Монгол Улс ШХАБ-д элсэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Монгол Улс ШХАБ-д элсэх үү?

Монгол Улс ШХАБ-д элсэх үү?

Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатарын мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн судалсаар байгаа ажээ. Тэрбээр “ШХАБ нь бүс нутгийн хамгийн том байгууллагуудын нэг. Түүнд элсэх эсэх асуудал Монгол Улсын бүрэн эрхэд хамаарна. Монгол Улс ШХАБ-д элсэх үү, үгүй юу, элсэх тохиолдолд ямар эерэг үр дүнтэй вэ гэх зэргээр судалж байна. Элсэх асуудал огт яригдаагүй” хэмээн нэмж хэлсэн юм.


МЭРГЭЖЛИЙН ТӨВШИНД НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хаалттай хэлэлцсэн удаатай. Өмнө нь тухайн үеийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байгааг тэмдэглээд, “Энэхүү байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байна. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй” гэсэн байр суурь илэрхийлж байв.

Мөн тэрбээр “ШХАБ-д Энэтхэг, Пакистан улс нэгдэж, 2015 онд ШХАБ өөрийн стратегийн баримт бичгийг боловсруулснаас хойш энэ байгууллагын талаар нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байна. Тиймээс Гадаад харилцааны яам мэргэжлийн төвшинд нарийвчилсан судалгаа хийж байна. Нээлттэй судалгаа хийж, байр сууриа эцэслэн гаргана. Хуучин нэг л байр суурьтай байдаг байсан бол өнөөдөр тал талаас нь мэргэжлийн төвшинд судалж үзээд, тодорхой байр сууриа гаргана. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна гэдэг өнцгөөс хандаж ярилцсан. Манай улс ШХАБ-ын хүрээнд ажиглагч орны статустай. Хамтын ажиллагаагаа шат шатандаа ахиулж байна” хэмээн хэлсэн билээ.

ОДООХОНДОО ШХАБ-Д ЭЛСЭХ ШААРДЛАГАГҮЙ

УИХ-ын гишүүд ч энэ талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлж байсныг эргэн сануулъя. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Шанхайн хамтын ажиллагааны байгуулага жинхэнэ утгаараа цэргийн байгууллага биш. Гэхдээ энэ байгууллагын үүссэн, хөгжсөн түүх, одоо байгаа байдал, цаашаа ямар чиглэлээр хөгжих вэ гэдгийг хараад байхад нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн блок болох өндөр магадлал байна гэж үзэж байгаа. Ер нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх үү, үгүй юү гэдгийг олон талаас нь харж судлах ёстой.

Зөвхөн өнөөдрийн дотоод, гадаад улс төрийн байдлаар бус урт хугацаандаа их гүрнүүдийн харилцаа хаашаа, хэрхэн хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ хандлага дотор Монгол Улс ямар байр суурьтай байх вэ, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэх вэ гэдгийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан.

Яагаад гэвэл Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манай улсад ялгаагүй. Харин гадна талдаа Монгол Улс хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана. Энэ байгууллага хаашаа хөгжих гээд байгааг сайтар харах ёстой.

Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй.

Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Тусгаар тогтнол гэдэг бол зүгээр нэг НҮБ-ын гишүүн байхаас илүү бодит байдал дээр бие даасан бодлого явуулж чадах уу гэдэг асуудал байдаг. Монгол Улс 1990 оноос хойш гурав дахь хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гурав дахь хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй” гэж байв.

ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ МОНГОЛ УЛС ШХАБ-ЫН ГИШҮҮН БОЛНО

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Хэзээ нэгэн цагт Монгол Улс ШХАБ-ын гишүүн болно гэдэгт би эргэлзэхгүй байна. ШХАБ-ын гол хоёр түнш нь Орос, Хятад Улс. Тиймээс манай улс бүс нутгийнхаа харилцаанд нэлээд идэвхтэй байр суурьтай байх зарчмын асуудал бий. Гэхдээ энэ асуудлыг олон талаас нь судалж үзэх ёстой.

Манай улсын хувьд бүс нутгийн харилцаагаа хөгжүүлэх, тэр дундаа Монгол, Орос, Хятадын дундуур явуулах эдийн засгийн коридорын асуудлыг сайжруулах, томоохон төслүүдээ хөдөлгөе гэвэл ШХАБ-д элсэхээ шийдэх л ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байв.

ДЭЛХИЙН ИНТЕГРАЦАД НЭГДЬЕ ГЭВЭЛ БӨӨРӨНДӨӨ БАЙГАА БАЙГУУЛЛАГАДАА ЭЛСЭХ Л ЁСТОЙ

Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуун “ШХАБ-ын гол зорилго аюулгүй байдлаа бэхжүүлэх, терроризм, салан тусгаарлах, хэт даврах үзэл болон мансууруулах бодисыг хил давуулан зөөвөрлөхтэй тэмцэх. Энэ утгаар ШХАБ-д хандах хэрэгтэй. Мөн эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, батлан хамгаалах, хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллана гэж дүрэмдээ тусгасан байдаг. Бүтцийн хувьд төр, засгийн тэргүүнүүдийн зөвлөл, засгийн тэргүүнүүдийн зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл гэх мэт бүтэцтэй.

Мөн терроризмын эсрэг тэмцэх бүсийн бүтэц, банкуудын нэгдэл, нарийн бичгийн дарга нарын газар гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын байгууллагын хувьд ШХАБ байгуулагдаад 20-иод жил болно гэдэг тийм ч урт удаан хугацаа бас биш. Гэхдээ цаашдын чиг баримжаа нь ойлгомжтой болсон гэж боддог. Бид дэлхийн интеграцад нэгдье гэвэл бөөрөндөө байгаа байгууллагадаа элсэх л ёстой” хэмээн байр суурь илэрхийлсэн билээ.

ШХАБ УЛС ТӨРИЙН ЧИГЛЭЛЭЭР БОДЛОГО ЗАНГИДДАГ

УИХ-ын зарим гишүүд Монгол Улс ШХАБ-д элсэхийн эсрэг байр суурьтай байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “ШХАБ-ыг байгуулсан цагаас эхлэн Монгол Улс ажиглагчийн байр сууринаас хандаж ирсэн. Монгол Улс ажиглагчаар байх, гишүүнээр байх хоёр нь ямар ач холбогдол, хор хөнөөлтэй вэ гэдэг нь тодорхой биш байна. ШХАБ бол төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, хөрөнгө, санхүүжилт олгодог байгууллага биш. Энэ бол Зүүн хойд Азийн бүс нутгийн улс төрийн чиглэлээр бодлого зангиддаг улс төрийн нэгдэл гэж би ойлгодог. Энэ байгууллагын гол тулгуур нь БНХАУ, ОХУ, Энэтхэг улс байдаг.

Монгол Улс бол төвийг сахисан, гуравдагч хөршийн бодлого явуулдаг улс. Ийм нөхцөлд ШХАБ-д болгоомжтой хандах ёстой. Сүүлийн өдрүүдэд энэ байгууллагад элсэх нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн дунд их явж байна. ҮАБЗ юу гэж үзэж байгаа, энэ байгууллагад элсвэл гуравдагч хөрш, томоохон зээл тусламж үзүүлдэг гуравдагч орнууд ямар байдлаар хандах вэ зэрэг олон асуудал байна. Тиймээс маш болгоомжтой хандахгүй бол Монгол Улсын олон улсын тавцан дах байр суурьд нэлээд өөрчлөлт орох болов уу” хэмээн хэлсэн.

ШХАБ-Д ЭЛСЭХ НЬ МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГОТОЙ НИЙЦЭХГҮЙ

ШХАБ-д элсэх нь зарчмын хувьд Монгол Улсын гадаад бодлоготой нийцэхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн онцолсон юм. Тэрбээр “Аливаа улс үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийнхаа асуудлаар тэр дундаа гадаад бодлогын асуудал дээр нэгдмэл бодлоготой, нэг цонхны бодлогоор хандах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, гадаад бодлогынхоо хүрээнд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч нэг цонхны бодлогоор нэг үг, бодлоготой, нэг амаар дуугардаг байх ёстой. Яагаад вэ гэвэл гадаад бодлого нь тухайн улс орны эдийн засаг, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалтай шууд хамааралтай асуудал учраас хариуцлагатай хандах учиртай. Аль нэг институцийн бодлого гэж байх ёсгүй, Монгол Улсын нэгдмэл бодлого энд үйлчлэх ёстой. ШХАБ-ын хувьд Монгол Улс ажиглагчийн статустайгаар оролцоод 14 жил болж байна. ШХАБ дахь манай улсын оролцоо цаашид ямар байх вэ гэдгийг өмнө нь “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно” гэсэн ганцхан өгүүлбэрээр тодорхойлж ирсэн. Зарчмын хувьд ШХАБ-д орох нь Монгол Улсын гадаад бодлоготой нийцэхгүй. ШХАБ чинь НАТО-гийн эсрэг зогсох зорилготой байгуулагдаж байсан цэрэг, улс төрийн байгууллага. Хэрэв гишүүнээр орох эсэх асуудлаар шийдвэр гаргах гэж байгаа бол ямар давуу, сул талтай. Яагаад Монгол Улс одоог болтол ажиглагчаар оролцож, анхааралтай ажиглаж ирсэн бэ гэдгийг нухацтай үнэлж цэгнэж байж шийдэх асуудал” хэмээсэн билээ.

ГУРАВ ДАХЬ ХӨРШИЙН БОДЛОГЫГ СААРМАГЖУУЛАХ САНАА БАЙГАА ГЭЖ ХАРДАХ ЭРХТЭЙ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн “Дэлхийн "болзошгүй хуваагдал"-ын үед Монгол Улс хэний ч талд орох ёсгүйг анхааруулсан. Тэрбээр “Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Энэ бодлого маань манай хувьд улс төрийн төдийгүй түүнээс ч өргөн утгаар ямар чухал ач холбогдолтой билээ. Өөрөөр хэлбэл, бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой.

У.ХҮРЭЛСҮХ: ШХАБ-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ АСУУДАЛД ШИЙДЭЛ ГАРГАХ ЦАГ БОЛСОН

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-д тогтоосон байр сууриа ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ийм прагматик хандлага баримтлан гадаад худалдааны таатай нөхцлүүдийг бий болгож байж хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах дүр зураг харагдаж байна. Нэгэнт тохирсон дэд бүтцийн тохироонууд, Эдийн засгийн коридор байгуулж чадвал Оюутолгойгоос дутахгүй орлого олох боломж байгааг судалгаа харууллаа. Хятад, Оросыг холбосон, цаашлаад Хятад-Европыг холбосон транзит тээврийг хөгжүүлж байж бид мөчлөг дагасан, үхээнц эдийн засгаасаа салж чадна гэж бодож явдаг” гэж хэлсэн. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх асуудалд шийдэл гаргах цаг болсон” хэмээн мэдэгдсэн билээ.

Өмнөх Засгийн газраас ШХАБ-д элсэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байсан нь өдгөө ч "хүчинтэй" байгааг эх сурвалж мэдээлсэн юм. Төрийн эрх мэдлийг атгаж буй нөхөд нарийвчлан судлаад, ШХАБ-д элсэх эсэх асуудлаар эцсийн ямар шийд гаргахыг хүлээх л үлдлээ.


ШХАБ-ын тухай:

ШХАБ анх 1996 онд “Шанхайн 5” нэртэй сууриа тавьсан. ОХУ, БНХАУ, Тажикистан, Киргиз, Казахстан гэсэн таван улс анх энэ байгууллагыг өөр хоорондын хилийн асуудлыг зохицуулах, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх зорилготой байгуулжээ. 2001 онд Узбекистан элсэн орж, тэр үеэс байгууллагын хувьд институтцлэгдэж, өөрийн дүрэм, бичиг баримтаа боловсруулж гаргасан байна.

Тухайн үед ОХУ, БНХАУ-аас Монгол Улсад Төв Азид оршдог улсын хувьд ШХАБ-д элсэх санал тавьж байжээ. Тиймээс Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуун тэргүүтэй албаныхан 2001 оноос урд, хойд хөршүүдийн Гадаад яамныхантай уулзах зэргээр гурван жил судалгаа хийж, энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцох нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Засгийн газраас эхний ээлжинд ажиглагчаар оролцох улстөрийн шийдвэр гаргаж, сайд асан Узбекистанд болсон ШХАБ-ын дээд хэмжээний хуралд оролцож, 2004 онд улсаа ажиглагч болгож байжээ.

Өнөөдөр энэ байгууллагад Азийн нөлөө бүхий Энэтхэг, Пакистан улс элсэж, ШХАБ-ын нэр хүндийг өсгөөд буй. Энэтхэг дэлхийн хамгийн олон хүн амтай, ардчилсан, эрчимтэй хөгжиж байгаа улс. Монгол, Афганистан, Беларусь, Иран гэсэн ажиглагч дөрвөн улсаас гадна яриа хэлцээний түншлэлтэй зургаан улс байгаа нь Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, ШриЛанк улсууд юм. Эдгээр улс ШХАБ-ыг сонирхоод, яриа хэлцээнд оролцсоор байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж