Испанийн хаан авлигын мөнгөө нууц амрагтайгаа хуваасан уу?

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Испанийн хаан авлигын мөнгөө нууц амрагтайгаа хуваасан уу?

Испанийн хаан авлигын мөнгөө нууц амрагтайгаа хуваасан уу?

Испани улсын өмнөх эзэн хаан Хуан Карлос авлигын хэрэгт холбогдсоны улмаас эх орноосоо дүрвэх болсноо өчигдөр /2020.08.03/ зарлажээ. Тэр аль улс руу дүрвэх гэж байгаа нь тодорхой бус байна. Өдгөө 82 настай тэрбээр өөрийн хүү, одоогийн эзэн хаан VI Фелипт хаягласан захиандаа энэ талаар бичсэн байна.

Хуан Карлосын нууц амраг байсан Германы бизнесмэн эмэгтэй Коринна Ларсентай холбоотой баримтууд  2018 онд хэвлэлд ил болсноор энэ бүх дуулиан эхэлжээ. Саудын Арабаас түүний нэр дээр илгээсэн хууль бус мөнгөний асуудал олонд дэлгэгдэж, энэ хэргийг Испани, Швейцарийн хуулийн байгууллагууд ажиллаж эхэлсэн юм.

Тухайлбал, 2008 онд Саудын Арабаас 100 сая ам.долларыг түүний Швейцарийн банкин дахь нууц данс руу шилжүүлж байжээ. Испанийн шүүх өнгөрсөн зургадугаар сард энэ мөнгийг шалгаж эхэлсэн ч эзэн хааны халдашгүй эрхийн дагуу зөвхөн хаан ширээнээс бууснаас нь хойшхи хугацааны үйл ажиллагааг шалгаж байгаа юм.

Тухайн үед Испанийн компаниуд Саудын Арабын шашны ариун газрууд болох Мекка, Медина хотуудыг өндөр хурдны төмөр замаар холбох найман тэрбум ам.долларын тендерт шалгараад байсан ба үүнд нь Эзэн хаан дэмжлэг үзүүлснийхээ хариуд их хэмжээний авлига авч, нууц амрагтайгаа хуваасан гэж хуулийн байгууллага үзэж байгаа аж.

Энэхүү авлигын дуулианы дараагаар түүний хүү, одоогийн эзэн хаан VI Фелип ард түмний итгэлийг олж авахын тулд өв залгамжлалаасаа татгалзаж, эцэг хаанд жил бүр ордноос төлдөг 228 мянган ам.долларын тэтгэмжийг зогсоох шийдвэр гаргаж байв.

Хуан Карлос нь Франциско Франкогийн фашист дэглэм нуран унасны дараа буюу 1975 онд хаан ширээнд заларч, 38 жилийн турш тус улсыг удирдаж, 2014 онд хүүдээ хаан ширээгээ залгамжлуулсан юм. Тэрбээр фашист дэглэмээс Испани орныг гаргаж, ардчилсан нийгэмд шилжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн хэмээн хүндлэгддэг нэгэн юм.

Эх сурвалж: BBC, AP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж