Нийслэлийн Байгаль орчны газар байгаль хамгаалагчдын дунд “Хавхгүй нийслэл-2020” аян эхлүүлэв. Энэхүү аян нь манай орны зарим нутаг тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтныг хавх, урхи ашиглан барьж гэмтээх, хууль бусаар агнах гэмт хэргийг илрүүлэх, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Ан, амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна. Хавх, урхи ашиглан тарвага агнах нь тарваган тахал өвчин гарах эрсдэлийг нэмдэг аж.
Нийслэлийн Байгаль орчны газар "Хавхгүй нийслэл” аяныг анх 2017 онд нийслэлийн нутаг дэвсгэрт эхлүүлж, тухайн онд 41, 2018 онд 38 хавхыг тус тус нийслэлийн ногоон бүсээс хураан устгажээ. НБОГ энэ оны зургадугаар сард БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу суурьшлын бүсээс тархац нутаггүй болсон 32 монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулсан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ