Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

Бейрутын хар өдөр

Бейрутын хар өдөр

2020 он хүн төрөлхтний хувьд их сүйрлийн жил болж байна. Шинэ коронавирусийн цар тахал дэлхийн 200 гаруй орны 19 сая шахам хүнд халдварлаж, 700 мянга гаруй хүн нас бараад байгаа энэ хүнд үед Ливанд хар өдөр тохиов. Ливаны нийслэл Бейрут хотод өнгөрсөн Мягмар гариг (2020.8.4)-т том хэмжээний дэлбэрэлт болж, олон зуун хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн гэмтэж бэртсэн юм. Дэлбэрэлт нь Бейрут хотод дайн болсон мэт ул мөр үлдээжээ.

Ливанд 15 жил үргэлжилсэн цуст иргэний дайныг эцэслэж, одоо л энх цаг ирлээ гэх үед дэлбэрэлт болов. Гудамжууд хагарсан шил, барилгын бутархай, гэмтсэн хүмүүсээр дүүрчээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн олонх нь дэлбэрэлтийн улмаас хагарсан шил, шидэгдсэн барилгын хог зэрэгт оногдсон байна. Түүнчлэн аврах ажиллагаанд оролцож байсан 10 гал сөнөөгч сураггүй болжээ.

Дэлбэрэлтийн дараа голомтын бүсэд гал түймэр үргэлжлэн ассаар байсан ч гал сөнөөгчид хүмүүсийг аврахаар ажилласаар байна. Цахилгааны шугам гэмтсэн учраас аврагчид нар жаргахтай уралдан аврах ажиллагаа явуулжээ. Ливаны Эрүүл мэндийн сайдын хэлснээр эмнэлгийн ор, эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ хангалтгүй байгаагаас гэмтэж бэртсэн хүмүүсийг бүгдийг нь эмчлэх боломжгүй байдалд хүрчээ.

Ливаны Ерөнхий сайд Хассан Диаб орон даяар гашуудал зарласан. Бейрут хотын дарга хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар таван тэрбум ам.доллар хэмээн тооцоолжээ. Хотын Марван Аббоуд хэлэхдээ өнгөрсөн Мягмар гаригийн дэлбэрэлт Хирошима, Нагасакад атомын бөмбөг хаясан үйл явдлыг санагдуулсан гэв.

Дэлбэрэлтэд Бейрут хотын дөрвөн эмнэлэг сүйдэж, өвчтөн хүлээн авах боломжгүй болсон ба олон тооны эмч, мэргэжилтэн амь үрэгдэж, гэмтжээ. Эх сурвалжийн мэдээлснээр урьдчилсан мэдээллээр дөрвөн сувилагч, таван эмч амиа алдсан байна. Энэ нөхцөл байдлын улмаас хувийн эмнэлгүүд гэмтэж бэртсэн хүмүүсийг хүлээн авч тусламж үзүүлжээ.

Европын холбооноос Ливанд болсон дэлбэрэлтийн дараах аврах ажиллагаа, сэргээн босголтод зориулан “Иргэний хамгааллын механизм” (CPM)-аа идэвхжүүлжээ. Тус механизмыг идэвхжүүлснээр Европын холбооны гишүүн орнууд Ливанд тусламж үзүүлэх үүрэгтэй. Европын холбооноос мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн 100 гал сөнөөгч, аврагч, техник хэрэгсэл, үнэрч нохой зэргийг эрэн хайх, аврах ажиллагаанд зориулан илгээхээр шийдвэрлэсэн байна.

Аврах ажиллагаанд Нидерланд, Грек, Чех улсаас оролцохоо мэдэгдсэн бол Франц, Польш, Германаас тусламж илгээжээ. Франц улсаас хоёр цэргийн онгоцоор 55 эмч, 15 тонн эмнэлгийн тоног төхөөрөмж, нэг дор 500 хүнд үйлчилгээ үзүүлэх чадалтай зөөврийн эмнэлгээ илгээсэн байна. Тусламжийн нисэх онгоцууд өнөөдөр Ливанд ирнэ.

Дэлбэрэлтэд Бейрут хотод ажиллаж амьдарч байсан гадаадын олон иргэн өртжээ. Мөн Туркийн зургаан иргэн хөнгөн гэмтэл авсныг Гадаад хэргийн сайд нь мэдээлэв. Дэлбэрэлтийн үеэр нэг хятад ажилтан хөнгөн гэмтсэн талаар Ливанд суух Бээжингийн Элчин сайд мэдээлжээ. Түүнчлэн Хятадын Элчин сайдын яамнаас Бейрут хотод оршин суугаа өөрийн орны иргэддээ хандан дэлбэрэлтэд өртсөн барилга нурахаас сэрэмжлүүлсэн байна.

Дэлбэрэлтэд НҮБ-ын түр хүчний байлдааны хөлөг гэмтсэн бөгөөд Хятадын энхийг сахиулагчид хохирлыг тооцох, аюултай зэвсэг, материалыг зөөвөрлөх ажлыг нэн даруй зохион байгуулжээ. Мөн Бейрут дахь Хятадын тусламжийн сангийн барилгын шил хагарсан ба азаар хүн гэмтээгүй аж. Тус сан нь өнгөрсөн 2019 онд Сири болон бүс нутгийн бусад орноос ирсэн дүрвэгчдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Бейрут хотод байгуулагджээ. Тус сангийн барилга нь дэлбэрэлтийн голомтоос хол оршдог бөгөөд олон хятад ажилчид коронавирусийн халдвараас болж нутаг буцсан байжээ.

Одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр 2750 тонн аммонийн нитрат хадгалж байсан агуулахад дэлбэрэлт болжээ. Аммонийн нитрат нь ихэвчлэн халдваргүйжүүлэх бодист хэрэглэгдэхээс гадна тэсрэх бөмбөг үйлдвэрлэхэд ашиглагддаг. Тус бодисыг 2014 онд тээврийн хөлөг онгоцноос хураан авснаас хойш боомт дахь агуулахад хадгалж байжээ. 2750 тонн аммонийн нитрат нь тэсрэх бөмбөгийн 40 хувийн хүчтэй тэнцэх хэмжээний дэлбэрэлт үүсгэсэн байна.

Мөн дэлбэрэлт эргэн тойрондоо 4.5 магнитудын чичирхийлэл үүсгэсэн байна. Дэлбэрэлтийн гал агаарт өтгөн хий ялгаруулсан ба хүний биед хор хөнөөл учруулах эрсдэлтэй. Дэлбэрэлтийн чичирхийлэл 250 км зайтай орших хөрш Кипр улсад мэдрэгдсэн бөгөөд Бейрут хот даяар олон тооны барилга нурж сүйджээ. Дэлбэрэлт болсон агуулахыг тойроод олон хүн цугладаг ресторан, шөнийн клубууд дүүрэн, бизнес дүүрэг үйл ажиллагаа явуулдаг байв. Христийн шашинтнууд голдуу оршин суудаг хөрш дүүргийн тал хэсэг сүйджээ.

Бейрут нь Ливан төдийгүй Газар дундын тэнгисийн бүс нутаг дахь чухал боомт хот. Тус боомтоор дамжин Алс зүүн хязгаараас Европ руу бараа тээвэрлэдэг. Гэвч дотоодын зөрчил, дайнаас болж Бейрут боомт хурдацтай хөгжиж чадахгүй байгаа аж. Дэлбэрэлтийн улмаас хөлөг онгоцууд Газар дундын тэнгис дэх өөр боомтуудаар үйлчлүүлэх хэрэгтэй болсноор Бейрут дахь бизнесүүдэд нөлөөлөх гэнэ. Гэхдээ олон улсын худалдаа наймаанд дэлбэрэлт ноцтой нөлөөлөхгүй.

Эдийн засгийн уналт, улс төрийн хямрал, коронавирусийн цар тахлын нөхцөл байдалд хэдийнэ туйлдсан Ливаны ард иргэд дэлбэрэлтийг тэнгэрийн шийтгэл гэж үзэж байна. Тэд улс орноо олигтой удирдан чиглүүлж чадахгүй байгаа эрх баригчдыг тэнгэрээс шийтгэлээ гэцгээж буй аж. Түүнчлэн тэсрэмтгий, аюултай материалыг яагаад боомтод хадгалж байсныг тайлбарлахыг албаныхнаас шаардах юм байна.

Өмнө нь 1947 онд АНУ-д 2000 тонн аммонийн нитрат тээвэрлэж явсан хөлөг дээр гал гарснаас Техас хотын боомт дэлбэрэлтэд өртөж байв. АНУ-ын түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан тус аж үйлдвэрийн ослоор 581 хүн амь үрэгджээ.

Түүнчлэн террористууд тэсрэмтгий материал ашиглан халдлага үйлдэх нь элбэг. Тухайлбал, 1995 онд Оклахама хотын холбооны удирдах барилгад хоёр тоннын аммонийн нитрат ашигласан тэсрэх бөмбөг дэлбэлснээр 168 хүн амь үрэгдэж байв. Тиймдээ ч АНУ-ын талаас тус дэлбэрэлтийг халдлага байх магадлал өндөр хэмээн Ерөнхийлөгч Трамп мэдэгдэж, үүнтэй тус улсын армийн удирдлагууд ч санал нийлж байгааг хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж