Улсын филармони зургаан төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Улсын филармони зургаан төсөл хэрэгжүүлнэ

Улсын филармонийн уран бүтээлчид хэвлэлийн хурал хийлээ. Энэ онд “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 6 төслийг хэрэгжүүлэх болсон талаар мэдээлэв. Улсын филармонийн ахлах менежер Г.Алтан-Од, “Баянмонгол” чуулгын удирдаач С.Саруул-Од, “Морин хуур” чуулгын уран бүтээлч Ж.Уугантуяа, дуучин П.Өнөржаргал нар мэдээллийг өглөө.

Энэ оны нэг, хоёрдугаар сард Монголын хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урын санг баяжуулах, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол уран бүтээл” төслийг хоёр дахь жилээ үргэлжлүүлэхээр болжээ. Гуравдугаар сард гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолтыг үзэгчдэд хүргэх зорилгоор "Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд 4 тоглолтыг толилуулахаар төлөвлөсөн байна. Дөрөвдүгээр сард өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурлан, хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их хотын хэмнэл” төслийг хэрэгжүүлэх аж. Төслийн хүрээнд 4 концерт тоглогдоно. Тавдугаар сард хүүхэд, багачуудад хөгжмөөр дамжуулан урлаг, гоо зүйн боловсрол олгохоор нийт 4 тоглолтыг “Хүүхдийн ертөнц” төслийн хүрээнд зохион байгуулах юм байна. Зургаа, долоодугаар сард гадаад, дотоодын аялагчид, жуулчдад зориулан “Монгол сайхан орон” төслийн дор 4 тоглолт толилуулах аж. Ес,10,11,12 сард дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлийн нийт 12 тоглолтыг зохион байгуулж, иргэдийн үзвэр, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амд гоо зүйн боловсрол олгох, урын санг баяжуулах, уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Дэлхийн хөгжим” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

О.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж