“АНУ-аас ирсэн үлэг гүрвэлийн олдворыг музейд өгсөн”

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

“АНУ-аас ирсэн үлэг гүрвэлийн олдворыг музейд өгсөн”

“АНУ-аас ирсэн үлэг гүрвэлийн олдворыг музейд өгсөн”

Үлэг гүрвэлийн олдвор, судалгаагаар дэлхийд тэргүүлэх гурван улсын нэг бол Монгол Улс. Одоогоос найман жилийн өмнө АНУ-д Монгол Улсынх байж болзошгүй үлэг гүрвэлийн олдворыг дуудлага худалдаагаар оруулах гэж байсан нь олны анхаарлыг татаж, багагүй дуулиан болсон. Ингэснээр шүүхийн шийдвэрээр буцаан Тарбозавр Батаарыг эх оронд нь авч ирсэн түүхтэй. Тэр цагаас хойш дөрөв дэх удаагийн үлэг гүрвэлийн олдвор эх орондоо ирээд буйг эрдэмтэн судлаач нар онцоллоо.

 Хамгийн сүүлд зургадугаар сарын 24-нд тусгай үүргийн онгоцоор АНУ-аас ирсэн үлэг гүрвэлийн олдворыг Байгалийн түүхийн музейд хүлээлгэн өгчээ. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатартай ярилцсанаа хүргэе.  


-Өнгөрөгч зургадугаар сард АНУ-аас тусгай үүргийн онгоцоор үлэг гүрвэлийн олдворуудыг тээвэрлэн авч ирсэн. Эдгээр олдвор одоо хаана хадгалагдаж байгаа вэ?

-Байгалийн түүхийн музейд хүлээлгэн өгсөн. Хууль бусаар хил гарсан соёлын үнэт өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо тээвэрлэн авч ирэх ажил тун амаргүй. Их ч олон хүний хичээл зүтгэл ордог. Миний бие мэргэжлийн палеонтологич хүний хувьд энэ олдворыг хүлээж авах ажлын хэсэгт багтсан. Монголоос хууль бусаар хил гаргасан учраас ямар нэр төрлийн олдвор вэ гэдгийг таньж мэдэх шаардлагатай. Тийм учраас манай хүрээлэнгээс надаас гадна хоёр судлаач ажиллаж, анхан шатны бүртгэл, баримтжуулалтыг хийсэн. Мөн Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагын төлөөллүүд хамтран ажилласан.

Өнгөрөгч зургадугаар сарын 24-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор дөрвөн багц, 11 хайрцаг үлэг гүрвэлийн олдвор ирсэн. Уг олдворын дагалдах бичиг нь шаардлага хангахгүй, жирийн хүний нүдээр харахад бүрэн бүтэн музейд шууд тавихаар олдвор ирлээ гэж ойлгогдохоор байсан. Бид нэг бүрчлэн дарааллын дагуу задалж, нарийвчлан морфологи бичиглэлийг нь хийсэн.

Анхны байдлаар харахад, палеонтологийн олдвор цуглуулагч нь техник боловсруулалт дутуу хийсэн, чулуужсан яснуудын анх олдсон газрын хурдас чулуулгаар таних боломж бага, зарим хэсгийг нь нөхсөн, эвдэрч, элэгдсэн байсан. Ихэнх олдворуудын гарал үүсэл тодорхой бус, мэргэжлийн бус хүн шинжлэх ухаанд өмнө нь нэрлэж байгаагүй нэр өгч, хайрцаг саванд хийхдээ өөр хооронд нийлүүлсэн байв. Техник боловсруулалт хийхдээ олон сая жил хадгалагдсан чулуулгаас нь салгахын тулд их цаг хугацаа шаарддаг маш нарийн ажиллагаа юм.

Дөрвөн багц, 11 хайрцаг үлэг гүрвэлийн олдвор ирсэн гэлээ. Энэ удаагийн олдворуудаас сонирхол татсан, нэн ховор зүйл байв уу?

-Хайрцаг болгоныг нэг нэгээр нь задлан олдворуудыг нэг бүрчлэн гаргасан. Ингэхдээ үлэг гүрвэлийн ясан биеийн элемент тус бүрд морфологийн ажиглалт хийж, Монгол орноос өмнө тогтоогдсон ижил төст төрөл зүйлийн онцлог шинжүүд байгаа эсэхийг шалгаж, нарийвчилсан гэрэл зургуудыг авч, дүрс бичлэгээр баримтжуулсан.

Эхний хайрцагаас нугас хошуут үлэг гүрвэл байж болох нэлээд том хэмжээтэй амьтны шанааны яс, махан идэшт үлэг гүрвэлийн хуруу, шүд, хумс, толгойн хэсгийн яснууд бүрэн бус байдалтай байсан бол сайтар танигдах шинжээрээ аварга махан идэшт үлэг гүрвэл Тарбозаврын тавхайн яс, дараагаар нь жижгэвтэр Тираннозавройд махан идэшт гүрвэлийн толгойн яс байсан. Энэ олдворын хувьд хадгалалт, хамгаалалт нь харьцангуй сайн байсан.

Протоцератопсын толгойн яс, аварга махан идэшт Тарбозаврын том хэмжээтэй толгойн яс, эвэрт үзэг гүрвэл протоцератопсын толгойн яс гарч ирсэн. Сонирхол татсан олдвор гэвэл том хэмжээтэй Тарбозавр батаарын толгойн яс байсан. Бас өмнө нь Монголоос олдож байсан эвэрт үлэг гүрвэлүүдэд тохиолдож байгаагүй том хэмжээний толгойн ясны хэсэг гарч ирсэн. Уг олдворын нүдний цагираг гэж  яс нь хадгалагдсан байх нь нэн ховор тохиолдол юм.

-Хууль бусаар хил гарсан үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь буцаан авч ирэхэд хэр их мөнгө зарцуулдаг вэ?

-Би тэрийг хэлж мэдэхгүй. Мэдээж багагүй мөнгө орж байгаа. Хилээр хууль бусаар гаргасныг нь илрүүлж, эх оронд нь буцаах хүртэлх зардлыг АНУ хариуцдаг. Эх оронд нь буцаах шийдвэр гарвал тухайн орон зардлаа гаргах ёстой. Хэдэн жилийн өмнө БНСУ-ын шүүхээр Монголын олдвор гэдгийг тогтоож, эх оронд нь буцаах болоход 50 сая төгрөгийн зардал хэрэгтэй болж байсан санагдана. Гадаадаас энэ мэт соёлын өвөө авч ирэхэд шууд олон нийтэд дэлгэн үзүүлэх боломжгүй. Яагаад гэвэл тэр олдворуудын алдагдсан мэдээллийг нөхөж, гарцаагүй болгох шаардлагатай.

Олон улсын ёс зүйн зарчимд хууль бусаар олж авсан үлэг гүрвэлийн олдворыг эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн  эргэлтэд оруулахыг хориглодог. Тэр байдал Монголд 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл ирсэн олдворуудад хийгдээгүйд сэтгэл эмзэглэдэг.

-Эдгээр олдворын анхдагч мэдээллийг заавал олж судлах ёстой гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ Байгалийн түүхийн музейд үлэг гүрвэлийн олдворын алдагдсан анхдагч мэдээллүүдийг олж авах судлах боловсон хүчин байхгүй. Палеонтологич нэртэй хүмүүс байдаг ч үлэг гүрвэлийн чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс биш.

-Монгол Улсад хариуцлага тооцсон тохиолдол байдаг уу. Хууль эрх зүйн орчинд хэрхэн зохицуулж байна вэ?

-Би хувьдаа үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар хил гаргасан хүнд хариуцлага тооцсон тохиолдлыг санахгүй байна. Гадаад оронд хууль бус наймаачдыг илрүүлж, хатуу хариуцлага тооцдог. Гэтэл Монголд гадаадын хүн шууд орж ирээд. үлэг гүрвэлийн олдвор авч явахгүй шүү дээ. Монголчууд өөрсдөө оролцсон байж таарна.

Тэр хүмүүс нь өдийг хүртэл илэрдэггүй. Одоо Соёлын өвийн тухай хуулиар зохицуулж байгаа ч хэрэгжиж байсангүй. Мөн Эрүүгийн тухай хуулиндаа Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гээд нэмэлт өөрчлөлт шинээр орсон. Хуучин Эрүүгийн хуулинд түүх соёлын дурсгалыг хил давуулбал хэдэн жилээр хорино гэж ганцхан өгүүлбэр байсан.

-Өнгөрөгч 2012 онд Тарбозавр батаарыг АНУ-д дуудлага худалдаагаар оруулах гэж байсныг шүүхийн шийдвэрээр буцаан, эх оронд нь авч ирж байсан. Тэр цагаас хойш хэд дэх удаагаа гадаадаас үлэг гүрвэлийн олдвороо буцаан авсан бол?

-Хууль бусаар хил гаргасан олдворын анхдагч мэдээлэл огт байдаггүй. Тиймээс ийм палеонтологийн олдворын үнэ цэнэ маш их буурдаг. Эдгээр олдворыг дахин маш их судалж байж сэргээх бололцоотой. Энэ ажлыг цаашид хийх ёстой. Өнгөрсөн 2012 онд анх АНУ-ын Флорида мужийн  дуудлага худал­даагаар Монголынх байж болзошгүй үлэг гүрвэлийн олдвор зарагдах гэж байна гээд дуулиан болсон шүү дээ. Тэр үед тухайн үеийн Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж нэхэмжлэх гаргаж, Тарбозавр батаа­рын ясыг шүүхийн шийд­вэрээр буцааж авсан.

Үлэг гүрвэлийн олдвор Монголынх гэдгийг баттай тогтоож чадвал Монголд нь буцаах эрх зүйн үндэслэлтэй олон улсын конвенци бий. Энэ удаагийн үлэг гүрвэлийн олдворууд тэр конвенцийн дагуу орж ирсэн. Тэр цагаас хойш дөрөв дэх удаагийн үлэг гүрвэлийн олдвор эх орондоо ирсэн нь энэ.

Монголд 1990-ээд оны дундаас палеонтологийн хууль бус малтлага хийж эхэлсэн. Тэр дуулианаас өмнө хууль бусаар хэн дуртай нь орон нутгийнхантай нийлж, хил гаргадаг байсан. Тэрний уршиг одоо гарч байна.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж