Хятад ногоо зах зээлээс шахагдаж, монгол ногоо эргэлтэд орлоо

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

Хятад ногоо зах зээлээс шахагдаж, монгол ногоо эргэлтэд орлоо

Хятад ногоо зах зээлээс шахагдаж, монгол ногоо эргэлтэд орлоо

Жил бүрийн өдийд шинэ ургацын ногоо худалдаанд гарч, нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг хангаж эхэлдэг. Энэ жил хүнсний ногооны үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар өчигдөр /2019.08.05/ "Барс” захаар орлоо. Тус зах хөл хөдөлгөөн харьцангуй багатай, иргэдийн худалдан авалт муу байгаа нь илт. Ногооны худалдагчид “Дуртай ногоогоо 50, 100 төгрөг хямдруулаад аваарай” гэсээр угтсан юм. Лангуун дээр лууван, байцаа, төмснөөс гадна өргөст хэмх, улаан лооль, бууцай, хулуу, гоньд зэрэг нарийн ногоо өнгө алаглан харагдана. "Барс” захад ихэвчлэн Төв аймгийн Жаргалант сумын ногоо худалдаалагдаж байна.

Нийслэлийн Статистикийн газрын долдугаар сарын 29-ний өдрийн мэдээлэлд “Монгол төмс 2045 төгрөг, монгол лууван 2444 төгрөг, байцаа 2920 төгрөгт хүрч, үнэ нь өссөн бол манжин 3129 төгрөг болж үнэ нь буурсан” гэж дурджээ.  Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард  нэг килограмм нь 1058 төгрөгөөр зарагдаж байсан монгол төмс долдугаар сарын эхээр 1700 төгрөг, долдугаар сарын сүүлээр 2045 төгрөгт хүрсэн юм. Тиймээс хүнсний ногооны үнэ тэнгэрт хадсан нь худалдан авагчдыг багагүй бухимдуулсан. Тэгвэл шинэ ургацын ногоо худалдаанд гарснаар үнэ нь  харьцангуй буурчээ. 

ТӨМС ЯМАР ҮНЭТЭЙ ЮМ БЭ, ХЭЗЭЭ ҮНЭ НЬ БУУХ ВЭ?

Тухайлбал, шинэ ургацын монгол төмс нэг килограмм нь 1500 төгрөг, лууван 2500 төгрөг, байцаа 1500 төгрөг, хүрэн болон шар манжин 3500 төгрөг, хятад сонгино 2500 төгрөгийн үнэтэй байлаа.

Энэ нь өмнөх өдрийнхөөс 100-200 төгрөгөөр хямдарсан болохыг худалдагч нар хэлсэн юм. Ерөнхийдөө, сонгиноос бусад хятад ногоо дотоодын зах зээлээс шахагдаж, монгол ногоо эргэлтэд орж эхэлжээ.

Хэдийгээр өнгөрсөн сартай харьцуулахад төмс, ногооний үнэ бага зэрэг буурсан гэж худалдагч нар тайлбарлаж буй тус захаар үйлчлүүлж буй худалдан авагч нар  “Төмс ямар үнэтэй юм бэ”, “Хэзээ үнэ нь буух вэ” хэмээн асуух, бухимдах нь сонсогдов. "Барс"-ын наймаачид  “Жил бүрийн 6-7 сард ногооны үнэ өсч, наймдугаар сард үнэ нь буурдаг шүү дээ. Гэхдээ одоогоор хүнсний ногооны үнэ тогтворжих арай болоогүй байна. Зах, лангуугаар зарж байгаа шинэ ургацын ногоо бол түүвэрлэж хураасан, эрт ургацын ногоо. Намар гэхэд хүнсний ногооны үнэ тогтворжиж, өмнөх жилүүдийнхээ үнэтэй ойролцоо болно. Төмс нэг килограмм нь 1000 төгрөгт хүрнэ шүү дээ”  гэж учирлаж зогсох.

"ТҮҮВЭРЛЭЖ ХУРААСАН, ЭРТ УРГАЦЫН ТӨМС УЧРААС ҮНЭТЭЙ БАЙГАА"

“Барс” захын гадна талд байрлах бөөний төвөөр ороход төмс килограмм нь 1300 төгрөг байлаа. Бөөний төвийн худалдагч “Ногооны ханш өдрөөс өдөрт унаж байна. Өглөө, өдөр, орой ч ханш буурдаг. Шинэ ургацын лууван бөөндөө килограмм нь 2000 төгрөг бол өнгөрсөн жилийн ургац 600 төгрөг боллоо. Монгол сонгино килограмм нь 2000 төгрөг, шинэ ургацын хүрэн байцаа килограмм нь 1200 төгрөг байна. Хуучин ургацын манжин, төмс, сонгино дууссан. Өдөр ирэх тусам шинэ ургацын ногооны бөөний үнэ буурна. Үүнийг дагаад лангуун дээрх ногооны үнэ хямдраад л байна. Зах, лангуугаар зарж байгаа шинэ ургацын ногоо бол түүвэрлэж хураасан, эрт ургацын ногоо. Бүгдийг нь гараар түүсэн байдаг юм шүү дээ. Удахгүй бүх ургацаа  трактороор хурааж эхэлнэ. Тэгэхээр намар төмс болон бусад хүнсний ногооны үнэ тогтворжиж, өмнөх жилүүдийнхээ үнэтэй ойролцоо болно” гэлээ.

Үүнээс харахад импортын хүнсний бүтээг­дэхүүний хэмжээ буурснаар үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний эрэлт сайжрах боловч нөгөө талдаа хүнсний ногоо ялангуяа улирлын чанартай хүнсний ногооны үнэ өсч, хэрэглэгчдэд үнийн дарамт нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Хүнсний ногооны импортын татварыг нэмэгдүүлснээр гадаадаас худалдан авч буй бүтээгдэхүүний үнэ өсөн, зах зээл нь хумигдан, дотоодын үйлдвэрлэгч, газар тариалан эрхлэгчдийг дэмжинэ хэмээн ХХААХҮЯ-ныхан тооцжээ.

ИРЭХ НАМАР ТӨМС, БУУДАЙГААР ДОТООДДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ БҮРЭН ХАНГАНА

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжил, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.БОЛОРЧУЛУУН:

-Хүнс үйлдвэрлэлийн салбар дахь импортын хамаарлыг бууруулах, эх орны бүтээгдэхүүнээр зах зээлээ хангахад дэмжлэг үзүүлэх нь төрөөс баримтлах үндсэн бодлого. Манай улс төмс, лууван, шар манжинг дотоодоосоо бүрэн хангадаг. Харин бусад төрлийн болон нарийн ногоо, жимс, жимсгэнийн нийт хэрэглээний 70 орчим хувийг импортолдог. Хүнсний ногооны тариалалтын хувьд цар тахлын улмаас экспорт, импортыг зогсоосон энэ үед дотоодоосоо хангах зорилготой байгаа боловч нэг жилийн дотор бүх төрлийн хүнсний ногоог дотооддоо тариалж, хангана гэдэг хэцүү ажил. Гэхдээ хүнсний ногоог энэ жилд багтаан 1500 орчим га талбайгаар, таримал жимснийхээ хэмжээг 1000 га талбайгаар нэмэгдүүлье гэсэн зорилт тавиад ажиллаж байна.

Хэрэв бид төлөвлөсөн ургацаа авч чадвал ирэх намар төмс, буудайгаар дотооддын хэрэгцээгээ бүрэн хангана гэж ойлгож болно. Энэ жилдээ 460 гаруй мянган тонн хүнсний улаан буудай, 100 гаруй мянган тонн хүнсний ногоо, 160-170 мянган тонн төмс хураан авна гэж төлөвлөсөн. Энэ хэмжээндээ ургацаа хурааж чадвал дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Ер нь бүх төрлийн таримлын ургацыг өсгөх зорилгоор энэ онд улсаас жилийн гурван хувийн хүүтэй, 150 тэрбум төгрөг олгох юм. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд өвлийн хүлэмж барих дэмжлэг үзүүлж, ийм хүлэмж бүхий талбайн хэмжээг 20 га-гаар нэмнэ. Ингэснээр өвлийн хүлэмжийн одоо ашиглаж буй хэмжээг бараг хоёр дахин тэлнэ. Гэхдээ татвар нэмсэн даруйд гадаад худалдан авалт багасч, үндэсний үйлдвэрлэгчдийн тариалалт, нийлүүлэлт өснө гэж ойлгож болохгүй. Дотоодын хангамж аажмаар өргөжин, яваандаа хүнсний зарим ногооны импорт тэглэгдэх байх.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж