Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанууд өчигдөр /2020.08.02/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж, өндөрлөлөө. Энэ удаагийн нагоя башёгийн хоёрдахь өдөр ёкозүна Какүрюү М.Ананд, 12 дахь өдөр ёкозүна Хакүхо нар бэртлийн улмаас барилдах боломжгүй болсон учир жүрёо зиндаанаас эргэн дэвшин гарч ирсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон шинэхэн озеки Асанояама нарт боломж гарч ирсэн. Улмаар нагоя башёгийн 13 дахь Тэрүнофүжи Асанояама нарын барилдаан явагдаж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давж, башёг ганцаараа тэргүүлсээр хоёр дахь түрүүгээ авч байна.
2015 оны тавдугаар сард дээд зиндаанд анх удаагаа түрүүлсэн шинэхэн озэки 23 настай Г.Ган-Эрдэнийг Монголын их аваргуудын залгамж халааг үргэлжлүүлэн ёкозүна болно гэж олон хүн харж байна. Гэвч 2016 он түүний хувьд мартахыг хүссэн жил болж өнгөрсөн. 2016 оны нэгдүгээр сарын башёгийн тавдахь өдөр мөрөндөө хүнд бэртэл аван барилдаагаа орхисон. Түүнээс хойш Тэрүнофүжигээс нэг хэсэгтээ бэртэл гэмтэл салаагүй юм. 2017 оны тав болон долдугаар саруудад дараалсан өвдөгний хагалгаанд орж, мөн бөөрний чулуугаа авхуулж хүнд цаг хугацааг тэрбээр туулж өнгөрүүлсэн билээ.
Гэмтлийн улмаас нэг хэсэгтээ барилдах боломжгүйд хүрсэн тул түүний цол буурсаар сүмогийн доороосоо хоёрдахь буюу жонидан зиндаанд барилдах болов. Дээд зиндаанд озэки цолтой барилдаж байсан Тэрүнофүжи ийнхүү доод зиндааны 48-т эрэмбэлэгдэн барилдаж, энэ асуудлаас болж ихэнхи бөхчүүд сэтгэл гутралд орон, шантарч, зодог тайлдаг бол тэр бууж өгөөгүй. Дэвжээний багшийнхаа зөвлөгөөг дагаж бэртэл гэмтлээ бүрэн эдгээн 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаандаа нэг ч ялагдалгүй долоо даван энэ эрчээрээ санданмэ, макүшита, жүрёо зиндаануудад дэвшин дараалан түрүүлж эргэн макүүчи буюу дээд зиндааны хамгийн сүүлд буюу маэгаширигийн 17-т эрэмбэлэгдэн 2020 оны долдугаар сарын нагоя башёд барилдсан юм.
Тэрбээр дээд зиндаанд эргэн ирсэн анхны башёдоо ийнхүү түрүүлэн сүмогийн ертөнцийн бахархал болж байна.
Тэрүнофүжи 2000 оны нэгдүгээр сард сэкивакэ цолтойгоор озеки Мүсояама түрүүлж байснаас хойшхи анхны, жүрёо зиндаанаас дээд зиндаанд дэвшсэн башёдоо түрүүлсэн гуравдахь, макүүчи зиндаанаас чансаа буурч, жонидан зиндаанаас эргэж дээд зиндаандаа гарч ирж түрүүлсэн сүмогийн түүхэн дэх цорын ганц бөх болсон юм.
Тэрүнофүжи мэргэжлийн сүмод барилдаж буй 25 дахь башёдоо түрүүлснээр 24 дэх башёдоо түрүүлсэн ёкозүна Таканохана, Асашёорюү хэмээх хоёр алдарт аваргын урд бичигдэх амжилтыг үзүүлсэн.
Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төржээ. Хүүхэд ахуй наснаасаа эхлэн бөхөд дурлаж ёкозүна Хакүхогийн аав Хөдөлмөрийн баатар, дархан аварга, олимпийн мөнгөн медальт, Ж.Мөнхбат агсны удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн байна. Удалгүй түүнийг сүмогийн спортод амжилт гаргана хэмээн үзэж Ичиножо Ичинноровын хамтаар арлын Япон руу явуулж, Тоттори мужийн Жохокү ахлах сургуульд сүмогоор хичээллүүлж эхэлсэн аж. Ахлах сургуулиа төгсөөд тэрбээр эргэлт буцалтгүй мэргэжлийн сүмод хүч үзэхээр болж Магаки дэвжээнд элсэн оржээ. Түүний анхны дэвжээ нь Вакамишо байсан бөгөөд 2013 оны есдүгээр сар хүртэл уг нэртэйгээ барилдаж байжээ. Улмаар Магаки дэвжээ нь хаагдаж Г.Ган-Эрдэнэ Исэгахама дэвжээ рүү шилжив. Тус дэвжээний эзэн, ёкозүна Асахифүжи Сэйяа түүний дэвжээний нэрийг өөрчилж, өөрийн нэр болон ёкозүна Тэрүкүни нарын нэрийг нийлүүлэн Тэрүнофүжи хэмээх нэрийг хайрлажээ.
Г.Ган-Эрдэнэ Тэрүнофүжи хэмээх шинэ нэртэйгээ барилдсан жүрёо зиндааны анхны башёдоо түрүүлэв.
Ийнхүү Тэрүнофүжи 2014 оны гуравдугаар сарын башёгоос эхлэн маэгаширийн 10-т эрэмблэгдэн макүүчи зиндаанд анхны барилдаанаа хийж эхэлсэн. Энэ өдрөөс хойш дээд зиндаанд тогтмол сайн барилдаж, сэкивакэ цол хүртэн 2015 оны тавдугаар сард дээд зиндаанд 12 даваа, гурван унаатай түрүүлж Монголын их хүчтнүүдийн залгамж гэдгээ харуулсан.
Тэрүнофүжи Ган-Эрдэнэ бол өнөө цагийн үлгэр жишээ болсон гайхалтай бөх. Олон дараалсан хүнд гэмтлүүд, зиндаа буурч, цолоо алдаж, туслахынхаа туслах хийж явсан хүнд цаг үеүдийг даван эргэн дээд зиндаандаа гарч ирж, маэгаширигийн 17-т буюу анх дээд зиндаанд барилдаж эхэлсэн цэгээсээ түрүүллээ.
Тэрбээр нагоя башёд түрүүлснийхээ дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг зиндаа буурсны дараа дэмжиж байсан олон хүмүүс байсан. Миний гэр бүл, дэвжээний багш, дэвжээний маань бөхчүүд гээд. Намайг эргэн ирэхэд туслаж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Олон зүйл тохиолдсон ч эцсийн эцэст би энэ өдөртэй золголоо. Хэрэв би хичээж чадвал шагнуулах өдөр ирэхийг мэдэж байсан. Миний инээмсэглээд зогсох энэ өдөр ирнэ гэдэгт би итгэж байлаа” хэмээжээ.
Түүний хүртсэн нагоя башёгийн түрүү бол Макүүчи зиндаанд Монголчуудын хүртсэн 88 дахь түрүү байсан юм.
Хакүхо Даваажаргал 44 түрүү, Асашёорюү 25 түрүү, Харүмафүжи Бямбадорж есөн түрүү, Какүрюү Ананд зургаан түрүү, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ хоёр түрүү, Кёкүтэнхо Цэвэгням нэг түрүү, Тамаваши Мөнх-Оргил нэг түрүү тус тус хүртжээ.
Холбоотой мэдээ