Өнөөдөр монголчууд хайнга байна. Гудамжаар зөрөх хүмүүсийн ихэнх нь амны хаалтгүй. Хятадын Ухань хотод анх дэлгэрсэн коронавирусийн тархалт дэлхийн өнцөг булан бүрт "зөөвөрлөгдөж" байна. “Амны хаалтаа зүүж, ариун цэврийг сахих” зааврыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Эрүүл мэндийн яам, Засгийн газар, холбогдох байгууллагуудаас өгч, төр засгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч буй. Гэвч, цаг агаар дулаан байх тусам монголчуудын анхаарал суларч, амны хаалтаа зүүхгүй хэнэггүйтсээр. Хүүхдээ дагуулсан, амны хаалтаа зүүгээгүй иргэд олширч, гудамж талбайд хөл хөдөлгөөн ихсэж байна.
Энэ бол цар тахал. Монгол дотроосоо коронавирус халдварлаагүй гээд тайвшрах асуудал огт биш. Гэхдээ маргааш юу болохыг хэлж мэдэхгүй.
Өвчин, тахал, үхэл зовлон монголчуудын үүдэн дээр отоод сууж байгааг санах хэрэгтэй. Амны хаалт зүүгээгүй нэгнээс учрыг нь тодруулахад “Халуунд амны хаалттай явах хэцүү байна”, “Амны хаалтаа гэртээ орхисон”гэж хариулдаг болов. Амны хаалт зүүгээгүй хүнийг нэг хэсэг адалдаг байсан бол одоо анхаарал татахаа ч больж дээ. Өнгөрсөн нэгдүгээр сард амны хаалт олдохгүй нүдний гэм болсон. Харин одоо гудамжинд зарж байгаа амны хаалтыг худалдаж авах ч хүн алга.
Цар тахлын үед төрийн анхааруулга санамжийг зөрчиж, амны хаалт зүүхгүй яваа иргэнд хариуцлага тооцоё гэхээр Зөрчлийн тухай хуульд ийм заалт байхгүй. Бусад хуульд ч ийм зохицуулалт байхгүй. Тахал баян, ядуу гэж хэнийг ч ялгахгүйтэй адил Монгол Улс дотроосоо коронавирусийн халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй. Ийм байхад нэг хүний хэнэггүй зан, тэнэг үйлдлээс болж нийт хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд асуудал үүсч болзошгүй. Тиймээс хүн бүр ухамсартай байж, аюулт өвчнөөс сэргийлэх дэглэмийг өдөр бүр алгасалгүй мөрдөх шаардлагатай байна. Дэглэм мөрдөөгүй цагт хэчнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө, Европын орнуудаас хангалттай харсан.
Иймээс сүржигнэлээ гэж бодолгүй, дор бүрнээ ухамсартай хандаж, аюулт өвчнөөс сэргийлэхгүй бол тахал та биднийг ангуучлаад эхэлж мэднэ. Анхаар, тахал биднийг ангуучлахаар аль хэдийн зөөвөрлөгдөөд ороод ирснийг санах хэрэгтэй болжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ