ОХУ-ын Сангийн яам төсвийн зардлыг танах санал гаргаж, үүнд хэд хэдэн байгууллага, салбарын төсөв багтсан байна. Тухайлбал, Төрийн Дум болон Холбооны зөвлөлийн төсөв багтжээ. Сангийн яамны санал болгосноор 2021-2023 онд дээрх хоёр байгууллагын төсвийг нийтдээ 1,9 тэрбум рублиэр танах юм.
Саналыг нарийвчлан авч үзвэл Төрийн Думын төсвийг 2021 онд 2,9 хувиар буюу 378 сая рублиэр танаж 12,7 тэрбум, 2022 онд 4,5 хувиар буюу 577 саяар танаж 12,1 тэрбум, 2023 онд 2 хувиар буюу 256 саяар танаж 12,4 тэрбум рубльд багтаах ажээ.
Холбооны зөвлөлийн тухайд 2021 онд 3 хувиар буюу 217 саяар, 2022 онд 4,6 хувиар буюу 338 саяар, 2023 онд 2,4 хувиар буюу 178 сая рублиэр тус тус танаж, 2023 он гэхэд Холбооны зөвлөлийн төсөв 7 орчим тэрбум рубль байхаар тооцоолсон байна.
Мөн Үндэсний Аудитын газрын төсвийг танах санал гаргажээ. Тухайлбал, Үндэсний Аудитын газрын төсвийг 2021 онд 2,5 хувиар буюу 124,6 саяар танаж 4,79 тэрбум рубль, 2022 онд 4,8 хувиар буюу 244 саяар танаж 4,83 тэрбум, 2023 онд 2,9 хувиар буюу 149,3 саяар танаж 4,92 тэрбум рубльд төсвийг багтаахаар төлөвлөсөн байна.
Холбоотой мэдээ