БНСУ дахь гадаад эмэгтэйчүүд, мөрөөдлийн гэрлэлт, хүчирхийлэл

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

БНСУ дахь гадаад эмэгтэйчүүд, мөрөөдлийн гэрлэлт, хүчирхийлэл

БНСУ дахь гадаад эмэгтэйчүүд, мөрөөдлийн гэрлэлт, хүчирхийлэл

Вьетнам улсын иргэн Тринх гэх бүсгүй анх хосуудыг зуучилж, танилцуулдаг хүнээр дамжуулж, хожим өөрийг нь хөнөөх алуурчинтай  танилцаж байжээ. Тухайн үед тэр 29 настай, харин түүний ирээдүйн нөхөр болох солонгос эр Шин /Өмнөд Солонгосын хуулийн дагуу нэрийг өөрчлөв/ 50 орчим настай байсан гэж хавтаст хэрэгт бичигдсэн байна. Тринх солонгос хэл сайн мэдэхгүй, вьетнамаараа ярьдаг, нөхөр нь төрөлх хэлээрээ ярьдаг байж.

Тэд 2018 оны арваннэгдүгээр сарын 4-нд танилцаад, бараг маргааш нь шахуу Вьетнам явж, Тринх өнөөх солонгос эрийг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж, тэндээ гэрлэсэн байна. Ингээд удалгүй нөхөр нь нутаг буцаж, Тринх гэртээ үлдээд долоон сарын дараа тэр нөхөр дээрээ, Өмнөд Солонгост эргэн иржээ. Өмнөд Солонгост хөл тавьснаас ердөө гуравхан сарын дараа Тринх солонгос нөхрийнхөө гарт амь үрэгдсэн юм.

Тринх  зуучлагчаар дамжуулан солонгос эрчүүдтэй гэр бүл болсон мянга мянган гадаад эмэгтэйчүүдийн нэг байсан. Гадаадын эмэгтэйтэй гэр бүл болох зуучлах үйлчилгээг тус улсын Засгийн газраас төдийгүй орон нутгийн удирдлагаас ч дэмждэг байна.

Мэдээж, зарим хосууд  аз жаргалтай амьдардаг. Гэвч ингэж зуучлагчаар дамжуулж, солонгос эрчүүдтэй гэр бүл болж буй эмэгтэйчүүд нь ихэвчлэн гадаадын цагаач ажилчид байдаг ба харамсалтай нь тэдний гэрлэлт хүчирхийллээр дүүрэн цаашлаад амь насаа алдаж дуусдаг байна.

Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссийн 2017 онд явуулсан судалгаагаар солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийн 42 хувь бэлгийн, бие махбодийн, санхүүгийн хувьд хүчирхийлэл дунд амьдардаг гэж хариулжээ. Харин тус улсын Хүйсийн тэгш эрх, гэр бүлийн яамнаас өнгөрөгч 2019 онд явуулсан судалгаагаар солонгос эхнэрүүдийн 29 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулцсан байна.

Мэргэжилтэн судлаачдын үзэж буйгаар дээрх шиг зуучлалаар гадаад эмэгтэйчүүдтэй гэр бүл болж буй эрчүүд нь ихэвчлэн бэлгийн дур хүслээ хангах зорилго агуулж байдаг,  тус улсын нийгэмд гүн гүнзгий шингэсэн ялгаварлан гадуурхах үзэл нь тэдгээр хохирогчдын амь нас, сэтгэл санаа, бие махбодиороо хохирох гол шалтгаан болдог байна.

-Харилцааны асуудал-

Тринхийн жишээнээс харвал тэр нөхөртэйгөө харилцахдаа асуудалтай байжээ. Вьетнамаас Өмнөд Солонгост ирснийхээ дараа тэд хэсэг хугацаанд тусдаа амьдарсан байна. Энэ хугацаандаа тэд мессежээр харилцаж, Тринх нөхрөөсөө санхүүгийн хувьд дэмжлэг хүсч, ингэх бүрт тэд хэрэлддэг байсан тухай хавтаст хэрэгт бичжээ. Хэдэн сарын турш Вьетнамд төрөлх гэртээ байсан Тринх 2019 оны наймдугаар сарын 16-нд Өмнөд Солонгост ирж, Кёнги мужийн Янжу хот дахь нөхрийнхөө гэрт хамт амьдрах болсон байна.

Хамт амьдарч эхлээд л тэд хэлний бэрхшээл, соёлын ялгаатай байдал, санхүүгийн асуудлаас болж үргэлж маргалддаг байжээ.

Гурван сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 16-нд Тринх өөр хотод амьдардаг хамаатныдаа очиж амьдрахаар шийдсэн тухайгаа хэлтэл нөхөр нь түүнийг явахыг эсэргүүцэж, хэд хэдэн удаа хутгалж, хэрцгийгээр хөнөөсөн байна. Дараа нь Шин түүний цогцсыг гялгар уутанд битүү ороож машиндаа ачаад, гэрээсээ 200 орчим километрийн зайд орших жимсний тариалангийн талбайд аваачин булжээ. Үүнээс таван сар орчмын дараа Шингийн хийсэн хэрэг илэрч, 15 жилийн хорих ял сонсчээ.

-Өмнөд Солонгос дахь харийн бэрүүд-

Өмнөд Солонгосын хөдөө орон нутагт хүйсийн тэнцвэргүй байдал олон арван жилийн турш орон нутгийн удирдлагуудын “шүдний өвчин” байсаар иржээ. Залуу бүсгүйчүүд нь ажил хийх, сурах, хүнтэй гэрлэхээр хот суурин газар барааддаг бол эрчүүд нь хөгшин эцэг эхээ асрах, газар тариалан эрхлэхээр хөдөөдөө үлддэг.

1980-аад оноос орон нутгийн удирдлагууд зуучлагчийн газруудыг дэмжиж эхэлсэн бөгөөд орон нутгийн эрчүүдэд залуу эмэгтэйчүүдийг зуучилж өгсөн хүмүүст, гэрлэлт тутамд 4-6 сая воны урамшуулал олгодог байжээ. Үүнээс хойш зуучлагчид зөвхөн эх орноосоо гэлтгүй гадаад охид эмэгтэйчүүдийг “ангуучлах” болжээ. Тэд ихэнхдээ Вьетнам, Филиппин, Камбож зэрэг Азийн улсуудын эмэгтэйчүүдийг сонгодог байна.

Өдгөө ийм төрлийн зуучлах үйлчилгээ үзүүлдэг нэг төрлийн бизнес тус улсад борооны дараах мөөг шиг цэцэглэж байна. 2020 оны тавдугаар сарын байдлаар тус улсын хэмжээнд зуучлах үйлчилгээ үзүүлдэг 380 гаруй газар байна гэж статистик мэдээнд дурджээ.

Энэ үйлчилгээгээр солонгос хүнтэй танилцаж буй эмэгтэйчүүдийн ихэнх нь вьетнамчууд байх ба тэд ихэвчлэн хөдөө орон нутгийн бэр болдог. Тухайлбал, Өмнөд Чолла мужид гэхэд өмнө нь гэрлэж байгаагүй 35-аас дээш насны эрэгтэйд гадаад эмэгтэйтэй гэрлэвэл таван сая воны урамшуулал олгодог аж.

2018 оны байдлаар 16608 солонгос эр гадаад бүсгүйтэй гэр бүл болсны 6000 гаруй нь Вьетнам, 3600 орчим нь Хятад, 1500 гаруй нь Тайландын иргэдтэй гэр бүл болжээ. Үлдсэн хувийг ихэнх нь Азийн бусад улсын эмэгтэйчүүд эзэлж байна.

Гадаад эхнэрүүдийн ихэнх нь Вьетнам улсын иргэд байгаа нь цэвэр санхүүгийн асуудлаас болсон байдаг. Вьетнамд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 6900 ам.доллар /2017 оны байдлаар/ байхад Өмнөд Солонгост энэ тоо 39500 байдаг. Тэд ихэвчлэн залуухан охид эмэгтэйчүүд байх ба илүү сайхан амьдрал мөрөөдөж Өмнөд Солонгост ирдэг. Мөн тэдний гол зорилго нь ард нь үлдэж буй ар гэр рүүгээ мөнгө явуулах байдаг.

2017 оны байдлаар зуучлалын газарт хандаж буй солонгос эрчүүдийн дундаж нас нь 43,6 бол ийм байгууллагаар дамжиж солонгос хүнтэй гэрлэж буй гадаад эмэгтэйчүүдийн дундаж нас 25,2 байдаг.

Маш ноцтой нэг асуудал бол гадаад эхнэр зуучлах үйлчилгээ сүүлдээ хүний наймааны сүлжээ болж буй явдал юм. 2010 онд Камбож улс тус улсын иргэнийг Өмнөд Солонгосын иргэнтэй гэр бүл болохыг хуулиараа хоригложээ. Үүний дараа Вьетнамын эрх баригчид ч энэ тал дээр анхаарлаа хандуулах болсон байна.

Мөн Өмнөд Солонгост ч энэ асуудлыг чангатгаж, 2014 оноос Өмнөд Солонгосын иргэн гадаад хүнтэй гэр бүл болохын тулд эхнэр болж буй хүн нь солонгос хэлтэй эсвэл тэд гуравдагч хэлээр чөлөөтэй ойлголцдог байхыг шаардаж эхэлсэн. Гэхдээ энэ журам амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэх нь эргэлзээтэй. Өмнөд Солонгос улс өнгөрсөн жил өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан эрэгтэйг гадаад хүнтэй гэр бүл болохыг нь хориглох хууль санаачилсан бөгөөд энэ хууль 2020 оны аравдугаар сараас хэрэгжиж эхлэх аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж