Бейрут хотод болсон дэлбэрэлтийг халдлага хэмээн үзэв

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Бейрут хотод болсон дэлбэрэлтийг халдлага хэмээн үзэв

Бейрут хотод болсон дэлбэрэлтийг халдлага хэмээн үзэв

Бүгд найрамдах Ливан улсын нийслэл Бейрут хотод өчигдөр/2020.08.04/ болсон дэлбэрэлтийг ихэнх эх сурвалжууд агуулах байранд гарсан осол хэмээн мэдээлж буй ч АНУ-ын талаас тус үйл явдлыг халдлага хэмээн үзэж буйгаа Ерөнхийлөгч Трамп мэдэгдэж, үүнтэй АНУ-ын армийн удирдлагууд ч санал нийлж байгааг хэлжээ.

Дэлбэрэлт Бейрут хотын боомтын агуулах байранд болж, 70 хүн газар дээрээ нас барж, 4000 гаруй хүн шархадсан билээ. Дэлбэрэлтийн нарийн шалтгааныг одоохондоо тогтоож амжаагүй байгаа бөгөөд Ливаны зүгээс нэг ч эрх баригч одоохондоо болсон явдлыг халдлага хэмээн үзэхгүй байгаа аж. Харин Трампын хэлж буйгаар Пентагон уг дэлбэрэлтийг тэсрэх бөмбөг ашиглан зохион байгуулалттайгаар үйлдсэн хэрэг хэмээн үзэж байгаа хэмээн ярьжээ.

Тэрбээр “Ливанд болсон үйл явдал халдлага шиг харагдаж байна. Би улсынхаа том генералуудтай ярилцаж үзсэн. Тэд ч гэсэн тус үйл явдлыг ямар нэг алдаанаас болсон осол биш, хэн нэгний зохион байгуулсан халдлага хэмээн үзэж байгаагаа надад хэлсэн” хэмээн ярьжээ.

Түүнээс гадна Хүний эрхийн харуул (HRW)-ын дарга Кеннет Рот тус эмгэнэлт үйл явдалд Хезболла зэвсэгт бүлэглэлийг буруутган байр сууриа илэрхийлсэн байна. Гэвч нотлох баримт үгүй учир тэрбээр удалгүй тус жиргээгээ устгажээ. Тэрбээр дэлбэрэлт болсон газрын ойролцоо 2005 онд Хезболла зэвсэгт бүлэглэлийнхэн Ливаны Ерөнхий сайд агсан Харириг машинд нь дэлбэлж хөнөөсөн гэх хэргийг эргэн санаж, тэр хэргээс үүдэн ливанчуудын эсэргүүцэл, дургүйцэл ихэссээр байгаад хариу өгч буй явдал хэмээн үзжээ. Учир нь Харириг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан гэх дөрвөн этгээдийн шүүх хурал болоод удаагүй байгааг тэрбээр онцолсон байна. Хезболла бүлэглэлийн талаас харин 2005 онд болсон үйл явдлыг өөрсдийнх нь зохион байгуулсан хэрэг биш, эсрэгээрээ АНУ, Израилын улс төрийн ашиг сонирхлоо хамгаалах гэсэн башир арга хэмээх байр суурьтай байгаа юм.

Дэлбэрэлтийн тухай цахим сүлжээнд хүмүүс олон янзын таамаг дэвшүүлсээр байгаа ч Израилын арми, Хезболла зэвсэгт бүлэглэлээс аль аль нь болсон явдалд оролцоогүй гэдгээ мэдээлж байгаа юм. Мөн Ливаны эрх баригчид ч санал нэг байгаагаа илэрхийлжээ. Түүгээр зогсохгүй Ливаны аюулгүй байдлын ерөнхий газрын дарга Аббас Ибрахим дэлбэрэлтийг санамсаргүй байдлаар үүссэн осол хэмээн итгэлтэйгээр баталж байгаа юм. Харин Ерөнхийлөгч Мишель Аоун гурван өдрийн гашуудал зарлаж, осол болоход нөлөөлсөн хариуцлага алдсан этгээдэд маш хатуу шийтгэл оноох болно гэдгээ твиттер дээрээ илэрхийлжээ.

Дэлбэрэлт болсон агуулах дотор бордоо, тэсрэх бодис хийхэд өргөнөөр ашигладаг 2750 тонн аммонийн нитрат 2014 оноос хойш хадгалагдаж байжээ. Аммонийн нитрат шатахаараа маш хүчтэй дэлбэрдэг нь дээрх дэлбэрэлтийн хүчийг асар ихээр нэмсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж