Амьд үлдэх Монголын боломж

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Амьд үлдэх Монголын боломж

Амьд үлдэх Монголын боломж

Гадаадад гацсан монголчуудын асуудлаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа АТГ-т ханджээ. Шалтгаан нь эх орондоо ирэхийг хүссэн иргэдээс УОК авлига нэхсэн, өгсөн тухай. Хэн, хэнээс яг хэдэн төгрөгийн авлига авсан ба өгсөн баримт, нотолгоо одоогоор алга. Бий бол албан тушаалаа урвуулан ашигласан эрүүгийн хэрэг болно. Ийм адгийн авлигачин байвал шүүхээр шийтгэх нь зүйн хэрэг. Байхгүй бол гадаадад гацагсдыг ашиглаад дотоодод байгаа улстөрчид улс төр хийх нь утгагүй.  Товчхондоо, бусдын зовлонгоор мөнгө хийх, улс төр хийх адилхан увайгүй үйлдэл гэсэн үг.

Бүтэн найман сар чимээгүй суусан Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэт “сайн хүний дүрд хувирч”, долдугаар сарын 30-нд  Засгийн газрын зарим гишүүдтэй уулзахдаа гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг өргөн хүрээнд үргэлжүүлэх, тусгай нислэгийн давтамжийг  нэмэгдүүлэхийг үүрэг болгосон. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны сонгуулийг  угтсан улс төр гэхэд буруудахгүй. Үндсэндээ ҮАБЗ-ийн дарга гадаадад байгаа иргэдээ эх оронд нь  яаралтай татан авчрах асуудлыг өргөн хүрээнд үргэлжлүүлэх хүсэлтэй байсан бол өөрийн хувь эзэмшдэг Баянгол зочид буудлаа суллаж өгөөд үлгэрлэх ёстой баймаар. Ядаж л хойтонгийн сонгуулийн шоу болох юм даа. Хурандаа Б.Ууганбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “тусгаарлах байр хүрэлцээгүй, монгол эзэнтэй буудлууд хүлээж авахгүй байгаа” гэж онцолсон байсан.

Цар тахал бол үнэндээ өвчин биш дайн. Дайнд яаж ялах нь чухал биш хохирол багатай ялах нь чухал.

Дэлхий нийт цар тахлын хөлд нэрвэгдэж, хөл хориотой найман сарыг өнгөрөөжээ. ДЭМБ-аас өнгөрсөн нэгдүгээр сард Хятадад шинэ төрлийн вирус дэлгэрсэн тухай албан ёсоор мэдээлснээс хойш хүн төрөлхтөн цар тахлыг ялж чадаагүй, хүчин мөхөдсөн, ковид-19 оньсого хэвээр байна. 695 мянган хүнийг авч одсон цар тахлын аюул хэзээ намжих, улс орнууд вакцин гаргаж чадах эсэх, дэлхий урьдын хэвэндээ орох үгүйг бурхан, чөтгөр хоёр ч үл мэднэ.

Ийм нөхцөлд хилээ шууд нээх нь “тахлыг тавтай морил” гэсэнтэй бараг ялгаагүй.

Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 293. Бүгд гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн. Одоогоор /одоогоор шүү/ дотооддоо халдвар алдаагүй цорын ганц улсаар нэрлэгдэж байна.  Иргэд нь ажлаа хийж, хөдөө зугаалж, хүүхдүүд нь гадаа дураараа тоглож буй улс Монголоос өөр дэлхийд байхгүй болсон. ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хэлснээр “Монгол шиг диваажин” алга нь үнэн.   Бүгд хөл хорионд, үхлийн тахалд өвдөг сөгдөж байна. Энэ бол Монгол хилээ шууд нээчихээгүйн үр дүн. Хэрэвзээ, гадаадад гацсан, дотоодод улстөржсөн хүмүүсийн шахалт, шаардлага, шантаажаар хилээ шууд нээчихсэн бол Монгол орвонгоороо эргэчихсэн, цар тахлын дайнд “ялагдчихсан”, үхэл хагацалд живчихсэн байгаа.

Монголын урд, хойд хоёр хөрш тахлын голомт болсон. Тиймээс эрсдэлд бэлтгэлтэй, ирэх аравдугаар сараас байдал хэцүүднэ, дархлаагаа дэмж гэж Д.Нямхүү эмч өдөр бүр шахуу л сануулж байна.  Дэлхий дахинд халдвар намжих байтугай эсрэгээрээ улам нэмэгдэж, хөл хориогоо сулласан орнууд буцаад чангалаад эхэлсэн.  Халдварыг барьж дийлэхээ больсон улсууд ард иргэдээ үхэх нь үхээд, сэхэх нь сэх гэсэн харгис бодлого барьж байх шиг. Гэхдээ тэд олон сая хүнтэй. Бид гуравхан саяулаа. Монголд халдвар тархвал дор хаяж 300 мянган хүн өвчилж, 30 мянган хүн амиа алдана гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан байдаг. Энэ бол “хамгийн багадаа” гэсэн тооцоолол.  Дотоодод халдвар тархвал хэчнээн хүн амиа алдахыг төсөөлөхөд ч бэрх. Учир нь, Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил сул дорой, энгийн ханиадаар жилдээ 400 хүн амиа алддаг шүү дээ. Дэлхийн жишгийг харахад цар тахлаар амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь ядуу, эмзэг бүлгийнхэн гэх. Монгол Улсын хүн амын 29 хувь нь ядуу амьдралтай. Гурван сая хүний гуравны нэг нь ядуу гэсэн үг.  Энэ өнцгөөс харвал, дотооддоо халдвар тархсан нөхцөлд гурван хүний нэг нь ковидоор өвчлөх, амиа алдах эрсдэлтэй гэсэн үг.

Мэдээж, гадаадад гацсан хүмүүс Үндсэн хуулиараа эх орондоо ирэх эрхтэй. Тэгвэл дотоодод амьдарч буй хүмүүст  Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрх гэж бас бий. Нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгаас илүү нийт үндэстний эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой. Энэ нь, хилээ таг хаагаад, гэрийнхээ үүдийг цоожлоод гадаадад гацсан иргэдээ эх орондоо оруулахгүй, хаяна гэсэн үг бас биш. Аль, аль талд амьдарч байгаа хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдал, эрх ашгийг бодолцох нь төрийн үүрэг юм.

Монголчууд  бөмбөрцөгөөр нэг тарчихсан, дэлхийн 80 гаруй улсад 190 мянган хүн амьдарч байна. Тэднээс эх орондоо ирье гэсэн хүмүүсийг таван шаардлагын дагуу Монголын төр тодорхой зохион байгуулалттайгаар, аль болох боломжоороо татан  авч байгаа. Өнөөдөр гэхэд АНУ-аас 260 хүн эх орондоо ирж байна.

 Энэ оны нэгдүгээр сарын дунд үеэс хойш 60  гаруй мянган иргэн авто замын болон агаарын замаар Монголдоо иржээ.  Үүний 15 мянга нь тусгай үүргийн нислэгээр татан авсан хүмүүс. Нэгдүгээр сард 3000 хүн эх орондоо ирэх хүсэлт гаргаж байсан бол өдгөө 12 мянга болж өссөн. Өөрөөр хэлбэл, Монголдоо ирэх иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэхийн  хэрээр тусгай нислэгийн тоог ч нэмэгдүүлсэн.  Өнгөрсөн долдугаар сард 3000 хүнийг, энэ сард 4500 хүнийг авчрах төлөвлөгөөтэй байгаагаа УОК танилцуулсан. АНУ, Энэтхэг, Австрали руу шууд нислэг үйлдэж, иргэдээ татан авчрахад анхаарч байна. Гэвч, тусгаарлах байр, эмчлэх эмч, эмнэлгийн техник, хэрэгсэл, эмийн нөөц зэрэг хүчин чадлаа Монгол Улс тооцохгүйгээр сэтгэлийн хөөрлөөр цар тахалд хандаж болохгүй.

Нэг хэсэг нь эх орондоо очмоор байна гэх, ирсэн нэг нь буцаад гадагшаа явмаар байна гэж бухимдах. Үнэндээ, дураараа ирээд, зоргоороо явдаг урьдынх шиг амар амгалан цаг биш л дээ. Тэгэхээр хилээ нээсэн, хаасан ч улс төр хийхийг хүссэн хүмүүс улс төрөө хийх нь мэдээж.

Гадаадад гацсан хүмүүсийн шахаж шаардсанаар хилээ нээгээд иргэдээ сул чөлөөтэй оруулж, гаргая гэж бодъё. Гэвч, ирээд 21 хоног өөрийгөө тусгаарлаарай гэсэн эмч нарын зөвлөгөөг дагах хүмүүс хэр олон бэ.  Ихэнх нь хэнэггүй, хувиа хичээсэн зантай манайхны хувьд бичсэн хаяг дээрээ байдаггүй, хөдөө, гадаа зугаалаад явчихсан, баар, сав хэсээд архидсан олон жишээ бий.  Монголд анхны халдварыг тээж ирсэн Францын иргэнд өөрийгөө тусгаарла гэсээр байтал өчнөөн газраар “тэнэчихсэн” өгүүлэмжтэй байсан шүү дээ. Тусгаарлах байрнаасаа оргож яваад баригдсан эмэгтэй ч бий. Тэгээд ч улстөрчид, улс төрийн намуудын шахалт шаардлагаар хилээ нээгээд дотооддоо тахал алдчихвал тэд хариуцлагаа хүлээж чадах уу. Өч, төчнөөн мянган хүн өвчлөөд үхээд эхэлбэл, Монголд ирэх хүн хэр олон байх бол.

Гадаадад гацсан иргэдээ хаячихаад дотооддоо жаргасан юм даанч алга. Адилхан эдийн засгийн хүндрэлд нэрвэгдэж, хэцүүдэж, дампуурч, ажилгүй болж байгаа. Гол нь “Амьд байвал улсын наадам үзнэ” гэсэн Д.Нацагдоржийн алдарт үг байдаг. Амьд үлдэх Монголын боломж нь халдвар хамгаалалтын онцгой дэглэм. Энд олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,  амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахихаас эхлээд хилийн хязгаарлалт, 21 хоногийн тусгаарлалт багтана.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж