“Эх орондоо ирэх зардлаас мөнгө үлдвэл сайн үйлсэд зарцуулна”

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

“Эх орондоо ирэх зардлаас мөнгө үлдвэл сайн үйлсэд зарцуулна”

“Эх орондоо ирэх зардлаас мөнгө үлдвэл сайн үйлсэд зарцуулна”

Африк тивийн Нигери улсын “Owerri imo state” хэмээх газарт Т.Оюуномин гэх монгол эмэгтэй таван сар гаруй хугацаанд ганцаараа гацаж, таньж мэдэх хүнгүй хэцүү байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлсэн.

Удалгүй уг эмэгтэй өөрийн нүүр хуудсаараа дамжуулан хандив гуйснаар сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар 3397 ам.доллар цугларч, наймдугаас сарын 4-ний тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх боломжтой болсон. Гэвч түүний суух тусгай үүргийн онгоцны нислэг түр хойшлогдоод байгаа ажээ. Ингээд түүнтэй цахимаар холбогдож ярилцлаа.


аны хувьд Нигери улсад ямар зорилгоор, хэзээ очсон бэ. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Т.Оюуномин гэдэг. Би Африк тивийн Нигериа улсад цар тахлын улмаас таван сар гаруй хугацаанд ганцаараа гацсан. Би тэнд өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хувийн ажлаар очсон юм. Тэнд коронавирусийн халдвар гарснаас хойш хөл хорио тогтоож, бүх үзвэр үйлчилгээний газруудыг хаасан. Мөн замын хөдөлгөөнийг хүртэл хорьсон. Долдугаар сарын дундуур орон нутаг хоорондын нислэг хийхийг зөвшөөрч эхэлсэн. Харин улсынхаа хилийг нээгээгүй. Миний сонссоноор ирэх аравдугаар сард хилээ нээхээр төлөвлөж байгаа юм билээ. Тиймээс одоо зөвхөн тусгай үүргийн онгоц л нислэг хийж байгаа.

Нигери улсад гацсан гадаад иргэдийн нөхцөл байдал ямар байна вэ. Хилээ нээсэн үү?

-Африк тивд өмнө нь эбола вирус дэгдэж байсан болохоор бусад улс орныг бодвол арай туршлагатай санагдсан. Бүр авто замын хөдөлгөөнийг хаахад иргэд нь шууд хүлээж авч байсан. Нигери улсад гацсан гадаад иргэдийн хувьд нөхцөл байдал хүнд байсан. Гэртээ харих гэхээр онгоцны нислэг байхгүй.

Тусгай үүргийн онгоцонд сууя гэхээр өндөр өртөгтэй, оочер дугаар ихтэй байсан. Мөн ази хүмүүсийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш гадуурхах байдал ажиглагдсан. Хэдийгээр өөрийгөө Монгол Улсын иргэн гэж хэлсэн ч “корона” гэж дуудах жишээтэй. Гэхдээ миний байгаа хотод монгол хүн байтугай ази хүн ховор байсан. Энэ мэт асуудлаас гадна ажил хийх боломжгүй хүндхэн нөхцөл байдалтай байлаа.

-Нигери улсаас Турк руу нисэх нислэг нь хойшлогдсон гэж дуулсан. Одоо хаана амьдарч байгаа вэ?

-Миний хувьд наймдугаар сарын 4-ний тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэхээр Лагос хотоос Турк руу нисэх гэж байсан ч нислэг хойшлогдсон. Өнгөрсөн сард билетээ захиалаад удаагүй байхад Нигери улсын Лагос хотод улсад амьдардаг монгол гэр бүл надтай холбогдож “Чиний нислэгт асуудал гарч, туслалцаа хэрэг болбол манайд хүрээд ирээрэй” гэсэн. Би одоо тэр сайхан сэтгэлт нутаг нэгтнийдээ түр амьдарч байна.

Нөхөр нь тус улсын “Nile University of Nigeria” сургуульд мэдээлэл технологийн  хэлтсийн даргаар ажилладаг бөгөөд хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Тэд маань надад маш их тусалж, дэмжиж байна. Дашрамд хэлэхэд, энэ сайхан сэтгэлтэй Д.Бахут ахынхаа гэр бүлд маш их талархаж байгаагаа илэрхийлье.

-Олон нийтийн сүлжээгээр дамжуулан эх орондоо харих зардлаа цуглуулж чадсан. Цуглуулсан мөнгө нь хүрэлцэж байгаа юу?

-Миний хувьд эх орондоо буцах зардлаа маш олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар олж чадсан. Миний нөхцөл байдлыг олон нийтийн сүлжээгээр мэдээлж өгсөн Ц.Уянга эгчдээ баярлалаа. Мэдээж тооцоолсноос гадуур зардал гаралгүй яахав. Гэртээ очих хүртлээ гамтай мөнгөө зарцуулна. Магадгүй цуглуулсан мөнгөө сайн хэмнэж чадвал 100-200 ч хамаагүй үлдсэн мөнгөө асрамжийн төв юм уу хүүхдийн төвд хандивлахаар төлөвлөж байна.

-Эх орондоо ирэхийн тулд ямар төлөвлөгөөг гаргаад байна вэ?

-Би одоо наймдугаар сарын 15-ны Истанбул орох онгоцонд багтаж суухаар төлөвлөж байна. Уг нь Египетийн Кайр дахь Элчин сайдын яамны ажилтан өчигдөр хэлэхдээ  “Наймдугаар сарын 8-ны онгоцонд миний нэрийг багтсан” гэж хэлсэн боловч 4-ний нислэг хойшлогдсон учраас тэр онгоцонд амжиж сууж чадахгүй болсон. Тийм учраас Истанбулаас Улаанбаатар орох наймдугаар сарын 20-ны тусгай үүргийн онгоцонд багтааж өгөх хүсэлтийг дахин тавиад байна.

Улсын онцгой комисс болон Гадаад харилцааны яам миний нөхцөл байдлыг харгалзан үзэж, нааштай хариу өгнө гэдэгт итгэж байна. Надад тусалж дэмжиж, урам зориг хайрлаж буй монголчууддаа баярлалаа. Удахгүй эх орондоо очно гэж бодохоор сэтгэл догдлоод нэг өдөр, нэг цаг ч удаан өнгөрч байх шиг санагдана.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ЗөвЗөв
32
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
9
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж