"Нийслэлд найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй"

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

"Нийслэлд найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй"

 Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн цахим элсэлтийн талаар өнөөдөр /2020.08.03/  Нийслэлийн боловсролын газар /НБГ/-аас мэдээлэл хийлээ. 


Мэдээллийн эхэнд НБГ-ын дарга Ж.ГАНТУЛГА:

2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 251, төрийн бус өмчийн 434, нийт 685 цэцэрлэг үйл ажиллагаа явуулснаас төрийн өмчийн цэцэрлэгийн 2148 бүлэгт 89534 хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгийн 1391 бүлэгт 31222 хүүхэд буюу нийт 3539  бүлэгт 120576 хүүхэд хүмүүжиж төгссөн. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 82.0 хувьд хүрсэн. 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 286, төрийн бус өмчийн 437 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах төлөвтэй байна.

Долдугаар сарын 29-ний Засгийн гзарын хуралдаанаар хоёр настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй, таван настай хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан.

Энэ хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан  настангууд сургуульд элсэнэ.  Хүн амын урьдчилсан статистик мэдээгээр 39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоо гарсан. Элсэлтийг 2020-2021 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог нэмэгдүүлэхгүй байх зорилготой байна. Үүний хүрээнд Хамран сургах тойрог тогтоох тухай НБГ-ын даргын 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийг А/36 дугаар тушаалыг үндэслэн зохион байгуулна. Хамран сургах тойргийн мэдээллийг www.edub.edu.mn сайтад байршуулсан. Өнгөрсөн хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд нэгдүгээр ангийн элсэлтийг анх удаа цахимаар зохион байгуулсан. Энэ хичээлийн жилээс нийслэлийн  төрийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангийн элсэлтээ цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас  тухайн хичээлийн жилд  нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд эцэг,эх, асран хамгаалагчид www.parent.edu.mn системд өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульдаа элсэх хүсэлт илгээж бүртгүүлнэ.

Цахим бүртгэл өнөөдрөөс /2020.08.03/ эхлэн наймдугаар сарын 28-ыг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх  боломжтой сургууль дээр нь бүртгэнэ.

Мөн системд хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг эхчүүд тухайн хамран сургах тойргийн сургууль дээрээ очиж бүртгүүлэх боломжтой. Харин таван настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Цахим бүртгэл эхлэхээс өмнө цэцэрлэгүүдэд урт дараалал үүсч дугаарладаг, зарим хүмүүс дугаараа бусдад дамлан зардаг зүй бус үйлдлийг цэгцлэх үүднээс сургууль цэцэрлэгийн бүртгэлийг цахимжуулж байгаа юм.  Гурван жилийн өмнөөс цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээс хойш дээрх төрлийн зүй бус үйлдэл бүрэн цэгцэрсэн.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Засгийн газраас 2020-2021 оны хичээлийн жилд  хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэхгүй, оюутнуудыг гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх шийдвэр гарсан. Дээрх арга хэмжээг авснаар короанавирусийн эрсдлээс хэдэн хувь сэргийлнэ гэж үзсэн бэ?

-Одоогоор нарийвчилсан тооцоо судалгаа Боловсролын яамнаас бидэнд ирүүлээгүй байна. Боловсролын хүрээлэнгээс гаргасан нарийвчилсан судалгаа нь яаманд нэгтгэгдээд аймаг, нийслэлд хүргүүлсний дараа илүү тодорхой мэдээлэл өгч болно.

-Нэг ангид 20 хүүхэд хүлээн авна. Тухайлбал, 53 хүүхэдтэй анги байлаа гэхэд хүүхдүүдийг гурав хувааж хичээл орох шаардлагатай болно. Анги танхим нь хүрэлцэх үү?

-Цэцэрлэгүүд  дотооддоо анги танхим болон багш боловсон хүчний хүрэлцээний талаарх судалгааг  хийгээд НОБГ-т хяналтын тоогоо өгнө. Тэрхүү судалгаа нь наймдугаар сарын 17-нд бэлэн болно. Өдөр өнжүүлэх төв болон  хүүхэд харах үйлчилгээг нээх эсэхийг УОК-оос шийдэх  байх.

–Цэцэрлэгийн багтаамжаас хамаарч 3-4 настай хүүхдүүдийн тодорхой хувийг цэцэрлэгт хамруулна гэсэн. Үүнийг тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Нас, насны ангиллаар нь судалгаа хийгээд үзэхэд нийслэлийн хэмжээнд гурван настай хүүхдүүд  60 орчим хувь, дөрвөн настай хүүхдийн 73 хувь нь цэцэрлэгт хамрагдана гэсэн үг.  Хоёр настай хүүхдүүдийг бүртгэхгүй учраас анги танхимд зай гарна. Нэг ангид 20 хүүхдээс хэтрүүлэхгүй байхаар зохицуулалт гарсан учраас сийрэгжүүлэх арга хэмжээг авна. Үлдсэн орон зайнд нь таван настай хүүхэд болон 3-4 настай хүүхдүүдээ элсүүлэх бодлого баримталж байна.  Цэцэрлэгүүд наймдугаар сарын 17-ны өдөр анги танхимыг 20 хүүхэдтэй байхаар зохион байгуулалт хийсний дараа  3-4 настай хүүхдийн  хэдэн  хувийг элсүүлэх зэрэг нарийн  хяналтын тоо нь тодорхой болно. Үүний дараа эцэг эхчүүд, цэцэрлэг дээр хүүхдүүдээ бүртгүүлэх боломжтой гэсэн үг. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн сул орон зайг ашиглан хүүхдүүдийг нэмэлт элсэлтээр хамруулах боломжтой гэж харж байгаа. Байраа ашиглуулж болох 95 төрийн бус өмчийн цэцэрлэг байгааг яаманд хүргүүлсэн.

-Эцэг эхчүүдээс анги засварын мөнгө авах уу?

-Сургууль цэцэрлэгийн анги засварыг эцэг эхийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг. Гэхдээ энэ жилийн хувьд  цар тахлын улмаас танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон учраас эцэг эхчүүдээс  анги засварын мөнгө авахгүй. Одоо байгаа ангиа цэвэрлээд хичээл эхэлнэ.

-Сурах бичгийн хүрэлцээ хэр байгаа вэ?

-Төрийн өмчийн сургуулиудад 1-5 ангийн сурах бичгийг үнэ төлбөргүй олгоно. Энэ жилийн хувьд 1-5 ангийн 172.316 сурах бичгийг долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлсэн.  Ахлах, дунд ангийн сурагчдын 40 хувийг  зорилтот бүлэгт хуваан сурах бичгээр үнэ төлбөргүй хангадаг бол  үлдсэн 60 хувь нь өөрсдөө сурах бичгийг худалдаж авдаг. Энэ жил 147.571 сурах бичгийг хэвлэсэн. Есдүгээр сарын 1-ээс өмнө сургуулиудад тараагдана. Харин барелл сурах бичгийг тухайн жилдээ нөхөн хангалт хийгээд явдаг.

-2020-2021 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх хэчнээн сургууль байгаа вэ?

-Энэ жилийн хувьд Баянгол дүүргийн Сэтгэмж сургууль, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль, Хан-уул дүүргийн 10,15,18,118,115 дугаар сургуулиуд болон Баянзүрх дүүргийн 120 дугаар сургууль гурван ээлжид шилжиж болзошгүй гэх судалгаа гарсан.

Дээрх найман сургууль дэргэдээ байгаа сургалтын зориулалтаар ашиглаж болох байрны судалгааг мөн гаргасан. Ажлын хэсэг  энэ долоо хоногт дээрх сургуулиудад ажиллаж сургалтын зориулалтаар ашиглаж болох байр мөн эсэх дээр дүгнэлтээ гаргана. Улмаар төсөв санхүүгийнх нь асуудлыг Сангийн яамтай тохиролцоод шийдэхээр болсон.

“Монгол тэмүүлэл”, 133 дугаар сургуулийн хувьд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд олон улсын хөтөлбөртэй сургуулийн барилга, ердийн ерөнхий боловсролын сургуулийн барилга давхар баригдаж байгаа. Есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулахын тулд бид шахаж ажиллаж байна. Хэрэв тус хоёр сургууль ашиглалтад орчихвол  гурван ээлжээр хичээллэхээ болино. Ашиглалтад орж амжихгүй бол 133 дугаар сургууль  одоо байгаа хичээлийнхээ байранд “Монгол тэмүүлэл” сургууль Худалдаа үйлдвэрлэлийн сургууль дээр түрээсээр үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийсэн. Ер нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орон сууц их баригдсан учраас сургууль цэцэрлэгийн ачаалал хүнд байгаа.

 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж