Их Британийн “Guardian” сонин өнөөдрийн /2020.08.03/ дугаартаа Унгарт гацаад буй Хятад, Монгол, Палестины иргэдийн талаар онцолсныг орчуулан хүргэе.
Пүүжээ одоо 26 настай. Тэрбээр цар тахлаас болж эх орондоо харьж чадахгүй Европт гацаад буй олон мянган монголчуудын нэг. Өнгөрсөн хавар тэр Будапешт дахь сургуулиа амжилттай төгсөөд Монгол дахь гэр рүүгээ харихаар төлөвлөж байв. Улаанбаатарт түүний орохыг хүссэн ажил, төрсөн гэр нь хүлээж байгаа. Гэвч гуравдугаар сарын дундуур Монгол улс хилээ бүрэн хаасан. Бүр өөрийн улсын иргэдээ ч нэвтрүүлэхгүйгээр хилээ хаасан юм.
“Covid-19” өвчин дэлхийн олон сая хүний аяллын төлөвлөгөөг цуцлуулж, алсын зайн харилцааны шалгуур болж байна. Гэсэн ч эх орондоо харьж чадахгүй байгаа хүмүүсийн хувьд эдгээр асуудлуудтай харьцуулашгүй хүнд сорилт тулгараад байна. Хятад, Монгол, Палестин болон бусад орны маш олон гадаадын иргэд Унгарт гэртээ харьж чадахгүй, төрөл төрөгсдөөсөө хол, санхүүгийн хувьд маш хүнд, ирээдүй нь бүрхэг байдалтай байна. Хамгийн хэцүү нь Монголын иргэд байна. Тэдний гэртээ харих цорын ганц гарц нь Засгийн газраас зохион байгуулж буй тусгай үүргийн нислэг. Энэ нислэг Германы Франкфурт юм уу ,Туркийн Истанбулаас сардаа ганцхан ниснэ.
Тийз нь үнэтэйн дээр тусгай үүргийн нислэгт багтсан хүмүүс эх орондоо очоод 21 хоног заавал тусгаарлагдах ёстой ба тусгаарлалтын төлбөр гэж их хэмжээний мөнгө төлнө. Дээрх төлбөрийг төлөх чадамжтай байгаад ч тусгай үүргийн онгоцонд багтах маш хэцүү.
Нэг удаагийн нислэгт хэдэн мянган хүн бүртгүүлж, дийлэнх нь хасагдана. Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын ойрын хүрээллийн хүмүүс илүү давуу эрхтэй байгаа гэх дам яриа ч бий. Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулах гэсэн боловч хариулт өгөөгүй.
“Европт гацсан 2500 монгол хүн сард хоёрхон удаа ирэх тусгай үүргийн нислэгийг хүлээж байна гээд төсөөлөөд үзээрэй” хэмээн “Европт гацсан Монголчууд” фэйсбүүк группийг үүсгэн байгуулагч Л.Оюунаа хэлж байв. Тэрбээр Унгарт гацсан монголчуудын нэг юм.
Зарим оюутнууд амь зуулганы мөнгөгүй болж, богино хугацаанд аялахаар ирсэн зарим нь буцах нислэг нь цуцлагдсанаас болж харийн нутагт олон сар гацжээ. Тусгай үүргийн нислэгт багтах боломж маш бага байгаа тул тэд өөрсдийн боломж бололцоог дайчлан харихыг эрмэлзжээ. Унгарт байгаа хэсэг монголчууд нэгдэж, хувиасаа зардлаа гарган, хувийн компанийн онгоцоор эх орон руугаа нисэхийг хүссэн боловч Монгол улсын Засгийн газар үүнийг мөн л зөвшөөрөөгүй аж. Зарим нэг нь эцсийн найдвар тээн орь ганцаараа олон хоногийн турш Оросын өргөн уудам нутгийг туулж, Монгол улсын хил дээр ирж, эх орон руугаа орох гэж оролдсон тохиолдол ч гарсан байна.
Пүүжээгийн хувьд цар тахлаас өмнө Будапешт хотод хагас цагаар зөөгчөөр ажиллаж байсан ч одоо ажлаасаа халагдаж, метронд Ази хүн болж төрснийхөө төлөө коронавирус тараасан хэмээн зэмлүүлж, нутгийн эмэгтэйд шүхрээр зодуулсан тухайгаа ярьсан юм. Түүний их сургуулийн тэтгэлэг, визний хугацаа ч дуусч, амьдрах газаргүй болжээ. Тэр зүгээр л эх орондоо очихыг хүсч байгаагаа ярьж байна.
Мэдээллийг бэлтгэсэн Унгар дахь "Guardian" сонины сэтгүүлч Шон Уолкер
Холбоотой мэдээ