Тойм: Европын хөлбөмбөгийн топ таван лиг өндөрлөлөө | News.MN

Тойм: Европын хөлбөмбөгийн топ таван лиг өндөрлөлөө

Тойм: Европын хөлбөмбөгийн топ таван лиг өндөрлөлөө

Тойм: Европын хөлбөмбөгийн топ таван лиг өндөрлөлөө

Европын гэлтгүй дэлхийн хөлбөмбөгийн топ таван лигийн 2019-2020 оны улирал өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. Энэ улирлын хувьд шинэ коронавирусийн халдварын улмаас гурван сар гаруй хугацаанд завсарлаж, олон төлөвлөгдөөгүй зүйлс өрнөж, хөлбөмбөгийн дүрэм журамд хүртэл тодорхой заалтууд нэмэгдсэн. Жишээлбэл, тоглолтын дундуур ус уух завсарлага нэмэгдэж, солилцоо хийх тоо тав хүртэл болж, хамгийн гол нь бүх тоглолтууд үзэгчгүй, хаалттай цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байлаа. Уншигч та бүхэндээ Европын топ таван лигийн тоймыг хүргэе.

Английн Премьер лиг

Хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн их мөнгө эргэлддэг Английн Премьер лигийн тун сонирхолтой болж өндөрлөлөө. Мерсисайд хотын улаан баг болох Ливерпүүл 30 жилийн дараа Английн хөлбөмбөгийн дээд лигт түрүүлж, Юрген Клоппын удирдлага дор хүчирхэг байгаагаа харуулсан. Харин Манчестер Сити баг Европын клубуудын томоохон тэмцээнүүдэд оролцох эрхээ хоёр жилээ хасуулаад байсан ч эргэн сэргээлгэж чадсан юм.

Аварга баг – Ливерпүүл

УЕФА Аваргуудын лигийн эрх авсан багууд – Ливерпүүл, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Челси

Европа лигийн эрх авсан багууд – Лестер Сити, Тоттенхэм Хотспур, Арсенал

Арсенал баг хэдийгээр Премьер лигийн хүснэгтийн наймдугаар байранд шалгарсан ч холбооны цомын тэмцээнд түрүүлснээр Европа лигт оролцох эрхтэй болсон юм.

Доод лиг рүү унасан багууд – Норвич Сити, Уотфорд, Борнмут

Лигийн шилдэг мэргэн бууч “Алтан шаахайн эзэн”– Лестер Сити багийн довтлогч Жейми Варди 23 гоол оруулсан

Лигийн шилдэг хаалгач “Алтан бээлийн эзэн”– Манчестер Сити багийн хаалгач Эдэрсон 16 тоглолтонд хаалгандаа гоол алдаагүй

Лигийн шилдэг плэймэйкер – Манчестер Сити багийн хагас хамгаалагч Кевин де Брюйне 20 гоолын дамжуулалт өгсөн.

Кевин де Брюйне Тьерри Анригийн тогтоосон нэг улиралд 20 гоолын дамжуулалт өгсөн Премьер лигийн түүхэн амжилттай зэрэгцсэн.

Гэнэтийн бэлэг барьсан баг – Улирал эхлэхийн өмнө хөлбөмбөгийн аналист, тайлбарлагч нар Фрэнк Лампардаар удирдуулсан залуу бүрэлдэхүүнтэй Челсиг топ дөрөвт багтаж чадахгүй хэмээн үзэж байлаа. Челси багийн хувьд ч солилцоо наймааны цонхоор шинээр тоглогч авч чадахгүй байдалд хүрч академийнхаа залуу тоглогчдод боломж өгөхөөс өөр сонголтгүй болсон. Залуу дасгалжуулагч, залуу тамирчид тун сайн тоглолтыг үзүүлж топ дөрөвт багтаж чадсан юм. Ирэх шинэ улирлаас эхлэн тэдний бүрэлдэхүүнд Хаким Зиеш, Тимо Вернер гэх мэт Европын шилдэг тоглогчид хүчин зүтгэх болно.

Хүлээлтэнд хүрээгүй баг – 2018-2019 оны Европын хөлбөмбөгийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн шигшээ шатанд шалгарсан ч харамсалтайгаар мөнгөн медаль хүртсэн Тоттенхэм Хотспур баг энэ улиралд тун тааруу амжилтыг үзүүлсэн. Үндсэн бүрэлдэхүүнээ бараг тэр чигээр нь хадгалж үлдсэн Тоттенхэмийг хүснэгтийн зургадугаар байранд бичигдэнэ гэж олон хүн бодоогүй. Багийнхаа гол хагас хамгаалагч Кристиан Эриксэнг Италийн Интер Милан руу худалдсан ч тэд Испанийн Реал Бетис багаас залуу авьяастан Жиовани Ло Селсог худалдан авах нөхцөлтэйгээр зээлээр тоглуулан төвийн шугамын шархаа нөхсөн гэж бодож байсан ч үгүй байжээ. Мөн Францын Олимпик Лион багаас багийнхаа түүхэн дэх рекорд үнээр буюу 60 сая фунтээр Танги Ндомбелег, Английн Фулхем багаас 25 сая фунтээр залуу авьяастан Райан Сессеньонг, Недерландын ПСВ багаас 32 сая еврогоор залуу довтлогч Стивен Бергвейн нарыг тус тус худалдан авсан ч тусыг эс олсон. Хамгийн чухал үйл явдал нь Тоттенхэм багийнхаа ахлах дасгалжуулагч Маурисио Почеттиног халж түүний оронд “онцгой нэгэн” Жозе Моуриньог авчирсан ч мөн л бахдам амжилтыг олсонгүй.

Испанийн Ла лиг

Кристиано Роналдо Ла лигээс явснаас хойш тус лигийн нэр хүнд мэдэгдэхүйц буурсан ч хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг Лионель Месси Ла лигт байгаа цагт тус лиг олны анхаарлын төвд хэвээр байх болно. Барселона баг лигийг тэргүүлж байсан ч улирлын төгсгөлд тун хариуцлагатай тоглолтууддаа оноо алдаж, ардаа явж байсан мөнхийн өрсөлдөгч болох Реал Мадрид багт түрүүлэх боломжийг нь олгочихсон.

Аварга баг – Реал Мадрид

УЕФА Аваргуудын лигийн эрх авсан багууд –Реал Мадрид, Барселона, Атлетико Мадрид, Севилла

Европа лигийн эрх авсан багууд – Вильярреал, Реал Сосьедад, Гранада

Доод лиг рүү унасан багууд – Эспаньол, Майорка, Леганес

Лигийн шилдэг мэргэн бууч “Пичичи шагналын эзэн” – Барселона багийн довтлогч Лионель Месси 25 гоол оруулсан.

Лигийн шилдэг хаалгач “Замора шагналын эзэн”– Реал Мадрид багийн хаалгач Тибо Куртуа 20 гоол алдсан.

Лигийн шилдэг плэймэйкер – Барселона багийн довтлогч Лионель Месси 21 гоолын дамжуулалт өгсөн.

Гэнэтийн бэлэг барьсан баг- Эзэн хааны Реал Мадрид Зинедин Зиданы удирдлага дор тун сайн тоглолтыг үзүүлсэн. Багийн лидер Кристиано Роналдог Италийн Ювентус баг руу худалдаж түүний орон зайг нөхөх гэж Эден Азарыг худалдан авсан боловч Бельги ид шидтэн тун хангалтгүй тоглолтыг үзүүлж, ихэнхи хугацаагаа эмнэлэгт өнгөрүүлсэн. Харин олон жил дутуу үнэлэгдэж ирсэн Карим Бензема энэ улиралд өөрийгөө Баллон д’Ор хүртэх хэмжээний од тоглогч гэдгээ батлан харуулсан. Мөн эхний улиралдаа хэвлэл мэдээллийн гол бай болж, эсрэг багийн цохьсон бөмбөг бүрийг хаалгандаа алддаг гэж зэмлүүлж байсан Тибо Куртуа гайхалтай байсан бол багийн ахлагч Серхио Рамос чухал үед ус агаар мэт гоолуудыг оруулж байлаа. Лука Модрич аваргын цомоо хүртснийхээ дараа “Бид К.Роналдогүй ч цом хүртэж чадна гэдгээ харууллаа. Баг маань өмнөхөөсөө илүү нэгдмэл байгаа юм шиг санагдаж байна” хэмээжээ.

Хүлээлтэнд хүрээгүй баг- Ла лиг эхэлснээс хойш тэргүүллээ алдалгүй тун сайн формтой байсан Барселона баг улирлын төгсгөлд жинхэнэ утгаараа уналтанд орсон. Улирлын дунд үед дасгалжуулагчаа сольж Кике Сетьенээр багаар удирдуулсан Барселона тун хангалтгүй тоглолтуудыг үзүүлсэн. Үнэндээ Луис Энрикегээс хойш тус багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан мэргэжилтнүүд багтаа жижигдсэн гэж хэлж болно. Мөн асар өндөр хүлээлт үүсгэн ирсэн Франц довтлогч Антуан Гризманн хангалттай сайн байгаагүйгээс гадна багийн гол довтолгоог төгсгөгч Луис Суарес бэртэл гэмтэлтэй байлаа. Неймар Барселона багаас явсны дараа Месси болон Суарестай гар нийлэх гуравдагч довтлогчийг Барселона хайсаар байна. Тэд Филиппе Коутиньо, Усман Дембеле, Малком, Антуан Гризманн нарыг нэгтгэсэн ч бэртэл гэмтэл, формын асуудлаас болж багтаа уусч чадаагүй. Барселона зургадугаар сард буюу улирлын төгсгөлд Севилла, Селта Виго, Атлетико Мадрид багуудтай дараалан тэнцэж, Осасунад талбай дээрээ 1-2 гэсэн харьцаатай хожигдсон бол нөгөө талд Реал Мадрид зургадугаар сард 10 дараалан ялалт байгуулж, Барселонаг гүйцэж, Ла лигийн аварга болсон.

Италийн Сериэ-А лиг

Сүүлийн жилүүдэд дэлхийн тэрбумтнууд, хөрөнгө оруулагчид Сериэ-А лигт хөрөнгө хаяж, Кристиано Роналдо тэргүүтэй топ түвшний тоглогчид тус лигт ирж, нэр хүндийг нь эргэн сэргээсэн. Цагтаа “бага дэлхийн аварга” гэгдэж, од тоглогчдын уурхай болж байсан тус лиг хэсэгтээ дампуурсан билээ. Лиг нь эргэн сэргэж багуудын өрсөлдөөн нэмэгдсэн ч Ювентусыг барах баг энэ жил гарч ирсэнгүй.

Аварга баг – Ювентус

УЕФА Аваргуудын лигийн эрх авсан багууд – Ювентус, Интер Милан, Аталанта, Лацио

Европа лигийн эрх авсан багууд – Наполи, Рома, АС Милан

Доод лиг рүү унасан багууд – СПАЛ, Брешиа, Лечче

Лигийн шилдэг мэргэн бууч “Алтан шаахайн эзэн”– Лацио багийн довтлогч Чиро Иммобиле 36 гоол оруулсан

Лигийн шилдэг хаалгач “Алтан бээлийн эзэн” – Удинезе багийн хаалгач Хуан Муссо 14 тоглолтонд хаалгаа хуурай манасан.

Лигийн шилдэг плэймэйкер – Аталанта багийн довтлогч Алехандро Гомез 16 гоолын дамжуулалт өгсөн.

Гэнэтийн бэлэг барьсан баг – Европын томоохон багуудын арааны шүүсийг асгаруулам залуу авьяастнуудыг Лацио багийн домог хэмээн хүндлэгдэх эрхэм Симоне Инзаги тун сайн удирдаж байгаа. Улирлын эхэнд Италийн Супер цомын тэмцээнд Ювентусыг 3-1 гэсэн харьцаатай ялсан тэд үнэхээр лигтээ ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн. Улирлыг тааруу эхлүүлсэн Лацио удалгүй учраа олж, 11 тоглолт дараалан ялалт байгуулсны дотор Ювентус, Милан, Наполи зэрэг багуудыг хожсон нь орж байв. Чиро Иммобиле гэхэд л бүх тэмцээний туршид 33 тоглолтонд оролцон 37 гоол оруулж Сериэ-А лигийн төдийгүй Европын алтан шаахайн эзнээр Роберт Левандовски, Кристиано Роналдо, Лионель Месси нарыг ардаа хаяан тодорч, Лацио багийн амин тоглогч гэдгээ харуулсан. Түүнд Сергей Милинкович-Савич, Жоакүн Корреа, Луис Алберто, Луиз Фелипе, Данило Каталди зэрэг авьяаслаг тоглогчид туслаж байлаа.

Чиро Иммобиле Сериэ-А лигийн мэргэн буучдын жагсаалтанд Кристиано Роналдог, Европын алтан шаахайн өрсөлдөөнд Роберт Левандовскиг тус тус давж хоёр нэр хүндтэй шагналын эзэн болсон.

Хүлээлтэнд хүрээгүй баг – Үндсэн бүрэлдэхүүний хувьд Европын томоохон багуудын тоонд зүй ёсоор тооцогдох Наполи баг энэ жил үнэхээр чөлөөт уналт хийсэн. Улирлын дундуур өөрсдийн ахлах дасгалжуулагч Карло Анчелоттиг халж, “зуудаг нохой” Женнаро Гаттусог багийнхаа шинэ ахлах дасгалжуулагчаар томилсон билээ. Тэд Карло Анчелоттигийн удирдлага дор улирлын дундуур лигтээ хийсэн найман тоглолтонд нэг ч хожил авч чадалгүй хүснэгтийн дунд хэсэгт бичигдэж байв. Харин Женнаро Гаттусогийн хатуу удирдлага дор Наполи  Италийн хөлбөмбөгийн холбооны цомын шигшээ тоглолтонд Ювентус багийг торгуулийн цохилтоор хожин цомын эзэд болцгоосон. Калиду Кулибали, Костас Манолас, Эльсеид Хюсай, Ирвин Лозано, Лорензо Инсинье, Аркадуш Милик, Дрис Мертенс зэрэг нэрлээд байвал дуусахгүй хүчирхэг бүрэлдэхүүнтэй Наполи лигтээ 18 хожиж, 8 тэнцэж, 12 хожигдсон үзүүлэлттэй хүснэгтийн долдугаар байранд бичигджээ.

Германы Бундеслиг

Германы хөлбөмбөгт нэг баг ноёрхоод олон жил болжээ. Байерн Мюнхен хэмээх босоо аваргуудтай сүүлийн жилүүдэд залуу бүрэлдэхүүнтэй РБ Лейпциг, Боруссиа Дортмунд зэрэг багууд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг хэдий ч хэн нь ч одоог хүртэл Байерн Мюнхен багийн дараалсан лигийн түрүүг тасалж чадахгүй байна.

Аварга баг – Байерн Мюнхен

УЕФА Аваргуудын лигийн эрх авсан багууд – Байерн Мюнхен, Боруссиа Дортмунд, РБ Лейпциг, Боруссиа Мюнхенгладбах

Европа лигийн эрх авсан багууд – Байер Леверкузен, Волфсбург, 1899 Хоффенхайм

Доод лиг рүү унасан багууд – Падерборн, Фортуна Дюссельдорф

Лигийн шилдэг мэргэн бууч “Алтан шаахайн эзэн” – Байерн Мюнхен багийн довтлогч Роберт Левандовски 34 гоол оруулсан

Лигийн шилдэг хаалгач “Алтан бээлийн эзэн” – Байерн Мюнхен багийн хаалгач Мануэль Нойер 15 тоглолтонд гоол алдаагүй.

Лигийн шилдэг плэймэйкер – Байерн Мюнхен багийн хагас хамгаалагч Томас Мюллер 21 гоолын дамжуулалт өгсөн.

Гэнэтийн бэлэг барьсан баг – Өнгөрсөн жил лигтээ тавдугаар байр эзэлж Европа лигийн эрх авч байсан Боруссиа Мюнхенгладбах баг энэ жил байр ахиж УЕФА Аваргуудын лигийн эрх авлаа. Лигийн сүүлийн гурван тоглолтондоо дараалан ялалт байгуулж ардаа явж байсан Байер Леверкузен багаас ердөө хоёр онооны илүүтэйгээр Европын хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээний эрхийг тэд авч чадсан юм.

Хүлээлтэнд хүрээгүй баг – Бундеслигийн түүхэнд 1867 тоглолт хийж, багийнхаа байгуулагдсан цаг мөчөөс хойш ердөө ганцхан улирал доод лиг рүү унаж байсан 2004 оны Бундеслиг болон холбооны цомын аварга Вердер Бремен баг энэ жил дээд лигээс унах аюултай нүүр тулсан. Аваргын төлөө өрсөлддөггүй ч Европын цомын тэмцээнүүдийн эрхийн төлөө өрсөлддөг Вердер Бремен энэ жил тун хангалтгүй тоглосон билээ. Байерн Мюнхен багаас ч олон улирлыг Бундеслигт өнгөрүүлсэн тус баг хүснэгтийн 16 дугаар байранд 31 оноотой бичигдсэн. Гэвч тэд дээд лигт үлдэхийн тулд доод лигийн багтай плэй-оффын тоглолт хийн улмаар ялалт байгуулж ирэх улиралд Бундеслигт тоглох эрхээ авсан.

Францын Лиг-1

Германы Бундеслиг, Италийн Сериэ-А лигийн адилаар энэ лигт ганцхан баг ноёрхлоо тогтоогоод уджээ. Тэрбумтан эзнийхээ буянаар дэлхийн оддуудыг мөнгөөр “зодож” худалдан авдаг ПСЖ багтай өрсөлдөх баг энэ лигт алга. Шинэ коронавирусийн улмаас Лиг-1 улирлаа дундаас нь бүр мөсөн дуусгасан билээ. Угтаа тус лиг өндөрлөхөд 10-11 тойрог дутуу байсан ч цар тахлын улмаас лигийг тэргүүлж байсан багт аваргын цомыг олгосон юм.

Аварга баг – ПСЖ

УЕФА Аваргуудын лигийн эрх авсан багууд – ПСЖ, Олимпик Марсель, Ренн

Европа лигийн эрх авсан багууд – Лилль, Нице, Реймс

Доод лиг рүү унасан багууд – Амьен, Тулуз

Лигийн шилдэг мэргэн бууч “Алтан шаахайн эзэн” – Монако багийн довтлогч Виссам Бен Йеддер, ПСЖ багийн довтлогч Килиан Мбаппе нар тус бүр 18 гоол оруулсан.

Лигийн шилдэг хаалгач “Алтан бээлийн эзэн” – Лилль багийн хаалгач Майк Майнан, Олимпик Марсель багийн хаалгач Стив Манданда, Реймс багийн хаалгач Предраг Ражкович нар тус 12 тоглолтонд хаалгаа хуурай манасан.

Лигийн шилдэг плэймэйкер – ПСЖ багийн хагас хамгаалагч Анхел Ди Мариа 14 гоолын дамжуулалт өгсөн.

Гэнэтийн бэлэг барьсан баг – Олимпик Марсель баг Европын хөлбөмбөгийн дээд зиндаанд эргэн ирлээ. Сүүлийн жилүүдэд Европа лигт л үзэгдэж байсан Олимпик Марсель энэ жил Димитри Пайет, Кевин Струтмэн, Неманья Радонич, Дарио Бенедетто зэрэг тоглогчдынхоо мөн шинэхэн ахлах дасгалжуулагч Андре Виллаш-Боашийн ачаар УЕФА Аваргуудын лигтээ эргэн ирлээ.

Хүлээлтэнд хүрээгүй баг – Цагтаа ПСЖ шиг мөнгийг цацаж, оддыг багтаа олноор нь авчирдаг байсан Монако энэ жил лигтээ есдүгээр байрыг эзэлж, тун муу амжилтыг үзүүлжээ. УЕФА Аваргуудын лиг хагас шигшээ шат хүртэл явж байсан энэхүү баг Килиан Мбаппег ПСЖ багт 180 сая еврогоор зарж багийнхаа уналтын үеийг эхлүүлсэн гэж хэлж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-04 202.21.127.183

Мессигийн пээн нь мэдээ бичээд байгаамуу

Avatar

Зочин 2020-08-04 103.9.90.98

Лигийн шилдэг хаалгач “Замора шагналын эзэн”– Реал Мадрид багийн хаалгач Тибо Куртуа 20 гоол алдсан…. ойлгодогүй ээ

Avatar

Хала Мадрид 2020-08-04 202.126.90.73

Барсагийн оронд Реалын зургийг тавиач ээ үхэрнүүд ээ

Avatar

зочин 2020-08-04 202.21.100.210

Манай лиг юу болж байгаа бол. Зарим нь нийлж баг үүсгээд нэрээ холж хутгаад байсан даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж