МАН-ын доодохыг харж Монгол турж үхнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

МАН-ын доодохыг харж Монгол турж үхнэ

МАН-ын доодохыг харж Монгол турж үхнэ

Эрх баригч МАН-аас “элгээрээ хэвтсэн, хар жагсаалтад орсон, хямарсан эдийн засаг” хүлээж авсан эрх баригч МАН-ын шинэ коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн багц арга хэмжээ ирэх аравдугаар сард дуусна. Гэвч үүнд санаа зовж байгаа дарга, цэрэг одоогоор алга. Дэлхийн даяар шинэ коронавирусийн халдвар, хямрал гээд, эрүүл мэнд, эдийн засгийн эрсдлээ хамгаалах бодлого, хөтөлбөр боловсруулж суухад  МАН ч, Монголын төр ч, монголчууд ч амарч, зугаалж, айраг цагаа эргүүлсэн шигээ зусч байна. Мэдээж, зуны сар зургаа биш болохоор хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж таарна. Намраас эхлээд эдийн засгийн олон том, жижиг асуудал эрх баригчдыг ч, иргэдийг ч хүлээж буй юм.

УИХ-д дараалан ялалт байгуулж, засгийн тамгыг хоёр удаа хаших аз тохиосон У.Хүрэлсүхийн үед төгрөгийн ханш өдөр ирэх тусам “цаас” болж байна. Ардчилсан нам засгийн эрхээ МАН-д шилжүүлэхэд нэг ам.доллар 1900 төгрөгтэй тэнцэж байв. МАН засаг авснаас хойш ам.долларын ханш зогсолтгүй өссөөр, Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2845 төгрөгт хүрээд байна. Цаашдаа 3000 төгрөг болох олон эрсдэлт нөхцөл үүссэн. Гэтэл мах, гурил, төмснөөс бусдыг гаднаас авдаг монголчуудын хувьд ам.долларын ханшийн өсөлт инфляци хөөргөх шалтгаан болдог. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг.

Нэмээд шатахууны үнэ өнгөрсөн долоо хоногоос 50 төгрөгөөр нэмэгдсэн гээд эдийн засагт сайн мэдээ улам цөөрч байна.

Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого хумигдсаар. 2020 оны наймдугаар сарын 2-ны байдлаар Монгол Улс нийт 11,2 сая тонн нүүрс, 801 мянган тонн зэсийн баяжмал, дөрвөн мянган тонн төмрийн хүдэр экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нүүрсний экспорт 46.4 хувиар, зэсийн баяжмал 8.3 хувиар буурсан үзүүлэлт аж.

Товчхондоо, нүүрснээс улс төсөвт ордог мөнгөний тал нь байхгүй болжээ гэсэн үг. Хэрэвзээ цэрэг, танк ярьж цаг алдаагүй Гашуунсухайтын төмөр замыг тавьчихсан бол нүүрсний экспортынхоо 50 хувийг Монгол Улс алдахгүй байх бүрэн бололцоотой байсан. Манай дарга нарын эрх ашигт нийцэхгүй бол Монголын эрх ашиг цаашаа шүү дээ. 

Хэдэн жилийн өмнө Хятадад нийлүүлсэн нүүрсний экспортын хэмжээгээр Монголын хойно бичигдэж байсан Орос өдгөө бидний өмнө гарсан. Гэтэл 267 километр төмөр замаа тавьж чадахгүй суугаа Монгол нүүрсний зах зээлд ялах нь бүү хэл ялагдсан.

Нүүрсний экспортын орлого буурсан нь маш муу мэдээ. Орлого нь буурсан ч “иддэг ам” нь хэвээрээ нөхцөлд экспортын орлогоос сох дутсан мөнгийг хаанаас яаж олж, цалин тэтгэврээ цагтаа тавих нь хоёр Хүрлээгийн толгойг нэлээд гашилгах болов уу. Улсын төсвөөс 180 мянган хүн цалинжиж, 400 мянган хүн тэтгэвэр, тэтгэмж авдаг.

Ирэх дөрвөн жил У.Хүрэлсүхийн засаг 2.9 тэрбум ам.долларын өр барагдуулна.

  • 2021 онд Мазаалай бондын 600 сая ам.доллар,
  • 2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.доллар,
  • 2023 онд Гэрэгэ бондын 800 сая ам.доллар,
  • 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларыг цаг хугацаанд нь төлөхгүй бол Монгол Улс дефольт зарлах болно.

Нэг үгээр хэлбэл, МАН-д түмэн зовлон байна гэсэн үг.

У.Хүрэлсүхийн хуучин засгийн газраас иргэд, компаниуд болон эдийн засгаа дэмжих зорилгоор

  • Дөрөвдүгээр сарын сарын 1-нээс эхлэн аравдугаар сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс ААН-үүдийг бүрэн чөлөөлж тэглэх. Бүх ААН, компаниудыг 26 хувийн татвараас чөлөөлөх,
  • Дөрөвдүгээр сарын сарын 1-нээс эхлэн аравдугаар сарын 1-нийг хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байх,
  • Дөрөвдүгээр сарын сарын 1-нээс эхлэн аравдугаар сарын 1-нийг хүртэл зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдийн үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй байх,
  • Коронавирусийн халдварын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж буй хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг туслалцааг 3 сарын хугацаанд олгох,
  • Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгох, Зээлийн зөрүүг Засгийн газар хариуцна.
  • Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой 18 хүртэлх насны хүүхдэд 100 мянган төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн нь сар гаруйн хугацааны дараа дуусна.

Өөрөөр хэлбэл, иргэд аравдугаар сараас эргээд банкныхаа зээлийг төлж эхэлнэ. Хүүхдийн мөнгө буцаад 20 мянга болж буурна. Аж ахуйн нэгж, байгууллагууд татвараа төлнө гэсэн үг.

У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газрын эдийн засагт авч хэрэгжүүлэх арга хэмжээ одоогоор тодорхойгүй, дээр, дооргүй ёстой “сүх далайтал үхэр амгалан” байна. Сангийн сайдаар улиран томилогдсон Ч.Хүрэлбаатар “төсөвт тодотгол” хийхээр болсноо зарлаж, наймдугаар сарын 17-наас эхлэх ээлжит бус чуулганаар энэ талаар хэлэлцэнэ гэсэн хүлээлт бий. Уг нь сонгуулийн өмнө төсөвт тодотгол хийсэн бол алдагдал нь ядаж 2.2 их наяд хүрэхгүй байлаа. Тэгээд ч төсөвт тодотгол хийлээ гээд ам.долларын ханш тогтворжиж, нүүрсний орлого нэмэгдчихнэ гэсэн үг биш. Түр зуурын гал намжаасан арга хэмжээ. Ядаж байхад, Оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүсээ ял тулгаад, шоронд хийчихсэн. Хөрөнгө оруулагчид одоо Монголыг “гөлөөг” ч гэж тоохгүй болсон. Гэвч, энэ бүхэн бидний сонголт  болохоор, уйлаад яах вэ, Цэнцэрэн минь.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
16
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж