“NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд өөрийн нэр алдраа дуурсгаж яваа Марина Грановская хэмээх бүсгүйг онцолж байна. Тэрбээр Оросын тэрбумтан Роман Абрамовичийн бизнесийн баруун гар бөгөөд түүний эзэмшдэг Английн хөлбөмбөгийн Челси багийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албыг хашдаг юм.
Роман Абрамовичтой холбогдсон нь
Марина Грановская 1975 оны нэгдүгээр сарын 13-нд Москва хотод төрж өсчээ. Хөгжим бүжгийн гүнзгийрүүлсэн сургалттай Москвагийн 1113-р сургуулийг 1991 онд ЗХУ-ын задралаас зургаан сарын өмнө төгссөн байна. Багаасаа хичээл номдоо идэвхи зүтгэлтэй байсан охин 1997 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн гадаад хэлний тэнхимийг онц дүнтэй төгссөн аж. Марина Грановскаяад хичээл орж байсан багш "Би түүний багш байснаа санаж байна. Гэхдээ би түүний бусдаас онцгой байсан зүйлийг нь санахгүй байна. Лондонд спортын салбарт түүний амжилттай явааг харах сонирхолтой байна" хэмээж байжээ.
Их сургуулиа төгсөөд Роман Абрамовичийн эзэмшлийн Сибнефть хэмээх газрын тосны компаниас ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж, мөн ирээдүйн эзэнтэйгээ танилцсан байна. Анхандаа туслахын орон тоонд ажиллаж байсан залуу бүсгүй хурдан дээшилж, нэг мэдэхэд захирлын тэргүүн зөвлөх хэмээх томоохон албан тушаалд томилогдов.
Хожим нь Р.Абрамович засгийн газраасаа 60 сая фунтээр худалдан авсан Сибнефть компаниа Газпромд 8 тэрбум фунтээр зарсан юм.
Хөлбөмбөг, бизнес хоёрыг хослуулав
2003 онд Оросын тэрбумтан Роман Абрамович Кен Батес Их Британийн бизнесменээс Челси багийг 140 сая фунтээр худалдан авчээ. Үнэндээ 140 сая фунтын 80 сая нь багийн өрийг дарахад зориулагдаж, үлдсэн 60 сая нь Кен Батесын халаасанд очсон гэдэг. Ийнхүү Английн хөлбөмбөгийн Премьер лигт өрсөлддөг ч өрөндөө баригдсан багийг Роман Абрамович худалдан авч, чанга гараар санхүүгээ бариулах нь зүйтэй хэмээн боджээ.
Роман Абрамович одоогоор 12.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн баян хүмүүсийн жагсаалтад 113-р байранд, Оросын баячуудын жагсаалтад аравдугаар байранд бичигдэж байна.
Тэрбээр Москвагаас өөрийн баруун гар, найдвартай зөвлөх Марина Грановскаяаг Лондонд дуудаж энэ бүх ажлыг хариуцуулав. Залуухан ажил хэрэгч бүсгүй Челси багийн удирдлагын багт орж ажиллахаас гадна эзнийхээ байгуулсан “Millhouse” гэх хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагааг давхар хариуцах болжээ.
Солилцоо наймааны цонхоор хэнийг зарж, хэнийг худалдан авах, мөн хэн энэ багийн дараагийн дасгалжуулагч болох эсэхийг Марина хөшигний араас нууцлаг байдлаар зохицуулдаг байсан учир хүн бүр түүний тухай төдийлөн сайн мэддэггүй байлаа. Харин 2013 онд багийнхаа үйл ажиллагаанд нээлттэй оролцдог болж, 2014 оны аравдугаар сард Челсигийн гүйцэтгэх захирал Рон Гурлей халагдсаны дараа Марина Грановская багийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд томилогдсоноор хүмүүс түүнийг таньж эхэлжээ.
Тухайн үед Маринаг Английн The Times сонин “Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн хүчирхэг эмэгтэй”, Evening Standard" өдөрт тутмын сонин “Челсигийн жинхэнэ эзэн”, Казахстаны Prosports сайт түүнийг “Дэлхийн хөлбөмбөгийн тэргүүн хатагтай” хэмээн тодорхойлж байжээ.
Тэрбээр солилцоо наймааны тал дээр багийн дасгалжуулагчдаас ч зөвлөгөө авдаггүй нэгэн. Энэ байдлаас нь болж Челсид ердөө хоёрхон улирал өнгөрүүлсэн Антонио Конте “Баг бүх шийдвэрийг бие даан гаргадаг. Миний оролцоо наймааны асуудал дээр гардаггүй” гэж байсан бол ганцхан улирал Челсиг дасгалжуулсан Маурицио Сарри “Удирдлага миний юу хүсч байгааг мэднэ” гэж байжээ.
Яриа хэлэлцээрийн тал дээр төмөр хатагтай
Германы Sport BILD сайт Марина Грановскаяаг “Орчин цагийн хөлбөмбөгийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй бөгөөд хэлэлцээрийн тал дээр хамгийн хэцүүхэн өрсөлдөгч” хэмээн бичсэн байна. Челси багийн ахлагч, домог хэмээн хүндлэгдэх Жон Терригийн багтайгаа байгуулсан гэрээ дуусах болж, шинэ гэрээний талаар ярилцмаар байгаагаа өөрийн хувийн агентаар дамжуулан багтаа мэдэгдэж гэнэ. Хариуд нь Марина Грановская түүнд гурван жилийн гэрээ санал болгон “Гарын үсгээ зур, эсвэл багаас яв” хэмээн ганцхан удаа санал болгох шинэ гэрээ танилцуулж байсан тухай Daily Mail мэдээлж байжээ.
2016 онд Челси дэлхийн спорт хувцас хэрэглэлийн акул Nike компанитай 2032 он хүртэл жилийн 60 сая фунтын гэрээ үзэглэж, багийнхаа түүхэн дэх хамгийн өндөр гэрээг хийхэд Марина тус гэрээн дээр гарын үсэг зурж байв.
Түүний хийж байсан хамгийн анхны том наймаа нь тухайн үедээ дэлхийн шилдэг довтлогчдын нэгд тооцогдож байсан Фернандо Торресыг Ливерпүүлээс 50 сая фунтээр авчирч Английн хөлбөмбөгт рекорд тогтоож байлаа. Ливерпүүл хотын хайртай хүүг багтаа нэгтгэхэд түүнд ердөө нэгхэн өдөр л хангалттай байсан гэдэг.
Мөн тэрбээр Тоттенхэм Хотспур багтай хувийн гэрээгээ байгуулаад, нэгдэх нь тодорхой болоод байсан Виллианыг багтаа урвуулж дөнгөсөн овсгоотой бүсгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд гэрээ нь дуусахад нэг жил үлдсэн, бараг үнэгүй бусад багуудад алдах эрсдэлтэй байсан Бельги ид шидтэн Эден Азарыг Марина Реал Мадрид багт 115 сая еврогоор худалдаж чадсан.
Багт ганц л хүн бий
Челси багийн техникийн захирлаар томилогдсон, тус багийн домог гэж болохуйц Петр Чех энэ үгийг хэлсэн юм. Тэрбээр “Вернерийн наймаа ямар шатандаа явж байгааг хэлмээр л байна. Гэхдээ багт ганц л хүн бий. Тэр хүн ажил хэрэг ямар шатандаа явж байгааг, эсвэл дууссаныг мэднэ. Тэр хүн нь тодорхой, мэдээж Марина” хэмээжээ.
Форбс сэтгүүлийн 2019 оны тавдугаар сард гаргасан судалгаагаар 2003 онд өрөнд ороод байсан энэ баг өдгөө 2.576 тэрбум ам.долларын үнэлгээтэй болж, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн багуудын жагсаалтад зургадугаар байранд бичигдэж байна.
Тэрбээр үнэхээр хөлбөмбөгийг бизнес гэж хардаг нэгэн. Багийн хөгжөөн дэмжигчдийн хайрыг татсан олон тоглогчийг зарж, дасгалжуулагчдыг халж байлаа. Марина асар их эсэргүүцэлтэй нүүр тулсан ч энэ бүхний цаана бизнес, мөнгө яригддаг тул түүнд бусад нь хамаа байхгүй. Хөгжөөн дэмжигчдийн хайрыг татсан тоглогчид болох Оскарыг 60 сая фунтээр, Давид Луйзыг 50 сая фунтээр, Хуан Матаг 37.1 сая фунтээр, багийн ирээдүй гэгдэж байсан залуу авьяастнууд болох Акег 20 сая фунтээр, Кевин де Брюйнег 18 сая фунтээр, Ромелу Лукакуг 28 сая фунтээр, Мохаммед Салахыг 15 сая фунтээр тус тус зарж байв.
Өндөр үнээр тоглогчдыг худалдаж ашиг олохоос гадна хямд үнээр дэлхийн хэмжээний оддыг багтаа элсүүлсэн. Жишээлбэл, Н’коло Кантег 32 сая фунтээр, Диего Коштаг 32 сая фунтээр, Хаким Зиешийг 33.4 сая фунтээр, Цеск Фабрегасын 30 сая фунтээр, Тимо Вернерийг 47.5 сая фунтээр тус тус багтаа элсүүлэн үүнийхээ ачаар Челси түүхэндээ байгаагүйгээр ашигтай ажиллаж эхэлсэн.
Гэвч хожим нь харамсах хэд хэдэн тоглогчийг явуулсан гэдгийг цаг хугацаа хангалттай батлан харуулсан юм.
Марина тоглогчдоос гадна дасгалжуулагчидтай ч учир зүйгээ сайн ололцдог нэгэн. 2014 онд Роман Абрамовичтой таарамжгүй харилцаатай байсан Жозе Моуриньог Челсид эргэн ирэхэд Маринагийн оролцоо их байсан. Тэрбээр өөрийн эзэндээ Моуриньогийн талаар хэлж, багт нь зайлшгүй хэрэгтээ хүн гэдгийг ойлгуулж чадсан юм. Мөн тэр авчирсан шигээ хялбархан явуулж чаддаг гэдгийг Антонио Конте, Жозе Моуриньо болон Маурицио Сарри нарын жишээн дээрээс харж болно.
Өдгөө 45 настай, Канад, Оросын давхар иргэншилтэй, Англи, Орос болон Европын хэд хэдэн улсын хэлийг мэддэг дэлхийн толгой баяны баруун гар Марина Грановскаяаг дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нөлөө бүхий, тэргүүн хатагтай гэж хэлж болно.