидний ихэнх нь Бейрут хотод болсон явдлыг осол гэдэгт итгэлтэй байна. Би үүнээс илүүг хэлж чадахгүй нь. Ливанчуудад эмгэнэл илэрхийлье” хэмээн ярьжээ.
Ливаны нийслэл Бейрут хотын боомтын агуулах аймшигтайгаар дэлбэрч, дор хаяж 135 хүний амийг газар дээр нь авч одоод, 4000 гаруй хүнийг шархдуулсан. Энэ харамсалтай үйл явдлаас хойш хэдхэн цагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд “Би хэд хэдэн том генералтай уулзсан. Бидний зүгээс болсон явдлыг тэсрэх бөмбөг бүхий халдлага гэж үзэж байна. Үүнд Пентагон ч итгэлтэй байгаа” хэмээн нотлох баримтгүй, сохроор дүгнэлт хийснээ мэдээлсэн юм.
Аймшигт дэлбэрэлтийн талаар хүмүүс олон янзын таамаг дэвшүүлж байгаа ч халдлага болсон гэх таамгийг зөвхөн Трамп тэргүүтэй цөөхөн хүн л дэмжиж байгаа юм. Харин Израил, Хезболла зэрэг талууд болсон үйл явдалд хамааралгүй гэдгээ мэдэгдэж, Ливаны эрх баригчид ч санал нэгтэйгээр дэлбэрэлтийг золгүй явдал байсан хэмээн үзэж байгаа билээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ