АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард эхэлнэ. Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ирэх сонгуульд Цагаан ордны тэргүүнээр сонгогдвол АНУ-ын гадаад бодлогод эрс өөрчлөлт хийхээ мэдэгджээ. Тэрбээр Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгааг тэргүүлэн өрсөлдөж буй. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын олон улсын харилцаанд шүүмжлэл дагуулсан олон том өөрчлөлтийг Жо Байдан эргүүлэх гэнэ. Тэрбээр Ойрхи Дорнодоос Ази, Латин Америкаас Африк, Европ дахь худалдаа, терроризмтой тэмцэх, зэвсгийн наймааны хяналт, цагаачлалын бодлого зэргийг өөрчлөхөөр төлөвлөжээ. Эн тэргүүнд тэрбээр Дональд Трампын засаг захиргааны үед холдож, зөрчилтэй тулгарсан уламжлалт холбоотны харилцаагаа сэргээнэ.
Түүхэндээ АНУ-ын гадаад бодлого харьцангуй тогтвортой байсан бөгөөд Ардчилсан болон Бүгд найрамдах аль ч намын нэр дэвшигч Ерөнхийлөгч болсон өөрчлөгддөггүй байв. Холбоотон болон “дайсан”-уудын харилцаанд баримтлах бодлого ижил ч харьцангуй холын хамаарал бүхий орнуудтай АНУ-ын эрх ашгийг хамгаалж иржээ. Гэвч бүхнийг Дональд Трамп гарч ирснээр өөрчилжээ. Түүний америкчуудын эрх ашгийг нэгдүгээрт тавих, хамгаалах бодлого нь гадаад бодлогод холбоотон болон дайснуудтай харилцах байдлыг өөрчилсөн. Тэрбээр дайсагнагч Хойд Солонгостой харилцаагаа сайжруулж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэт ойр ажилладаг гэх хардлага газар авчээ. Гэсэн ч Дональд Трампын өөрчилж чадаагүй зүйл үлджээ. Улс төр шинжээчид АНУ-ын гадаад бодлогыг нисэх онгоц тээвэрлэгчтэй зүйрлэдэг. Тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ-ыг гаргахын тулд жил гаруйн хугацаа зарцуулсан бөгөөд олон улсын шүүмжлэлтэй тулгарсан. Түүнчлэн Дональд Трамп дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах зарлиг гаргасан ч арваннэгдүгээр сарын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө эцэслэн шийдэгдэж амжихгүй. Түүнчлэн Германд байршсан АНУ-ын хэдэн мянган цэргийг гаргахад ч хэдэн жил шаардагдана. Трампын засаглалын хугацаанд түүнд тулгарсан хамгийн том бэрхшээл нь туршлага болон найдвартай зөвлөх дутмаг байв.
Харин Жо Байдены хувьд тэрбээр АНУ-ын Сенат болон Цагаан ордонд алба хашсан туршлагатай. Жо Байден бол 2009 оноос 2017 он хүртэл АНУ-ын 47 дахь дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, 1973-2009 онд АНУ-ын Сенатад Делавэрийг төлөөлж оролцсон. Түүний хувьд өөрчлөлт хийхэд илүү хялбар байна. Тэрбээр үндэсний аюулгүй байдал болон тагнуулын асуудлыг Трампаас илүү ойлгоно. Жо Байдены багт гадаад харилцааны туршлагатай олон хүн зөвлөхөөр ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн дэд туслах Жейк Сулливан, Жорж Бушийн гадаад харилцааны топ зөвлөх байсан Николас Бюрнс зэрэг багтжээ.
Дональд Трампын америкчуудын эрх ашгийг хамгаалах бодлогоос болж Хятадтай бүрэн хэмжээний худалдааны дайн өдөөсөн. Үүнийг Жо Байден шүүмжилж, Хятад руу хайр найргүй дайрсан гэж буруутгажээ. Түүний шийдвэр олны анхаарлыг ихээр татсан ч үр дүнгүй байгааг гадаад харилцааны бодлогын зөвлөх Жефф Прескотт мэдэгджээ.
Байдан АНУ-ын ерөнхийлөгч болвол дараах өөрчлөлт хийгдэнэ:
–Ойрхи-Дорнод: Палестины автономит эрхийг хамгаалах дэмжлэгээ сэргээнэ. Гэхдээ тэрбээр Йерусалим руу нүүлгэсэн АНУ-ын элчин сайдыг яамыг буцаан Тель Авивт авчрах талаар дурдаагүй. Дональд Трамп Йерусалимыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, Элчин сайдын яамаа нүүлгэснээр Палестины бүрэн эрхэд халджээ.
– НҮБ: НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болон Хүний эрхийн зөвлөл дэх АНУ-ын гишүүнчлэлийг сэргээнэ.
– Европ: Холбоотноо шүүмжилж, буруушаасан өнгө аястай Дональд Трампын хандлагыг өөрчилнө. Гэхдээ тэрбээр Умард Атлантын цэргийн эвсэл буюу “NATO” байгууллагын холбоотнуудын харилцаанд зөрчил үүсгэх эрсдэлтэй.
– Африк: тус тив дэх АНУ-ын байр суурийг бэхжүүлэхийг хичээнэ. Африк тив нь АНУ ба Хятадын хооронд өрсөлдөөний шинэ талбар болсон юм.
– Ази: Япон, Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэрэг байнга байрших бодлогыг хэвээр хадгалж, сэргээнэ. Харин тэрбээр Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахгүй.
– Латин Америк: Мексик болон бусад орны цагаачдыг шүүхийн шийдвэргүй албадан нутаг буцаах гэрээг хүчингүй болгоно. Тэрбээр өмнөд хил дээр хана барихаас илүү үр ашигтай зүйлд анхаарлаа хандуулна. Мөн тэрбээр Барак Обамагийн үед эхэлсэн Кубатай харилцаагаа сайжруулах бодлогыг сэргээнэ.
Холбоотой мэдээ