Хонконгод Ковид-19 халдвар тархалт сүүлийн өдрүүдэд улам нэмэгдэж нэг өдрийн дотор батлагдсан тохиолдол 10 гаруй хоногийн турш тасралтгүй зуу давж байна. Энэ хүнд нөхцөл байдлын улмаас онцгой бүс Хонконгийн Засаг захиргаанаас саяхан Хууль тогтоох зөвлөлийн 7-р сонгуулийг нэг жилээр хойшуулах шийдвэр гаргалаа. Халдварт өвчинтэй тэмцэж хүний амь насыг аврах нь өнөөдөр хамгийн чухал асуудал болоод байна. Сонгуулийн үйл ажиллагааны үеэр хэдэн сая иргэд бөөгнөрөн цуглардаг нь халдвар тархалтыг нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэй юм. Хонконгийн Засаг захиргаа халдвар тархалтын нөхцөл байдалд үндэслэн гаргасан нухацтай шийдвэрийг БНХАУ-ын Төв Засгийн газар бүрэн ойлгож мөн дэмжиж байна. Хонконгийн олонх иргэд мөн уг шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Дэлхий дахинд Ковид-19 халдвар дэгдсэнээс хойш 70 орчим улс орон, бүс нутаг улсын болон орон нутгийн сонгууль зохион байгуулах хугацаагаа хойшлуулсан байна. Хонконгийн Засаг захиргаанаас гаргасан Хууль тогтоох зөвлөлийн сонгуулиа хойшлуулах шийдвэр нь олон улсын дүрэм, журамд нийцсэн шийдвэр. Хонконгийн “Онцгой байдлын дүрэм”-д зааснаар“ Засаг захиргааны тэргүүн болон Гүйцэтгэх зөвлөлөөс үүссэн нөхцөл байдлыг онцгой байдал эсвэл олон нийтийн аюулгүй байдалд хор хөнөөлтэй гэж үзвэл тэргүүн болон Гүйцэтгэх зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн аливаа дүрмийг гаргаж болно.” Иймээс Хонконгийн засаг захиргааны дээрх шийдвэр нь хуулийн бүрэн үндэслэлтэй.
Хонконг бол Хятад улсын засаг захиргааны онцгой бүс бөгөөд Хонконгийн онцгой бүсийн Хууль тогтоох зөвлөлийн сонгууль нь Хятад улсын орон нутгийн сонгууль юм. Энэхүү сонгуулийг хойшлуулах асуудал бол Хятад улсын дотоод хэрэг учир гаднын хүчин үүнд оролцох эрхгүй. Олон улсад зарим хүмүүс Хонконгтой холбоотой асуудал бүрийг шүүмжилж, хариуцлагагүй үг хэлж байгаа нь цэвэр “давхар стандарт” гаргаж буй хэрэг юм. БНХАУ-ын Төв Засгийн газар Хонконгийн халдварт өвчинтэй тэмцэх ажилд шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж, Хонконгийн улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, ард түмний амар амгалан амьдралыг бататгах болно. Энэхүү сонгуулийг хойшлуулснаас үүдэн гарсан Хууль тогтоох зөвлөлийн “вакуум үе”-тэй холбоотой асуудлаар БХАТИХ-ын Байнгын хороо хуулийн дагуу шийдвэр гаргах бөгөөд гаргасан шийдвэр нь Хонконгийн Засаг захиргааны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Мөн Хонконгийн иргэдийн ардчилсан эрх, эрх чөлөөнд хохирол учруулахгүй болно.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
Цай Вэньруй
Холбоотой мэдээ