Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 5 дахь удаагийн уулзалтыг видео хурлын хэлбэрээр 8 дугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, хятадын талаас Гадаад хэргийн дэд сайд Луо Жаохуй даргалан оролцов.
ГХЯ-д хооронд дэд сайдын түвшинд жил бүр хийдэг энэхүү яриа хэлэлцээний механизмаар хоёр улсын харилцааны хөгжлийг дүгнэж, ойрын хугацааны зорилт, томоохон арга хэмжээний талаар ярилцахын зэрэгцээ бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцдог.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны дэд сайд нар хоёр тал Монгол-Хятадын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгийг нотолж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Дэд сайд нар Ковид-19 цар тахалтай хамтран тэмцэх явцад хоёр улсын Засгийн газар, ард иргэд харилцан тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэн нь хоёр талын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг тэмдэглээд вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлийн хамтын ажиллагааг хоёр болон олон талын шугамаар цаашид ч гүнзгийрүүлэх нь цар тахлын тархалтыг зогсооход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.
Талууд хоёр талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн тулд бүх түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны гол механизмуудын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцов.
Б.Мөнхжин дэд сайд Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр дэвшүүлж буй зорилтуудыг танилцуулж, цар тахлын улмаас улс орнуудын эдийн засгийн байдал хүнд буй энэ цаг үед хоёр улсын худалдааны эргэлтийг аль болох нэмэгдүүлж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг сэргээх нь чухал байгааг тэмдэглэв. Хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлж, иргэд, бизнес эрхлэгчид зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх зэргээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн авч, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд боломжтой дэмжлэгийг үзүүлэхээ Луо Жаохуй дэд сайд илэрхийлэв.
Дэд сайд нар Монгол-Орос-Хятадын гурван талын хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг урагшлуулах талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.