Цаасан мөнгөө цахим хувцсанд үрэхэд бэлэн үү? | News.MN

Цаасан мөнгөө цахим хувцсанд үрэхэд бэлэн үү?

FASHION

Цаасан мөнгөө цахим хувцсанд үрэхэд бэлэн үү?

Цаасан мөнгөө цахим хувцсанд үрэхэд бэлэн үү?

 

Хэрвээ та инстаграм хэрэглэдэг бол,  стилист Никола Формичеттиг дагадаг бол түүний сүүлийн үед нийтэлж буй зургууд анхаарлыг тань эрхгүй татсан нь лавтай. Түүний сонирхолтой, загварлаг хувцаснууд яг л алдартай загвар зохион бүтээгчийн урласан өдөр тутмын өнгөлөг бүтээл шиг харагдана. Бодит биш юм шиг гэрэлтсэн, гялганасан ч гэсэн жинхэнэ юм шиг л харагдахыг нь яана! Гэвч тэд жинхэнэ биш ажээ. Тэд бол Хорват улсын Загреб хотод төвтэй, бодит бус цахим хувцас урладаг Трибют компанийн бүтээл байв.

Цахим хувцас цар тахлын энэ үед үнэхээр нүдээ олсон тренд байж болох юм. Ихэнх загварын фирмүүд жинхэнэ, бодит модел, тайзтай загварын шоу үзүүлэхээ зогсоож, оронд нь богино хэмжээний кино эсвэл цахим орчинд шинэ загваруудын санааг харж болох платформ ашиглах болсон. Гэхдээ бид хөл хорионоос ч өмнө загварын ертөнц зөвхөн цахим ертөнцөд хэрхэн оршиж болохыг хангалттай их харсан шүү дээ. Жишээ нь дижитал загварын байлдан дагуулагч Lilmiquela тэргүүтэй одууд сүүлийн үед загварын шоуг эрс өөр хэмжээст ертөнцөд үзүүлэх болсон. Түүнээс гадна цахим дэлгүүрүүдийн ачаар хэрэглэгчид ч гэсэн сонгосон хувцсандаа хүрч, өмсөж ч үзэлгүй худалдан авч сурсан билээ. Энэ бүхэн нийгмийн цахим сүлжээ биднийг бодит хүмүүст биш цахим орчны найзууддаа гоё харагдахыг илүүд үздэг болгож өөрчилсний бодит илрэл мөн.

Тиймээс зарим брендүүд үйл ажиллагаагаа бодит ертөнцөөс цахим ертөнцөд шилжүүлэх нь тийм ч хэцүү байгаагүй бололтой. Жишээ татвал, дээр дурдсан Трибют компани үйлчлүүлэгчиддээ дээд тал нь 699 ам.доллар хүртэл үнэтэй, зөвхөн цахим орчинд үлдэх кибер хувцаснуудаа зарж, дурын зурганд нь өмсүүлж үйлчлэх болсон байна. Тэд энэхүү гайхалтай санаагаа Sims, Grand Theft Auto зэрэг видео тоглоомнуудаас олсон гэнэ. “Та эдгээр тоглоомыг тоглож байхдаа хувцасны дэлгүүр орж, тоглоомын гол дүрд хүссэн хувцсаа өмсүүлдэг шүү дээ! Мөн өөрийн дүрийг өөртөө таалагдахаар хувцаслах нь тоглоомын хамгийн гоё хэсэг байдагт олон хүн санал нийлнэ” хэмээн Трибютийн үүсгэн байгуулагч, бүтээлийн захирал Гала Мария Врбаник ярьжээ.

Тэрбээр компаниа Филип Ваядатай хамтран нээсэн бөгөөд Ваяда өдгөө компанийн загварыг хариуцсан захирал аж. Тэд анх загварын том фирмүүдтэй хамтран ажиллаж, шинэ цуглуулгуудыг нь цахим орчинд бодит мэт харагдуулах ажил хийдэг байсан нь амжилтанд хүргэж, хэмжээлшгүй их туршлага болсноор ажлаа улам хөгжүүлэн эрхлэх болсон байна. Мөн тэдний бүтээлүүд байгальд хамаагүй илүү ээлтэй нь олон хүний анхаарлыг татаж, талархлыг хүлээсэн байна. Учир нь Трибютийн хувцаснууд даавуугаар биш пикселүүдээр бүтдэг учир огтхон ч хаягдал гаргахгүй, байгальд 100 хувь ээлтэй аж.

Удалгүй хамтрагчид хүмүүст бодит гудамжинд хэн ч өмсөх боломжгүй хувцсуудыг цахим орчинд өмсгөх үйлчилгээг сэджээ. Чухам энэ л инстаграмчдын мөрөөдөл байж гэлтэй тэдний бүтээл тэр дороо маш их алдартай болсон байна. “Бидний бүтээлүүд бодит ертөнцөд огт байдаггүй, цоо шинэ материал, физикийн хуулийг зөрчсөн бодит төсөөлөл зэргийг амладаг нь хамгийн онцлог” хэмээн Врбаник  хэлжээ.

Эхлээд Трибют жинхэнэ хувцаснаас буулгаж авсан хэмжээсүүдийг ашиглан гурван хэмжээст дүрс бүтээдэг аж. Дашрамд дурдахад жинхэнэ хувцас үйлдвэрлэдэг брендүүд ч шинэ загвар гаргахдаа энэ технологийг өргөнөөр ашигладаг юм. Трибют бэлэн болгосон бүтээлээ өөрсдийн хэрэглэдэг үйлдлийн системд оруулан, үйлчлүүлэгчийн сонгосон дурын зурганд өмсүүлж өгдөг гэнэ. Тийнхүү хамгийн сүүлд бүтээлдээ гэрэл, сүүдэр гэх зэргийг нэмж, бодит мэт харагдуулах ажлыг гүйцэтгэснээр эцсийн бүтээгдэхүүн бэлэн болдог аж. Энэ бүхэн нийт гурваас таван цагт бүрэн дуусдаг ч Врбаник цаашдаа үйлчлүүлэгчид сонгосон хувцсыг нь шууд тэр дор нь өмсүүлэх боломжтой технологийн эрэлд гарах гэнэ.
Одоогийн байдлаар Трибют өөрсдийн цахим хуудас дээрээ 12 өөр төрлийн онцгой цуглуулгыг байршуулан, захиалга авч байгаа аж. Мөн тэдний хувцаснууд цөөн тоогоор “үйлдвэрлэгддэг” нь хүмүүст бусдаас онцгой байх боломжийг олгож буй хэрэг юм. Жишээ нь нэг загварын төлөвлөсөн тоо зарагдаж дуусмагц түүнийг дахин хэнд ч зарах боломжгүй болох аж. Нарийн яривал ногоон оруулгатай, гялалзсан хар цувыг 29 ам.доллараар 100 хүнд, ногоон болон хар даашинзыг гуравхан хүнд 699 ам.доллараар зарах аж.
Трибютээс гадна өөр хэд хэдэн бренд ижил үйл ажиллагаа явуулж, амжилтанд хүрч байгаа гэнэ. Тухайлбал Скандинавын Карлингс гэх бренд дээрхтэй ижил бизнес эрхэлж байгаа бөгөөд дизайнерууд нь 2018 оноос хойш цахим ертөнцөд хувцас урласан туршлагатай. Мөн Фабрикант бренд ч гэсэн төстэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Od 2020-08-05 182.160.38.197

Ene huvtsasiig tegeed gaana omsoh bolj bnaa gudamjind, kino teatert, saund esvel untahdaa???

Avatar

Зочин 2020-08-05 39.115.114.99

Шал дэмий юмаар их мөнгө олоод байхын

Avatar

Zochin 2020-08-05 192.82.69.40

Iim hachin yumiig hen sonirhoj avah ve

Avatar

АХА 2020-08-05 185.189.115.138

МАШ ШИНЭЛЭГ ГАЗАР АВАХААР САНАА Ч БАЙЖ БОЛЗОШГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж