"Түрээсийн байр хэрнээ цалингаас өндөр төлбөр төлөх нь"

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

"Түрээсийн байр хэрнээ цалингаас өндөр төлбөр төлөх нь"

"Түрээсийн байр хэрнээ цалингаас өндөр төлбөр төлөх нь"

Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ барилгын компаниудаас зах зээлийн хамгийн бага үнээр орон сууцыг нь худалдан авч, иргэдэд өндөр хүү үүрүүлэхгүй байхаар тооцон орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Эхний ээлжинд цар тахлын нөхцөл байдалд ажилласан 1000 төрийн албан хаагчийн орон сууц худалдан авахад зориулж, 100 тэрбумын үнэт цаас гаргахаар болсон.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 5000 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон ч иргэд мөнгөгүй, урьдчилгаа төлбөргүйгээс борлогдохгүй, барилгын компаниуд ч хүндхэн нөхцөлд байгаа юм. Иймээс уг ажлын талаар тодруулж, сурвалжлага бэлтгэлээ.

"ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХАД ҮНДСЭН ЦАЛИН ХҮРЭХГҮЙ Ч АРГАЛААД Л ТӨЛНӨ"

Биднийг НОСК-д очиход түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах төрийн албан хаагчидтай гэрээ байгуулж байлаа. Үүдэнд нь цөөнгүй хүн цугларсан харагдав. Өөрийгөө эрүүл мэндийн байгууллагад ажилладаг гэж танилцуулсан эмэгтэй /нэрээ хэлэхийг хүсээгүй/ “Ингэж болохгүй шүү дээ. Өнөөдөр 600 мянган төгрөгийн цалинтай хүн сард нэг сая төгрөгийн байрны төлбөр төлөх юм байна. Миний сонгосон байрны м.кв нь 1 сая 750 мянган төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл одоо гэрээ хийх болоход үндсэн цалингаасаа өндөр төлбөр төлөх болчихоод байна” хэмээн бухимдлаа илэрхийлэв.

Түүний хажууд орон сууцны төлбөрийн тооцоо хийж байсан эмэгтэй “Мэдээж урьдчилгаа төлбөр авахгүй учраас сард төлөх мөнгө нь өндөр байна. Би эмнэлгийн байгууллагад 12 жил ажилласан. Баянзүрх дүүрэгт байрлах “Нарт” хотхонд нэг өрөө байр сонгосон. Байрны маань ам метрийн үнэ нь 1 сая 900 мянган төгрөг байсан. Тэгэхээр би хүүтэйгээ нийлээд сард 657 мянган төгрөг төлөх юм билээ. Хэдийгээр миний үндсэн цалин хүрэхгүй ч аргалаад л төлнө дөө” гэлээ.

Зарим иргэд учраа олохгүй “Одоо орон сууцныхаа гэрээг байгуулахаар л хэр төлбөр төлөхөө мэднэ” гэж суусан бол зарим нь удаан хүлээлгэж байгаад бухимдаж байлаа. Нэгэн эмэгтэй “НОСК-иос өнөөдөр нэг дор 120 гаруй хүн дуудчихаад оочерлож орно гэнэ. Би гэхэд тасаг дээрээ ганцаараа хүнд өвчтөнөө орхиод гараад ирсэн. Гэтэл НОСК-ын ажилчид “30-40 минутын ажил болно” гэчихээд хэдэн цаг хүлээхээ мэдэхгүй зогсч байна. Ингэж хүнд суртал гаргаж болохгүй биз дээ.

Миний хувьд цар тахлын үед тусгаарлалтад ажиллаж орон сууцанд хамрагдахаар болсон. Бид зургаан хувийн хүүтэй, зах зээлийн үнээр байраа авч байгаа. Урьдчилгаа төлбөр л төлөхгүй. Өнгөрсөн долоо хоногт “Хангай” хотхонд байраа үзээд ам метр нь 1 сая 950 мянган төгрөгийн байраа сонгосон. Хамгийн хямд үнэтэй нь 1 сая 600 мянган төгрөгийн үнэтэй байсан. Одоо орон сууцныхаа гэрээг байгуулахаар хэзээ орохоо мэдэхгүй  дугаарлаж зогсоно” гэв.

1000 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ОРОН СУУЦНЫ БАТЛАМЖ ГАРДАН АВСАН

Эхний ээлжинд Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж буй 1000 төрийн албан хаагчдыг хамруулахаар батламж гардуулжээ. Тэднээс өнөөдөр 540 иргэн байраа очиж үзээд, энэ долоо хоногоос гэрээгээ хийж эхлээд байна.

Энэ талаар НОСК-ын дэд дарга С.Дорждэрэм  “Бид одоо УОК-иос батламж гардан авсан 1000 төрийн албан хаагчийн хүсэлт материалыг хүлээн авч, орлогыг тодорхойлж, баталгаажуулах ажлыг хийж байна. Цар тахлын нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдад зах зээл дээр бэлэн байгаа, УОК хүлээн авсан байрыг санал болгож, эхнээсээ иргэд байраа сонгосон.

Энэ долоо хоногоос 540 төрийн албан хаагч орон сууцаа сонгож, гэрээгээ хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор “Цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажилласан төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцаар хангах тусгай журмыг долдугаар сарын 28-нд гаргасан. Энэ журмын дагуу төрийн албан хаагчдад төрийн үйлчилгээний жинхэнэ албан хаагч байх, УОК-иос нэрийг нь ирүүлсэн байх, батламж авсан иргэн шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх, түрээслэгчийн төлөх сарын төлбөр нь татварын дараах сарын нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байх зэрэг шалгуурыг тавьж байгаа” гэв.

30 гаруй компанийн орон сууцыг 6 хувийн хүүтэй санал болгож байна

Одоогийн байдлаар зах зээл дээр бэлэн байгаа 30 гаруй компани, иргэний 40 орчим барилга орон сууц, хотхоныг төрийн албан хаагчдад санал болгож байгаа аж. Ингэхдээ барилгын компаниудад УОК хүлээж авсан шинэ байр байх, гаднаа хүүхдийн тоглоомын талбай, авто зам, авто зогсоол, барилгын стандарт чанарыг хангасан байх зэрэг үндсэн шаардлагыг тавьжээ.

Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр учраас орон сууцны үнэ болон талбайн хэмжээ заагаагүй гэдгийг албаныхан онцоллоо. Нэмэлтээр 30 орчим барилгын компани орон сууц санал болгож байгаа гэнэ. Орон сууцны нэг ам метрийн үнэ харилцан адилгүй бөгөөд 1 сая 200 мянгаас 2 сая 550 мянга хүртэл үнэтэй орон сууц санал болгож байгаа аж.

Дэд дарга С.Дорждэрэм “Энэ хөтөлбөр цаашид үргэлжилнэ. Эхний удаад 1000 төрийн албан хаагчид 100 тэрбум төгрөгийн санхүүжилттай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргана. Тэгэхээр нэг хүнд 100 сая төгрөг ногдоно. Үүнээс хэтрэхгүйгээр зээл олгоно гэсэн үг. Хэрвээ тухайн иргэн 120 сая төгрөгийн байр авах бол үнийн зөрүү 20 сая төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр төлөх боломжтой.

Манай үнэт цаасны хөрөнгөөр баталгаажсан санхүүжилт орж ирэхдээ иргэдэд 15 жилийн хугацаатай жилийн зургаан хувийн хүүтэй, сард 0.5 хувийн хүүтэйгээр төрийн албан хаагчдыг анх удаа хамруулж байгаа. Ер нь хүмүүс харьцангуй ам сайтай байгаа. Цөөн тооны иргэд байрны сонголт бага байна, анхнаасаа урьдчилгаа төлөхгүй гээд ойлгочихсон, тухайн иргэний эрх нь 70 сая төгрөгөөр үүсч, 100 саяын байр авахдаа 30 саяын урьдчилгаа төлөхгүйгээр орно гэсэн ойлголттой байгаа бол зарим нь бүр үнэгүй байранд орно гэсэн ойлголттой байна.

Жишээлбэл, та 15 жилийн хугацаатай 80 сая төгрөгийн зээл авсан бол сарын үндсэн төлбөр нь 444 мянган төгрөг болно. Ингэснээр сарын 0.5 хувийн хүү нь 400 мянган төгрөг. Тэгэхээр тухайн иргэн эхний сардаа 844 мянган төгрөгийн зээлийн төлбөр төлнө. Тухайн иргэн дараагийн сардаа үндсэн төлбөрөө хасахаар 397 мянган төгрөгийн үндсэн төлбөр төлж, 839 мянган төгрөг төлнө. Ингэж хүү нь 5000 төгрөгөөр буурсаар байгаад 180 сарын дараа үндсэн 444 мянган төгрөгөө төлөөд дуусах юм.

"ЭХНИЙ 540 ИРГЭН АРАВДУГААР САРД БАЙРАНДАА ОРНО"

bty

Тэрбээр "Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж буй 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийн нэг хэсэг. Бид барилгын компаниудаас орон сууц худалдан авахдаа үнийн дүнгээс хөнгөлөлт авсан. Эхний ээлжинд 540 иргэн орон сууцныхаа гэрээгээ хийсний дараа иргэдийн материалыг Санхүүгийн зохицуулах хороо хөндлөнгийн аудитын компани хянана. Тухайн иргэний орлогыг нь зөв тооцсон уу гэдгийг шалгаснаар дараагийн шатанд шилжих юм. Ингэснээр санхүүжилт нь орж ирнэ.

Ирэх долоо хоногоос үлдсэн 460 төрийн албан хаагч байраа сонгох ажил эхэлнэ. Энэ ажил хоёр, гурван сар хийгдэнэ. Эхний 540 хүнээс хэд нь гэрээгээ эцэслэж хийхээр байна тэр хүмүүсээс аравдугаар сарын эхний хагаст орон сууцанд нь оруулахаар төлөвлөж байгаа” гэдгийг хэлсэн юм.

НОСК-ын захирал Б.Сүхбаатар  “Зах зээл дээрээс орон сууц худалдан авч, иргэдэд түрээслээд өмчлүүлнэ гэдэг олон талын давуу талтай. Нэг талдаа бид барилгын салбарын бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орон сууцны борлуулалт нэмэгдвэл ажлын байр ч цаашдаа нэмэгдэнэ. Иргэдийг орон сууц түрээслээд өмчлөх хэлбэрт оруулах гэж байгаа гол санаа нь ипотекийн зээл иргэдэд их дарамт учруулж байна. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзсэн. Орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэр нь орлогод нийцсэн орон сууцны нэг л төрөл нь юм. Энэ нь ипотекийн дараагийн үйлчилгээ гэж ойлгож болно. Манай корпорацийн дэргэд Ипотекийн корпораци тусгай зориулалтын компани байгуулж, үүгээр дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах юм. Улаанбаатар хотын хэмжээнд анх удаагаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу бонд гаргаж байна гэсэн үг” хэмээн өмнө нь тайлбар өгч байсан удаатай.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
21
БурууБуруу
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж