Ц.Нямдорж: Шуламтай нэгдэхэд ч бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Шуламтай нэгдэхэд ч бэлэн байна

УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нар ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өчигдөр өргөн барьсан. Огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүдийн нэг болох Ц.Нямдорж гишүүнээс дараах ярилцлагыг авлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах саналд  зурсан гарын үсгээ эргүүлэн татна гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Би гарын үсэг  зураад удаж байна. Үндсэн хуулийн цэц  засгийн газраас машин авч, 330 сая төгрөг ой тэмдэглэх нэрийдлээр  нөөцөөс гаргуулах зэргээр авлига авсан. Ийм засгийн газар үнэхээр байж болохгүй гэж эсэргүүцэхдээ би гарын үсгээ зурж байсан. Миний тэр байр суурь өнөөдөр ч хэвээр. Сүүлийн үед намайг мундаг шалгалт хийж, зөв үйл хийсэн гэж З.Энхболд өндөрөөр үнэлж байгаа. Авлига авсан цэцийг нь хөөж явуулах ёстой юм бол өгсөн засгийн газрыг нь бас хөөж явуулах ёстой байхгүй юу. Угаасаа хуулиараа өгсөн авсан, зуучилсан гурвууланг нь шийтгэдэг номтой юм. Өнөөдөр Ц.Нямдорж гарын үсгээ буцааж авч гэсэн мухар яриа  хэвлэлээр тараасан байна. Би буцаахгүй ээ.

Огцруулах хангалттай шалтгаан бий юу?

-Би гарын үсэг зурснаас хойш засгийн газар алдаа нь улам л даамжираад байгаа. Эрүүл мэндийн сайд нь  албан өрөөндөө авлига авч байгаад баригдлаа. Ийм нөхцөлд засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Энэ бол Монгол төрийн түүхэнд гарч байгаа анхны ажил дээр авлига авсан сайдын асуудал. Тэгээд орных нь хүнийг томилохгүй гурван сар боллоо. Эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болго гэж эмэгтэй гишүүд, бие даагчид удаа дараа сануулсан. Би албан бус шугамаар чуулганы танхимын үүдэнд  тааралдаад хурдан томилохыг сануулж байсан. Дараагийн шалтгаан нь хүүхдийн мөнгөний асуудал. Ялгавартай оруулах саналаа УИХ-аар батлуулаад, 40 хоногийн дараа шийдвэрээсээ буцаж байгаа юм. Үнэхээр өгөх бололцоо байсан бол төсөв батлах үедээ хасуулах шаардлагагүй байсан. Энэ бол сонгуулийн шоу л явагдаж байгааг харуулж байна. Ард түмнийг циркийн амьтан шиг санаад байдгаа одоо болих хэрэгтэй. Ширхэг чихэр өгөөд л өөрсдийнхөө хүслийг биелүүлдэг болох гээд байна. 

Огцруулах саналд 16 гишүүн гарын үсэг зураад нэлээд удсан. Сая МАН-аас дөрвөн гишүүн нэмж зурсан. Энэ нь Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх санал дээр МАН-ынхан эсрэг байр суурьтай байснаас үүдлээ гэх хардлага явж байна?

-Засгийн газрыг огцруулах асуудал мандатын тоотой огт холбоогүй. Наад хардлага чинь худлаа. Энэ асуудлын  эзэн угаасаа Засгийн газар биш. Улс төрийн нөхцөл байдал харж байгаад зурах тухай яриа  нэлээд дээрээс л всан. Хамгийн гол нь засгийн газар ингэж ард түмнээрээ л тоглохоо болих хэрэгтэй. Хүүхдийн мөнгө ялгаварлана гэж айлын зурагт баахан тооллоо,  байрны урьдчилгааг 10 хувь болгоно гээд баахан хүлээлгэлээ. Тэгснээ цэцээс болж зээл зогслоо гээд баахан худлаа хэлсэн. Монгол банкинд мөнгө байхгүй юм чинь зээл зогсохгүй яах юм. Ийм  асуудлууд гараад байгаа учраас л сүүлд дөрвөн гишүүн нэмж гарын үсэг зурсан байгаа.  Гишүүн бүр л дотроо нэгийг бодож зурсан байх.

Квотын тухайд?

-Үндсэн хуулинд Улаанбаатар, аймаг хоёрыг яг адилхан түвшинд тавьсан томьёолол байдаг. Энэ заалтаараа л явах ёстой. Хүнийх нь тоогоор харгалзаж Улаанбаатарт давамгай эрх олгох асуудал Үндсэн хуулинд байхгүй. СЕХ согтуу хүн шиг аашилж байгаа. Өмнө нь Үндсэн хуулиа барих санал оруулсан. Тэгснээ  УИХ дарга гар утсан дээрээ юм бичихээр маргааш нь саналаа өөрчлөөд оруулаад ирж байгаа байхгүй юу.  Нэг хүний өрөөнд зээлийн хүүг тогтоож, нэг хүний өрөөнд сонгуулийн мандатыг тогтоодог болж байна. Энэ бол дарангуйллын маш том хэлбэр.

Та Засгийн газар төдийгүй УИХ-ын даргад харицулага тооцох  цаг болсон гэж хэлэх гээд байна уу?

-Эд нар 25 жилийн өмнө ардчилалын үнэт чанар ярьж жагсаал цуглаан хийж байхдаа  ийм юмны төлөө явсан уу?  Одоо Э.Бат-Үүл АН-ын бүлэг гэж юу байсан юм, дээрэмчдийн бүлэг гэж хэллээ ш тээ. Эд нар цэцийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, П.Очирбатыг хөөдөг хэн бэ М.Энхсайханыг засгаас хөө гэж З.Энхболд үүрэгдэж байна. М.Энхсайханыг засгийн газар толгойлж байхад З.Энхболд ТӨХ-ны дарга гээд том цүнх барьчихсан жижигхэн хүн гүйж явсан юм. Эд нар ингэтлээ галзуурах цаг болоогүй. Бүх юмыг нэг хүн мэддэг болж байна. Эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга хийх нь угаасаа тохиромжгүй байдаг. Намайг УИХ-ын дарга байхад Э.Бат-Үүл “Намын удирдах зөвлөлийн гишүүн  УИХ-ын дарга байх дэмий юм байна. Чи нөгөө тал руугаа хэлбийх гээд байна”  гэж хүн ёсоор хэлдэг байсан. Гэхдээ би З.Энхболд шиг хэлбийж, алиагаа алдаж байгаагүй. Аль алинтай нь учраа олоод, ажлаа явуулдаг байсан.

Одоо засгийн газрыг огцруулах цаг үе нь мөн үү?

Огцруулах шийдвэр гаргах эрх нь УИХ-д байгаа. Хэлэлцээд л нэг тийшээ болгох байх. Одоо засгийн газрын толгойг хэчнээн илэх юм.

Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн баригдсантай холбоотойгоор Оюутолгойтой холбогдох гэрээ хэлэлцээрүүд гадаадын хөрөнгийн бирж дээр зогслоо гэсэн мэдээллийн АН-аас өгч байна. Энэ нь эргээд эдийн засагт  сөрөг нөлөөллөө үзүүлэх биш үү?

-Би энэ тухай мэдээлэлгүй байна. Тиймээс худлаа хариулт өгч чадахгүй. Өнөөдөр лав би тийм мэдээлэл олж хараагүй.

-АН-ынхан засгийн газраа огцруулахгүй, аваад үлдэх байх гэсэн яриа ч бий. Тэгэхээр  огцруулах санал өөрөө улстөр хийсэн явдал мэт харагдах юм биш үү?

-Хариуцлагын асуудал нь өөрөө ерөнхий зүйл. Эрүүл мэндийн яамны сайдын хэрэг, орных нь хүнийг томилохгүй байгаа асуудал бол засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл болно. Энэ улсад шударга ёс гэж байдаг л бол. Зөвхөн үүнийг л дурьдхад хангалттай. Бүгдээрээ  ард түмнээс уучлалт гуйгаад зайлцгаах хэрэгтэй.

-МАН ирэх сонгуулиар МАХН-тай хамтарна гэсэн яриа явж байгаа. Энэ асуудлаар өчигдөр орой хоёр намын ЕНБД нар уулзсан байна?

– Дандаа л уулзаж байдаг ш тээ. Уулзаж л байг л дээ. Би энэ дарангуйлал, засгийн газрын увиагүй үйлдэл хоёрыг сөрөн зогсохын тулд яг өнөөдөр шуламтай нэгдэхэд ч бэлэн байна. Үүнийг зогсоох ёстой. Эрх баригчид ийм галзуу байж болохгүй. Уг нь би шуламтай нэгдэхгүй байж байгаад мөнх бусыг үзэх юм сан гэж боддог. Гэтэл ийм үг хэлэх үг өдөр ирдэг юм байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж