Хийлч Ванесса Мей өвлийн олимпод оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Хийлч Ванесса Мей өвлийн олимпод оролцоно

Тайландын нэрт хийлч Ванесса Мей 2014 онд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн уулын цанын төрөлд өрсөлдөх гэж буй талаар Тайландын Bangkok Post сонинд мэдээлжээ. Өдгөө Британид ажиллаж, амьдарч буй тэрбээр Тайландын үндэсний олимпийн хороонд хүсэлт тавьж, өвлийн олимпод оролцох цанын шигшээ багт өөрийг нь багтааж өгөхийг хүссэн байна. Багагүй хугацаанд уулын цанын спортоор хичээллэж байсан түүнийг олимпийн наадамд оролцохыг олимпийн хорооны зүгээс “ногоон гэрэл”-ээр зөвшөөрсөн гэнэ.

Ванесса Мей өдгөө Британийн иргэншилтэй боловч аав Ворапонг Ванакорн нь Тайландын иргэн учир Ванесса Тайландын нэрийн өмнөөс олимпийн наадамд оролцох боломжтой аж. Bangkok Post сонинд мэдээлснээр Ванесса одоо ч гэсэн Тайландын пасспорттой гэнэ.

Тэрбээр өмнө нь 2002 оны өвлийн олимпод Тайланд улсыг төлөөлөн цанын төрөлд оролцох хүсэлт тавьж байсан ч тухайн үед хоёр улсын иргэншилтэй учир олимпийн наадамд оролцуулахгүй хэмээн Тайландын талаас татгалзсан хариу өгч байжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж