
Ерөнхийлөгч Ё.Накагаки, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг Япон Улсын Засгийн газрын урилгаар айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын судалгаа хийж, хамтран ажиллаж ирснээ дурьдлаа.
Японы хувийн хэвшлийн компаниудыг нэгтгэж, нүүрсний хайгуулаас олборлох, худалдан борлуулах хүртэлх үйл ажиллагаа явуулахад хувийн хэвшлээ дэмжиж ажилладаг тус байгууллага 2004 онд Зүүн бүс, 2005 онд Багануур, Шивээ Овоогийн нүүрсний уурхайд судалгаа хийсэн байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Япон хоёр улсын төрийн байгууллагууд хамтран ажиллахын зэрэгцээ хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх нь хоёр орны Засгийн газрын хийх ёстой ажил гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр мөн Монгол Улсын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тавьж буй зорилгын талаар ерөнхийлөгч Накагакид тодорхой тайлбарлав.
Монгол Улсаас нүүрсний чиглэлээр ажилладаг мэргэжилтэй боловсон хүчнийг сургахад анхаарч ирсэн гэдгээ Ерөнхийлөгч Ё.Накагаки хэлээд цаашид ч ийнхүү сургалтад хамруулж, хөрөнгө оруулан, техник, технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уулзалтын төгсгөлд хэллээ.
Түүнчлэн энэ өдөр Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг, эрчим нь хүчний агентлагийн дарга Т.Ишидатай уулзаж, Тавантолгойн орд газрыг ашиглах, хөгжүүлэх талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.
Өдөр тутмын Никкей сонинд ярилцлага өглөө
Японы өдөр тутмын Никкей сонины урилгаар Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт тус сонины харъяа Эдийн засгийн судалгааны төвд зохион байгуулсан семинарт илтгэл тавилаа. Түүний илтгэл “Монголын уул уурхайн бодлого, Япон Монголын харилцаа” сэдвээр өрнөв. Сайд Д.Зоригт илтгэлдээ, “Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын үе 2009 оныг эс тооцвол Монгол улсын эдийн засаг сүүлийн 5 жилд дунджаар 9 хувийн өсөлттэй байсан нь 70-аад оны Япон Улсын 8-9 хувийн өсөлтийн хурдтай адил байна.
Уул уурхайн салбараас манай улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр жилээс жилд өсөн нэмэгдэж 2009 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 22,1%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 65,4 %, экспортын бүтээгдэхүүний 80%-ийг тус тус эзэлж байгаа нь тус салбар нь эдийн засагт ач холбогдол өндөртэй гол салбар болохыг харуулж байна.
Ашигт малтмалыг түүхийгээр гаргахаас татгалзан аль болох боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан гээд саяхан УИХ-аас Таван толгойн нүүрсний ордыг ашиглах талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталж, энэхүү ордыг түшиглэн нүүрсний баяжуулах болон боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх эхлэлийг тавиад байна.
Үүний зэрэгцээ мөнгө, төмрийн хүдэр, ураны зэрэг бусад ордуудын хөрөнгө оруулалтын саналуудыг улс орнуудаас хүлээн авсаар байгаа бөгөөд Японы тал уран, төмрийн хүдрийн хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр ажиллах сонирхлоо бидэнд илэрхийлээд байгаа нь манай хоёр орны уул уурхайн эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт, технологи дамжуулалт, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэргээр хамтран ажиллах боломжтойг харуулж байна. Бидний зүгээс ч цаашид томоохон ордуудын олборлолт, боловсруулалт, тэдгээрт шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр та бүхэнтэй хамтран ажиллах өргөн боломж бололцоо байгааг илэрхийлэхэд таатай байна” хэмээн өгүүлсэн.
Мөн Монгол-Японы эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах Зөвлөлдөх хороо хоёр улсын холбогдох яамдын хоорондын ажиллаж байгаа нь чухал ач холбогдолтойгоос гадна хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хоёр орны хооронд “Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээр байгуулах асуудал яригдаж байгаа нь олон талын боломжийг бодит ажил болгох, хөрөнгө оруулалт, худалдааг аливаа саад бэрхшээл багатайгаар явуулах, хамтын ажиллагааны шинэ боломжийг бүрдүүлэхэд ач холбогдолтой алхам болох боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт илтгэл тавьсны дараа оролцогчид монголын эдийн засаг, уул уурхай болон бусад сонирхсон чиглэлээр асуулт тавьж, хариулт авлаа.
Түүнчлэн Сайд Д. Зоригтоос эдийн засгийн өдөр тутмын Никкей сонины тоймч ярилцлага авсан юм. Японы өдөр тутмын Никкей сонин нь эдийн засгийн сэдвээр уншигчдадаа үнэн зөв, шуурхай мэдээлэл өгдөг гэж үнэлэгддэг, өдөр тутмын зургаан сонины нэг бөгөөд дэргэдээ Эдийн засгийн судалгааны хүрээлэнг байгуулж ажилладаг болжээ. “Энэхүү хүрээлэнд илтгэл тавьж, ярилцлага хийсэн анхны монгол хүн нь сайд Д.Зоригт боллоо” гэж ерөнхийлөгч Ж.Арай хэлж байлаа.