Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2020.08.05/ Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцээд дэмжсэн байна. Төсөвт тодотголоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Коронавирусээс болж, дэлхийн эдийн засаг 5-6 хувиар унахаар байгаа. Эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд дээрх дүнг танилцуулсан.
Эдийн засаг агшихаар байгаа ч 2021 онд эдийн засаг 5-7 хувиар өснө гэдэг тооцоо мөн гаргасан. Иймээс дэлхийн судалгааны байгууллагаас гаргасан дүнд үндэслэн Монгол Улсын эдийн засгийн төлөвийг Сангийн яам хийж, Засгийн газарт танилцууллаа.
Монгол Улсын төсөвт тодотгол хийх төслийг боловсруулахдаа хэд, хэдэн зарчим баримталлаа. Нэгд, аж ахуй нэгж, иргэдэд үзүүлж байгаа дэмжлэгийг үргэлжлүүлнэ. Хоёрт, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх зардлыг нэмэгдүүлэх зарчим баримталсан. Гуравт, экспортын орлого голлож буурч байгаа тул нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авна. Дөрөвт, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахын тулд энэ жил гэрээ байгуулж амжаагүй, ажил нь эхлээгүй хөрөнгө оруулалтын ажлыг цуцлах, санхүүжүүлэх дүнг бууруулах зарчим баримталсан.
- Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгодог арга хэмжээ энэ оны аравдугаар сарын 1-нд дуусах байсныг он дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
- Нийгмийн халамжаас тэтгэмж авдаг хүмүүст олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн нэмэгдэл он дуустал үргэлжилнэ. Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгоно.
- Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн зохицуулалт аравдугаар сарын 1-нээс дуусч байсныг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь төлж байхаар зохицуулалт хийлээ. Ингэснээр дарамт 50-60 хувь буурна.
- Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас бага аж ахуйн нэгжийг ААНОАТ-ыг тэглэх арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.
- Түрээсийн төлбөрөө хөнгөлж байгаа аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдох татварыг тэглэнэ. Ингэснээр 25 мянган орчим бизнес эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ.
- Эрүүл мэндийн салбартай холбоотой хил гаалийн болон НӨАТ-ыг тэглэх арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.
Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн он дуустал олгоход 322 тэрбум, НДШ-д хөнгөлөлт үзүүлэхэд 144 тэрбум шаардлагатай болсон, энэ бүхнийг шийдвэрлэсэн. ААНОАТ-ыг тэглэхэд 105 мянган аж ахуй нэгжид нөлөөлдөг гэлээ.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хамгаалах хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгсэлд 71 тэрбум, улирлын томуугийн вакцин хийхэд 22.3 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгасан байна.
Халдвар тээгч нартай нүүр тулан ажиллаж буй эрүүл мэндийн болон бусад салбарын ажиллагчдын цалин, илүү цагийн хөлс нэмж өгөхөд шаардагдах зардал. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори, тоног төхөөрөмжид 3 тэрбум төгрөг суулгасан байна.
Монгол Улсын 2020 оны төсвийг тодотгохдоо алдагдал алдагдал 3.8 их наяд төгрөг байхаар тооцжээ. Энэ нь ДНБ-ийн 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого эхний зургаан сард 2 их наядаар буурсан, цар тахалтай холбоотой татваруудыг тэглэсэнтэй холбоотой 3.4 их наядаар орлого тасарсан зэрэг нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ