Бүх Оросын санаа бодлыг тандах төвийн судалгаагаар оросуудын есөн хувь нь ажлын байран дээрээ зүй бус хандлага мэдэрдэг хэмээн хариулжээ.
Судалгаагаар есөн хувь нь ажлын байрны дарамт мэдэрсэн, 12 хувь нь ёс зүйгүй тоглоом шоглоом, бүдүүлэг үг хэллэг сонсдог гэжээ. Харин зургаан хувь нь бэлгийн дарамт мэдэрсэн гэж хариулсан байна. Судалгаанд оролцогчдын таван хувь нь удирдах ажилтны зүгээс бэлгийн харилцаанд орох санал сонсч байжээ. Эдгээр таван хувийн хүмүүсийн нэг хувь нь удирдлагынхаа саналыг хүлээж аваагүйнхээ төлөө ажлаасаа халагдсан байна.
Судалгаанд оролцогчдын 59 хувь нь зүй зохисгүй, эвгүй байдалд орохгүй байх нь ажилтнаас өөрөөс нь шалтгаална гэсэн бол 23 хувь нь эрүүл, таатай орчныг бүрдүүлэх нь компанийн үүрэг гэж үзэж байгаагаа хэлжээ.
Судалгааг 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр 18-аас дээш насны 1600 хүнийг хамруулан хийжээ.
Холбоотой мэдээ