Хятадын “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok” аппликейшнийг АНУ-д ашиглахыг тун удахгүй хориглох тухайгаа Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт /2020.07.31/ мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр уг платформыг Америкийн компани эзэмших, худалдан авахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Түүний дээрх мэдэгдлийн дараа “TikTok”-ийг худалдан авахаар “ByteDance” компанитай хэлэлцэж байсан “Microsoft” компани хэлэлцээгээ зогсоосон тухай “Wall Street Journal” сонин мэдээлжээ. Мөн АНУ-ын өөр хэд хэдэн компани “TikTok”-ийн хувьцааг худалдан авахаар сонирхож байсан гэнэ.
“ТикТок” нь богино хэмжээний видео бичлэг хийж бусадтай хуваалцах зориулалттай цахим сүлжээний нэг хэлбэр бөгөөд өдгөө зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум ам.долларыг даваад буй юм. Харин АНУ-ын зүгээс уг платформыг тагнуулын зориулалттай, хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг Хятад руу дамжуулдаг гэж буруутгаж байгаа билээ. Уг платформыг Энэтхэгт ашиглахыг хориглоод байгаа бол Япон улс мөн хориглох талаар хэлэлцэж буй юм. Нөгөөтэйгүүр АНУ болон Хятадын хооронд үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн АНУ холбоотон орнууддаа энэхүү аппликейшнийг хориглохыг шахаж байж магадгүй гэсэн таамаглал ч байгаа юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ