Шүүх байгууллага Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-г цөлмөсөн улстөрчдийг өршөөх захиалга аваа юу гэлтэй хачирхалтай шийдвэрийг өчигдөр /2020.08.04/ гаргав.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрх мэдлээ урвуулан ашиглаж, гэр бүлийн гишүүндээ болон улстөрчдөд тэрбум, тэрбумаар нь зээл олгосон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд 40 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулав.
Жилийн гурван хувийн хүүтэй гурван тэрбум төгрөгийн зээлийг өөрийн хамаарал бүхий компанидаа авчихсан экс сайдад 40 сая төгрөгийн торгууль юу юм бэ?. Ял аваагүйнхээ баярын парти хийхэд цацах л мөнгө.
Ядарсан ардын хүүхэд гудамжнаас гар утас олсныгоо цагдаад мэдэгдээгүйнхээ төлөө мөнгө угаасан хэрэгт унаж, шоронд хоригдож байхад албан тушаал эрх мэдлээ ашиглаж, ард түмнийхээ боломжийг хулгайлсан нь торгууль төлөөд ялаас мултраад байх юм бол энэ төрд нүүрлэсэн хулгай зогсохгүй, улам цэцэглэнэ.
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Солтан эрх мэдлээ хэтрүүлж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан үндэслэлээр гурван жилийн хорих ял авсан. Хэнд нь Эрүүгийн хуулийн хоригдох ял нь үйлчлээд хэнд нь торгох ял үйлчилдэг юм бэ.
Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг 160 сая төгрөгийн үнэтэй машиныг 30 сая төгрөгөөр хямдруулж авсан байтал нь төрд хохирол учруулсан гэж үзэн, 4.6 жилийн хорих ял оноодог хэрнээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяраас эхлээд УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-гаас зээл олгож, давуу эрх олгосон нь яагаад ийм хөнгөн шийтгэл хүлээх ёстой юм бэ.
Улстөрчдөд бизнесээ тэтгэх боломж олгосных нь шагнал уу, эсвэл түүнд хорих ял оноочихоор бусад сайд, УИХ-ын гишүүд араас нь дээлээ нөмөрч, асуудал хүндрэх гээд байна уу?.
Хоёр компанийн хооронд хийгдсэн нефть нийлүүлэх гэрээгээр шалтаглаж, Ерөнхий сайд асан С.Баярыг мөнгө угаасан хэргээр 5 тэрбумын торгууль ногдуулж, 5 жилээр хорих ял оноож, хэлмэгдүүлдэг хэрнээ ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чинд 40 сая төгрөгийн торгууль ногдуулах нь шүүхийн шударга шийтгэл юм уу.
Албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь хохирол шаардахгүйгээр хоригдох ял руу түлхдэг гэсэн Эрүүгийн хуулийн заалтыг шүүгч хааш нь хийчих вэ.
Хэрэв шүүх ийм байдлаар ЖДҮ-чдийг шийтгэвэл хамгийн эхэнд хоригдох ял авсан УИХ-ын гишүүн асан Г.Солтанаас эхлээд энэ хэргээр шүүгдэж ял авах олон улстөрч давж заалдаж, торгох ял дээр л бууна.
Шүүх ийм шударга бус байж таарахгүй. Олноороо зохион байгуулалттай гэж хэлж болохуйц оролцоотойгоор үйлдсэн ЖДҮ-гийн хэрэг дээр нэг л жишгээр хандах ёстой.
Хэрэв нэг жишиг барьж шийдвэр гаргаж чадахгүй бол улсаа "алж" байгаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгчдийн үйлдэл зогсохгүй.
Өнгө зүсийг нь хувиргаад өөр байдлаар хэрэг тарина. Том артай, хуваагаад төсвийн мөнгө “цохьчихсон” байхад шүүх дээр аргалаад өгчихнө гээд л хулгайгаа хийнэ. Нэг ёсны төсөв рүү орсон бүхэн урт гартнуудын гараар ороод үрэн тарна болно гэсэн үг.
Нэг их албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцээд байгаа юм шиг дүр эсгэж, ганц нэг хүнээр золиос хийгээд ЖДҮ-гийн хэргийг өршөөх гэж буй бол уучлаарай. Ард түмнийг басамжилсан хэрэг болно шүү, шүүгчид ээ.
Төрд нүүрлэсэн хулгайчдад хариуцлага тооцож, тохирсон ял шийтгэл ногдуулахгүйгээр Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд сургамж өгч чадахгүй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ