Архангай аймгийн Тариат сум орчимд өчигдөр /2020.08.03/ мөндөр оржээ. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурчаас тодруулахад "Архангай аймгийн цаг агаарын ажиглалтын талбайд мөндөр ороогүй учраас хэмжилт хийгдээгүй. Гэхдээ Тариат сум орчмын хэсэг газарт өчигдөр мөндөр орсон. Зарим иргэд зун цас орсон гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Тухайн үед мөндөр орох үүл бүрдсэн байсан” гэв.
Архангай аймагт наймдугаар сарын 4, 6, 9-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар бороо орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
2020 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5-НААС 9-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сарын 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
А.СҮРЭН