А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д нэг хүний биеийн байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д нэг хүний биеийн байдал хүнд байна

Тусгай үүргийн онгоцонд төрсөн хоёр ихэр нярайн бие тогтвортой сайн байгаа. Биеийн жин байгаа учраас эмчилгээ хийж байна.

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д нэг хүний биеийн байдал хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар өнөөдөр /2020.08.04 / ээлжит мэдээллээ хийлээ. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 тусгай дугаарт 141 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөмж авчээ.


Тусгай үүргийн онгоцонд төрсөн ихэр нярайн биеийн байдал тогтвортой байгаа. Тэдний биеийн жин бага байгаа учраас гэрийн тусгаарлалтынхаа хугацааг ХӨСҮТ-д үргэлжлүүлж буй юм байна.

 “ДАХИН ВИРУС ИЛЭРСЭН ХҮМҮҮСЭЭС 3-4 ШИНЖИЛГЭЭ ДАВТАН АВЧ, ШИЛЖҮҮЛЖ БАЙГАА”

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-2020 оны наймдугаар сарын 3-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ-ийн лабораторит нийт 611 хүнд шинжилгээ хийж, вирус илрээгүй. Үүнд, долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргээр ирсэн иргэд, долдугаар сарын 27-нд Франкфуртаас ирсэн иргэд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүн,  ажиглах байранд ажиллаж байсан 35 эмч, ажилтнууд, сувилалд байгаа долоон хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурав, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 жолоочийн давтан шинжилгээ багтсан.

Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 293 болж байна. Эдгээрээс эдгэрсэн нь 230, эмчилгээ хийлгэж байгаа 63 хүн байна. Тэдний 59 хүний биеийн байдал хөнгөн бөгөөд гурван хүний бие хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байна. Одоо ХӨСҮТ-д 88 хүнд эмчилгээ хийж, эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Халдвар авч эдгэсэн хүмүүсийг ХӨСҮТ-ээс гарсны дараагаар сувилалд 14 хоног тусгаарладаг. Ингэхдээ долоо хоног бүр шинжилгээ авдаг. Дараагаар  нь 14 хоног гэрийн ажиглалтад  байлгана. Бас энэ хугацаанд шинжилгээ авна. Өөрт нь зөвлөмж өгөөд хяналтаас гаргадаг. Өнөөдрийн байдлаар сувилалд 17, гэрийн ажиглалтад 47, ажиглалтаас гарсан 166 хүн байна. Сувилалд шилжиж, дахин вирус илэрсэн хүмүүсээс 3-4 шинжилгээ давтан авч, хариу сөрөг гарсны дараа гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа.

“УРЬД ШӨНӨ ТУСГААРЛАХ БАЙРНААС НЭГ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ ХӨСҮТ-Д ШИЛЖСЭН”

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-Өнгөрсөн долоо хоногт таван удаагийн нислэгээр ирсэн 1221 иргэнийг хүлээн авсан. Үүнээс Цэргийн төв эмнэлэгт 43, ХӨСҮТ-д 12 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа бол бусад нь тусгаарлах байранд байна. Мөн Замын-Үүд, Алтанбулагийн боомтоор орж ирж буй ачаа тээврийн жолооч, иргэдэд тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тусгаарлан ажиглах байраар дамжин 16.288 иргэн тусгаарлалтад байлаа. Өнөөдөр 2677 иргэн тусгаарлах байранд байж, урьд шөнө 23 иргэн шинээр нэмэгдсэн. Тусгаарлан ажиглах байранд тав хүртэлх насны 190 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 62, хорт хавдартай зургаа, хөгжлийн бэрхшээлтэй долоо, бусад өвчтэй 537 иргэн байна. Эдгээр иргэнд 30 их эмч, 97 резидент эмч, 74 бусад мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид ажиллаж байна. Нийслэлд гэрийн тусгаарлалтад 1465 хүн байгаа бөгөөд 140 өрхийн эрүүл мэндийн төв тусламж үзүүлж байгаа.

Иргэд гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа дүүрэг хооронд, хөдөө орон нутаг руу шилжих байдал их байна. Нийслэлд 970 иргэн ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийсэн бол аймгуудаас 702 иргэн нийслэлд орж ирсэн. Орон нутагт 591 хүн тусгаарлах байранд байна. Бид түргэвчилсэн PCR оношлуураар 37.732 удаагийн шинжилгээг хийсэн. Цэргийн төв эмнэлэгт 76 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт гурван хүн хүнд байна. Мөн хавдар, мэс заслын дараах эмчилгээтэй 12 хүн эмчилгээ хийлгэж байгаа. Мөн гэрийн тусгаарлалтаас нэг жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д ирж, төрсөн. Одоо хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Урьд шөнө бас нэг жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д  тусгаарлах байрнаас дотор муухайрч, толгой өвдөх зовиуртайгаар шилжсэн.

Наймдугаар сард УОК-ын төлөвлөснөөр нийт 14 удаагийн тусгай үүргийн онгоцны нислэгээр 3459 иргэн ирнэ гэдгийг мэдээлсэн. Бид иргэдээ хүлээн авахаар ажиллаж байна. Улсын онцгой комиссын Шуурхай штабад Төлөвлөлтийн багийнхан чиглэл чиглэлээрээ явж, тусгаарлах байруудтай танилцаж, бэлтгэж байгаа. Жишээлбэл, наймдугаар сард гадаадаас 3500 орчим хүн орж ирлээ гэхэд урьдчилсан төлөвлөгөөг Шуурхай штаб дээр гаргаж явдаг. Бид урьдчилсан тооцооллоор 20 мянга орчим тусгаарлах байр бэлтгэх боломжтой гэх тооцоолол байгаа ч яг ашиглалтад ашиглаж буй тусгаарлах байрны тоо Шуурхай штаб дээр эцэслэн гаргаж байгаа.

“МОНГОЛ ЭРДЭМТЭД ДЭЛХИЙН ВИРУСИЙН САНД ВИРУС БҮРТГҮҮЛСЭН”

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн салбарт хийж буй бүх судалгааны урьдчилсан дүнгийн талаарх танилцуулгыг сонссон. Энэ үеэр Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа тэргүүтэй судлаачид “Монголд ямар вирус эргэлтэд байгаа вэ” гэдэг судалгааны ажлаа танилцуулж, 10 вирусийг ялган авч, Эрүүл мэндийн олон улсын байгууллага руу явуулсан юм билээ. Тэр дундаас нэг вирусийг нь сонгон авч, дэлхийн вирусийн санд бүртгэж авсан амжилтыг гаргасан.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Monday, August 3, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж