БНСУ-ын Чүнбүг мужийн Чонжү хотод оршин суудаг хоёр узбекистан эр коронавирусийн халдвар авчээ. Хамгийн гол нь тэрхүү хоёр эр халдвар авсан гэдгээ мэдэхээс өмнө олон хоногийн турш гадуур явж, маш олон байгууллагаар үйлчлүүлсэн нь ноцтой аюултай нөхцөл байдал үүсгээд байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар халдвар авсан гэх 20-иод насны хоёр гадаад иргэний шинжилгээний хариу өчигдөр/2020.08.04/ гарсан аж. Халдвар авагсдын нэг болох А нь гурван жилийн өмнө БНСУ-д ирсэн бөгөөд өдгөө нутгийнхаа дөрвөн хүнтэй хамт байр хөлслөн амьдардаг. Хамт амьдарч байсан хүмүүсийнх нь нэг болох Б нь хоёр жилийн өмнөөс А-тай хамт амьдарч байгаа төдийгүй хамтдаа гадуур явж байгаад халдвар авчээ.
А, Б хоёр толгой өвдөх, халуурах, амт мэдрэхээ болих, хоолой хатах зэрэг шинж тэмдэг илэрсэнд мужийн эрүүл мэндийн төвд хандсан аж. Холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж тэдэнтэй хавьталд орсон хүмүүсийг хайж эхэлжээ. Гэвч хоёр эр маш олон газраар үйлчлүүлсэн тул хавьтагчдыг илрүүлэх ажил хэцүүгээс гадна маш олон хавьтагч илэрч болзошгүй айдас дагуулаад байгаа гэнэ.
Тухайлбал А, Б хоёр Жи март, Бургер кинг, Покет биллиардны клуб, Лий кафе, нийтийн саун зэрэг үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлсний дунд Чингис хаан хэмээх монгол хоолны ресторан байсан гэнэ.
Хэдийгээр хоёр эр гадуур явахдаа амны хаалт тогтмол зүүсэн гэх боловч нийтийн саунд орохдоо, хоол идэхдээ амны хаалтаа тайлсан нь тодорхой юм. Мөн нийтийн саунд камер байхгүй тул чухам ямар хүмүүстэй ойроос харьцсаныг тогтоох аргагүйгээс гадна маш олон хүн тус саунаар үйлчлүүлдэг нь албаныхны санааг маш их зовоож байна.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ