“Монгол дэлхийн аялал жуулчлалын идэвхтэй тоглогч болно”

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

“Монгол дэлхийн аялал жуулчлалын идэвхтэй тоглогч болно”

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Испанийн Вант Улсын Мадрид хотноо НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төвд ажлын айлчлал хийсэн байна. Энэхүү айлчлалаар Монгол Улс цаашид аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хэрхэн хангах, дэлхийн болон бүс нутгийн интеграцчилалд хамрагдах, олон улсын хамтын ажиллагаанд оролцох стратеги болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах ойрын 10 жилийн алсын харааг тодорхойлох зэрэг асуудлууд дээр санал солилцон тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал, Аялал жуулчлалын тандалт, судалгааны төвийг /Tourism observatory/ Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/-ын тусламжтайгаар анх удаа Монголд байгуулахаар тохиролцсон байна. Энэхүү төв нь аялал жуулчлалаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, жуулчны статистик тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан үүсгэх зорилготой.  Мөн "Нүүдэлчдийн аялал жуулчлал" сэдэвт дэлхийн аялал жуулчлалын анхдугаар форумыг ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо ДАЖБ-тай хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү форумд аялал жуулчлалын сайд,  өндөр хэмжээний зочид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл,  эрдэмтэн судлаачдын оролцоог хангах үүргийг ДАЖБ хүлээсэн юм. "Нүүдэлчдийн аялал жуулчлал" форумыг зохион байгуулснаар "Нүүдэлчдийн замаар аялахуй" аялалын брэндийг хөгжүүлэн түүний манлайлагч орон байх, олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц аялалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх өргөн боломж бий болох юм. Түүнчлэн дэлхийн аялал жуулчлалын хөгжлийг Монгол Улсад хэлэлцэх гэж буй нь  томоохон маркетинг болох ба Монгол Улсыг олон улсад хурлын өмнө болон дараа нь сурталчлах өргөн бололцоо бүрдэнэ гэж салбарынхан тооцжээ. Учир нь айлчлалын үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифай Монгол Улс  Дэлхийн аялал жуулчлалын салбарын томоохон тоглогчийн нэг болох бүрэн боломжтой бөгөөдэнэ зорилгод хүрэхэд дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Монгол Улс CNN, National Geographic зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийн хамгийн зорин очиж, сонирхох газар  нутгийн нэг хэмээн зарласан нь цаашид Монгол Улс дэлхийн ирээдүйтэй аяллын нэг төв болох боломж бүрдэж буйг Нүүдлийн аялал жуулчлал харуулж байна гэдгийг дэлхийн аялал жуулчлалын салбарынхан онцолжээ. Өөр нэг төлөвлөсөн ажил нь аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулах, олон улсын төлөвлөгөөтэй уялдуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр тогтжээ. Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх тал дээр техникийн тусламж үзүүлэх талаар санал солилцсон байна.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж