Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны Хүнсний үйлдвэрийн Хөгжлийн бодлогын газрын дарга Т.Гантогтохоос махны экспорттой холбоотой асуудлыг тодрууллаа.
-Гадаад эзэнтэй компаниудад махны квотын давуу эрх олгогддог тухай асуудал сүүлийн үед яригдах боллоо. Энэ асуудалд тайлбар өгөөч. Мөн махны экспорт ямар байна вэ?
-Монгол Улс уул уурхайн бус экспортыг нэмгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Засгийн газраас хүнс экспорлогч орон болох чиглэл баримталж энэ хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд махны экспорт нэмэгдсэн. Тухайлбал, 2015 онд 4.9 тонн мах экспортолж байв. Харин 2018 онд 70 мянган тонн, 2019 онд 50.8 мянган тонн мах экспортолсон. Махны экспортын үр шим, өгөөж нь малчдад очиж байгаа. Тэгэхээр экспортод гаргахдаа ямар шат дамжлага дамждаг вэ гэхээр хоёр улсын хоорондын хүнсний аюулгүй байдлын проткол байгуулдаг. Ингэхдээ тухайн мах экспортлогч орон мах бэлтгэх үйлдвэртэй байх ёстой. Жишээ татвал, БНХАУ, ОХУ-аас тусгай мэргэжлийн ажлын баг Монгол Улсад ирж мах бэлтгэгч үйлдвэрүүдэд хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, хөрш орнууд руу мах экспортлох аж ахуй нэгж, үйлдвэрүүдэд тухайн улсын мэргэжлийн баг хяналт тавьж, шаардлагаа тавьдаг. Энэ нь тухайн улсын хүн амын хүнсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой учраас хянан магадлагаа хийсний дараа л махаа импортолдог гэсэн үг. Манай улс ч бас тухайн улсын тахиа, гахайны махад хянан магадлагаа хийсний дараа импортолдог. Манай улсаас мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллүүд тухайн экспортлогч улсад очиж мах бэлтгэгч үйлдвэрийг нь шалгаруулдаг. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу махны экспорт, импортыг зохион байгуулдаг тул шаардлага хангасан үйлдвэрүүд л мах экспортлох эрхтэй.
-Өнөөдрийн байдлаар албан ёсны эрхтэй хэчнээн аж ахуй нэгж мах экспортолж байна. Махны квотыг ямар журмаар олгодог вэ?
-ОХУ руу 29 аж ахуй нэгж, үйлдвэр мах экспортлох эрхтэй ч коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас махны экспорт түр зогссон. Мөн БНХАУ руу хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй зургаан үйлдвэр бий. Адууны мах экспортлох эрхтэй 12 үйлдвэр байсан ч зарим нь эрхээ цуцлуулсан тул одоо 8 үйлдвэр бий. Түүнчлэн дулааны аргаар боловсруулсан мах экспортолдог 19 үйлдвэрээс 4 нь эрхээ цуцлуулсан. Одоо 15 үйлдвэр бий. Эдгээр үйлдвэр импортлогч талаас зөвшөөрөлтэй тул мах экспортолж байна. Албан ёсны эрхтэй үйлдвэрүүдээр дамжиж мах экспортолно. Тус үйлдвэрүүд жилд хэчнээн тонн мах үйлдвэрлэх вэ гэдэг тооцоо төлөвлөгөөгөө ХХААХҮЯ-д танилцуулах ёстой. Үүнийг нь манай яамны Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс мал сүргийн эргэлтэд тохируулж жилд хэчнээн тонн мах экспортлох боломжтой вэ гэдэг тоо хэмжээг тогтооно. Өөрөөр хэлбэл, квот гэсэн үг. Дулааны аргаар боловсруулсан буюу чанасан үхрийн маханд л квот тогтоосон. Харин богийн маланд квот тогтоогоогүй. Хэрэв салбарын яамнаас квот тогтоохгүй бол манай улсын мал сүргийн бүтцэд өөрчлөлт орох магадлалтай.
-“Финас Холдинг” ХХК-ны зүгээс бэлтгэсэн махаа экспортолж чадахгүй хүндхэн байдалд орсноо мэдэгдсэн. Тус компанийн захирал Б.Энхцэцэгийн хэлснээр үйлдвэргүй мөртлөө гадаад эзэнтэй компаниудад давуу эрх олгодог, махны квот тогтоохдоо салбарын яамнаас шударга бус ханддаг хэмээсэн?
-Мах экспортлоход хамгийн чухал нь мал төхөөрөх үйлдвэртэй байх, төхөөрөхөөс чанасан үйлдвэртэй байх ёстой гэх шаардлагыг импортлогч орнууд тавьдаг. Энэ ч үүднээс дээрх дурдсан компаниуд албан ёсны эрхтэй мах экспортлогч аж ахуй нэгжүүд юм. Харин “Финанс Холдинг” компани бол өөрийн гэсэн үйлдвэргүй. Ийм үйлдвэргүй аж ахуй нэгжид бид махны квот олгох боломжгүй. Уян хатан нөхцлөөр махны тоо хэмжээ олголоо гэхэд импортлогч улсад гарах боломжгүй. Финас Холдинг компанийн захирал Б.Энхцэцэг манай яаманд нэг бус удаа хандсан. Бидний зүгээс хоёр орны хэлэлцээрийн дагуу албан ёсны эрхтэй үйлдвэрүүд мах экспортлох эрхтэй гэдэг тайлбарыг өгч байсан.
-Яамнаас махны квот олгохдоо зуучлагч хэлбэрээр оролцож гадаад эзэнтэй компаниудад давуу эрх олгож байна гэх шүүмжлэл ч байна. Энэ талаар салбарын яамнаас ямар байр суурьтай байна вэ?
-Манай яам махны квотын тоо хэмжээг хууль журмын хүрээнд олгож байгаа. Салбарын яаманд импортлогч талаас зөвшөөрөлтэй компаниудыг ямар хөрөнгө оруулалттай, хэнийх вэ гэдгийг нь мэдэх эрх байхгүй. Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй нэгжүүд болон импортлогч талаас зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд хууль журмын хүрээнд махны квот олгодог. Махны квот олгосны дараа нь мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналтаа тавьдаг. Товчхондоо, хууль журмын дагуу хоёр орны хэлэлцээрээр зөвшөөгдсөн аж ахуй нэгжүүдэд квот олгогддог гэсэн үг.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ