Ардчилсан намыг бурхан өршөөг!

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

Ардчилсан намыг бурхан өршөөг!

Ардчилсан намыг бурхан өршөөг!

УИХ-ын сонгуульд дараалан ялагдал хүлээсэн Ардчилсан нам өнөөдөр мөхөх, сэхэхийн завсарт байна. Сонгуулиас сонгуулийн хооронд улам  хүчгүйдэж буй сөрөг хүчний шинэчлэл гишүүдэд нь төдийгүй МАН-д, тэр тусмаа Ерөнхийлөгч Х.Баттулгын анхаарлын төвд байх шиг.

Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөхөөр томилогдсон, Шинэ намын дэд дарга асан Л.Болд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Нэг намын хүчтэй дарангуйлал найман жил үргэлжлэхийг бид урьд нь үзээгүй. Цаашдаа юу авчрах, хаашаа халтирч унах нь эргэлзээтэй.  Ардчилалд аюул тулгарах эрсдэлтэй. Тиймээс Ардчилсан намд ганц зүүгдэх хүч бол Ерөнхийлөгч байсан. Гэтэл Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчтэйгөө ойлголцохгүй, тэс  хөндлөн бодлогын зөрүүтэй байсаар сонгуульд дүнгээ тавиуллаа. …Шинэ нам ардчилсан хүчнийхээ бүрэн эрхт төлөөлөл болж эв нэгдэлд нэгээхэн байр суурь эзлэх нь зөв гэж бодож байгаа” гэжээ. Өнгөрсөн хугацаанд  МАН-ын өвөрт орж, намын бүлгээ задлаж, зөвлөлийн хэмжээнд хүргэсэн Л.Болдын үг хуучин намынхаа ялагдалд санаа тавьсан Шинэ намын гишүүний зовнил гэхээсээ Ерөнхийлөгчийн байр суурь болж сонсогдож байна.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөхөөрөө дамжуулан гурван “мессеж” олон нийтэд өгөхийг хүсчээ.

Нэгд, У.Хүрэлсүхийн дарангуйлал тогтож магадгүйг анхааруулж. Хоёрт, Ерөнхийлөгч Ардчилсан намыг авах бодолтой байгаагаа хэлүүлж. Гуравт, ирэх сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулахын тулд Х.Баттулга сөрөг хүчнүүд, гуравдагч намууд эв нэгдэлтэй байхыг сануулж. Ийм учраас л Н.Энхбаяртай сүүлийн үед сүжрээд байсан бололтой.

Сонгуулийн дараахан Ардчилсан намын экс дарга С.Эрдэнэ мэдээлэл хийхдээ Л.Болдын ярьсантай утга нэг тайлбар хэлсэн. “Ардчилсан нам Ерөнхийлөгчтэй ойлголцож чадаагүйгээс ялагдал хүлээлээ” гэж.   Тэгэхээр тэдний  хэлээд байгаа Ерөнхийлөгчтэй ойлголцох ойлголцол нь яг юу вэ.  Ямарч байсан л Ерөнхийлөгчийн зүгээс “Ардчилсан намд ганц зүүгдэх хүч бол Ерөнхийлөгч” гэх мессежийг албан ёсны зөвлөхөөрөө дамжуулан Ардчилсан намын даргын сунгааны өмнө цацахыг хүссэн бололтой.

Ардчилсан намын ялагдал МАНАН-гаас болсон гэж Л.Болд дүгнэжээ. Хэрэвзээ, үнэхээр МАНАН гэж байсан бол сарниад дууссан баймаар. Товчхондоо, МАНАН гэж хий хоосон төсөөлөлтэй байлдах биш Ардчилсан нам хэзээнээс ямар шалтгаанаар хэнээс болж ялагдах болсноо бодитоор, эрүүлээр дүгнэх цаг болсон. Үгүй бол, нэг хүний халаасны нам болоод дуусна. МоАХ шиг, Монголын жүдогийн холбоо шиг.

УИХ-ын сонгуулийн өмнө сөрөг хүчнээс нэр дэвшсэн С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг баривчилж, Э.Бат-Үүл, Д.Эрдэнэбат нарт шүүхийн зарлан хүргүүлж, Ардчилсан намыг муу дээр муухай харагдуулах сценарийг хууль, шүүхийн байгууллагаас явуулсан нь хэний удирдсан операци болохыг тэнэг хүн ч ойлгохоор ил цагаан байсан.  Дээр нь нэг тойрогт 30 хүн өрсөлдүүлсэн нь МАН-д боломж олгож, Ардчилсан намын саналыг хуваасан.  Нийт санал өгсөн сонгогчдын 45.1 хувь нь МАН-ын төлөө саналаа өгсөн гэвэл үлдсэн 54.9 хувийг нь сөрөг хүчин болоод гуравдагчид, бие даагчид хуваасан гэсэн үг. Тэр тусмаа том, жижиг мажоритари тогтолцоо МАН-д илүү ашигтай байдаг нь Ардчилсан намыг ялагдал хүлээхэд ч нөлөөлсөн.

Гэвч энэ бүхэнд С.Эрдэнэ ганцаараа буруутай биш. Ардчилсан нам “ах нараас” болж ялагдлаа гэж ам хэлээ үсчүүлээд байгаа залуус бүр буруутай. Ардчилсан намын толгойтой болгоныг шүүхээс дуудаж, баривчилж, ял өгч байхад АН-ын залуус хаана байсан юм бэ. Ардчилсан намын туг нь  ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдэг биш бил үү.

Үнэндээ тэтгэвэртээ гар гэж адлагддаг хэдэн ах нараас нь өөр хүний эрх, эрх чөлөө, бусдын өмч хөрөнгийг хамгаалж дуугарч байгаа залуус Ардчилсан намд алга. Гадаадад ч, дотоодод ч монголчуудын эрх ашиг, Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл орчинд амьдрах эрх нь  зөрчигдсөөр байхад С.Эрдэнийн хүүгээс өөр эрх баригчидтай тэмцэж буй нь хэн байна. Тэгээд бас намаа шинэчилнэ гээд том дуугарцгааж суугаа тэд Ардчилсан намыг шинэчлэх юу л бол. Ах нарынхаа ард нуугдаж буй тэд  үнэндээ борвиндоо баастай өтөлж байна.

Ардчилсан нам өнөөдрийнх шиг шившигтэй, сул дорой, нэг хүний эрхшээлд орж байсан  удаагүй. Ганц Л.Гүндалайтай байхдаа ч Ардчилсан нам ганцаарддаггүй байсан юм шүү. Парламентад Ардчилсан намын бүлэг гэж байхгүй. Хатуухан хэлэхэд, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүлэг байгуулагдсан шүү дээ. 

Ийнхүү өнгөрсөн 30 жилд МАН-ын хүчтэй өрсөлдөгч явсан Ардчилсан нам үзэл бодлын нэгдэл хэвээрээ үлдэх үү, нэг хүний халаасны компани болох уу гэсэн хэцүү сонголттой нүүр тулж байна.

Хэрэвзээ  Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны хэлсэн шиг “2024 он хүртэл эрс шинэчлэл хийх, институц болох тал руугаа илүү ажиллах хэрэгтэй” гэвэл  шинэчлэлээ аль болох Ерөнхийлөгчөөс холуур хийх хэрэгтэй.  Ардчилсан нам үзэл бодлын нэгдэл хэвээр үлдэхэд Ерөнхийлөгчтэй заавал “ойлголцох” хэрэггүй, гишүүд нь хоорондоо ойлголцож, эв нэгдлээ хангах л чухал. Тэгээд ч Ардчилсан нам орших, оршихгүй нь ганц Х.Баттулгад, эсвэл Л.Болдод,  зөвхөн Ардчилсан намын гишүүдэд хамаатай асуудал биш.  Учир нь, Ардчилсан нам бол Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч гэж итгэдэг олон сонгогч бий. Парламентад суудалтай намын хувьд төрийн нэг багана гэж хэлж болно. Ардчилсан нам нэг хүний компани болж хувирвал Монголын ардчилал жинхэнээсээ амь тавина. Тиймээс Ардчилсан намыг бурхан өршөөг.

Товчхондоо, С.Баярын зөвлөснөөр “Ардчилсан нам одоо сэргэ, ухаан сийл, зориг гаргах” хэрэгтэй болжээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж