Б.Батзоригт 40 сая төгрөгөөр торгох ял оноов

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Б.Батзоригт 40 сая төгрөгөөр торгох ял оноов

Б.Батзоригт 40 сая төгрөгөөр торгох ял оноов

НЭМЭЛТ: 14:00 ЦАГ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 13 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 22-нд хүлээн авч, 2020 оны наймдугаар сарын 4-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийв.

Яллагдагч Б.Батзориг болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокурорын гаргасан хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар саналыг хүлээн зөвшөөрснийг шүүхээс хүлээн авч, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.БАТЗОРИГТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРЛЫГ ТОВЛОНО

УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11.00 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд эхлэх юм.

Түүнийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал үүсгэж, жилийн гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүдэд олгосон, мөн өөрийн хамаарал бүхий компанид тэрбумын зээл авсан зэрэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлсэн юм.

ЖДҮХС-г “цөлмөсөн” хэргээр одоогоор нэг л хүнд хариуцлага тооцсон нь УИХ-ын гишүүн асан Г.Солтан юм.

Шүүхээс түүнд гурван жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан. Эрх мэдлээ ашиглаж өөрийн хамараал бүхий "Монгол шаазан" компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгасан юм.

Өмнөх парламентын үед дуулиан тарьсан ЖДҮХС-гийн асуудалтай холбогдуулан тухайн үед Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан УИХ-ын нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж байсан ч УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжилгүй, унагаж авч үлдсэн.

Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулан жилийн дараа нь буюу УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахаас ердөө хоёр сарын өмнө Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасныг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байсан билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж