“Хөлбөмбөгийн талбайн зүлгийг хуулаагүй”

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

“Хөлбөмбөгийн талбайн зүлгийг хуулаагүй”

“Хөлбөмбөгийн талбайн зүлгийг хуулаагүй”

Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулж, сонгуулийн өмнөхөн /2020.06.16/ нээсэн. Хогонд дарагдаж, улаан шороо эргэсэн энэ газрын маргаан олон жил үргэлжилсэн ч өнгөрсөн жилээс бүтээн байгуулалтын  ажил эхэлж, амарч, зугаалах талбай нэгээр нэмэгдсэнд иргэд талархаж байв.

Гэтэл олон нийтийн сүлжээнд “Хөлбөмбөгийн талбайн ногоон зүлгийг хуулж, хүүхэд багачууд салхилж, тоглох боломжгүй болсон” гэх шүүмжлэл гарах болсон. Тиймээс тус хөлбөмбөгийн талбайг зорилоо:

Өмнө нь тус талбай дээр очиход  хүүхэд, залуус хөлхөлдөж байсан бол өдгөө “Засварын ажил долдугаар сарын 20-ноос эхэлсэн тул дотогш хүн нэвтрүүлэхгүй” хэмээн бичиг үүдэндээ байрлуулжээ.

Яагаад тус талбайд "хөл хорио" тогтоосныг манаачаас тодруулахад “Хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажил хараахан дуусаагүй байгаа. Наадмын дараагаас хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажил үргэлжлүүлж хийж эхэлсэн. Хүмүүс тэрийг ойлгохгүй шүүмжлэл, гомдол гаргах юм. Зарим нь шөнө орой ирчихээд “Хаалгаа онгойлго” дотогшоо ормоор байна гэдэг. Удахгүй тохижилтын ажил бүрэн дуусмагц үүд хаалгаа нээнэ” хэмээн учирлав.

“ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙД ХОГ ХАЯЖ, АРХИ, ТАМХИ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОДОГ НЬ ТААЛАГДСАН”

Хөлбөмбөгийн талбай хаасан асуудлаар хүүхэд, залуусын байр суурийг сонссон юм.  Э.Сүлд “Би шинэ хөлбөмбөгийн талбайд ганц л удаа очиж тоглосон. Их гоё цэвэрхэн талбай байна лээ. Дахиад найзтайгаа очсон чинь ажиллахгүй болсон байсан. Хэзээ нээгдэхийг нь мэдээгүй. Найзуудтайгаа хамт тогломоор л байна” гэв.

“Энэ хөлбөмбөгийн талбайд хүмүүс их цуглардаг. Бага насны хүүхдүүд, ахмад настан гээд бүх насныхан ирж, салхилж, сууцгаадаг юм. Хотод маань ийм талбай ховор шүү дээ. Хөлбөмбөгийн талбайд хог хаяж, архи, тамхи хэрэглэхийг хориглодог нь их таалагдсан. Хөлбөмбөгийн талбайн зүлгийг нь хуулж авсан байсан. Одоо хэзээ хаалгаа нээж, хүмүүсийг оруулах юм бол. Бид энэ талбайг байгуулаагүй байхад Г.К.Жуковын талбай орчим л салхилдаг байсан” гэж Т.Баярбаясгалан хэллээ

“ЗҮЛГЭЭ ДЭВССЭНИЙ ДАРААГААР ХЭСЭГ БАЙЛГАЖ БАЙГААД ЭЛС АСГАДАГ”

 “Монгол менежмент” компанийн зүлэг хариуцсан ажлын даамал С.Батсуурь “Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн зүлгийг хийхэд нарийн технологитой байдаг. Бид зүлгээ дэвссэний дараагаар хэсэг байлгаж байгаад элс асгадаг. Элс хуурай байж зүлэгрүүгээ шигдэж ордог. Ойрын өдрүүдэд бороо орсны улмаас элс норж, ажил хойшлогдоод байна. Сая хоёр өдөр нар гарахаар нь талбайн зүлгэндээ элсээ оруулсан. Элс хийсний дараагаар хар резин асгадаг.

Ингэснээр хөлбөмбөг тоглоход хальтарч унахгүйгээр зүлгээ босгож өгдөг юм. Энэ ажлыг  иргэд “Хөлбөмбөгийн талбайн зүлгийг хуулчихлаа” гэж ойлгоод байх шиг байна. Одоо энэ ажлаас гадна гүйлтийн зам хийх ажил үлдээд байна. Гүйлтийн зам хийх машинаа 90 градусын индүүгээр халааж хийсний дараагаар замаа буддаг. Гэвч цаг агаараас шалтгаалан ажил хойшлогдоод байна. Хоёр өдөр ажлаа  хийгээд л бороо орчихоод байх юм” гэлээ.

Сурвалжлага хийх үеэр бороо орж байсан ч хөлбөмбөгийн талбайд 10 гаруй ажилчид ажиллаж байв. Тус компанийн ерөнхий инженер Н.Бат-Эрдэнэ “Хөлбөмбөгийн талбайн засвар, тохижилтын ажил наймдугаар сарын 1-нд дуусч, хүлээлгэн өгөх байсан. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас ажлууд маань хойшлогдсон. Бид чадвал ирэх долоо хоногт ажлаа дуусгахаар төлөвлөсөн. Зүлэгжүүлэлтийн ажлаас гадна ногоон байгууламжийн хашлага хийсэн. Одоо 450 метр гүйлтийн зам тавих ажил үлдээд байна” гэлээ.

“450 МЕТР ГҮЙЛТИЙН ЗАМ ТАВИХ АЖИЛ ҮЛДСЭН”

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1.8 га энэ талбайд хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, теннис, гар бөмбөг, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлтийн талбай, уртын харайлт болон гүйлтийн зам, сүүдрэвч, гэрэлтүүлэг, авто зогсоол, үзэгчдийн суудал, төвлөрсөн бие засах газар, хашаа, хамгаалалтын байр, ногоон байгууламжийг иж бүрнээр нь байгуулах аж. Одоо гүйлтийн замын ажил л үлдсэн байна.

Нийслэлчүүд хуучнаар “15-ын талбай” гэж нэрлэдэг. Энэ спортын талбайн газрын маргаан сүүлийн 20 жил үргэлжилсэн. Өнгөрсөн жил НЗДТГ-т спортын талбай байгуулах зураг төслийг нь танилцуулж, газрын асуудлыг нь шийдэх хүсэлтийг гаргасан. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Засаг даргын захирамжаар хөрөнгө мөнгийг нь шийдээд, олон улсын стандарт бүхий цоо шинэхэн талбай үүдээ нээхэд бэлэн болсон нь энэ юм. Тун удахгүй хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажил дуусч, хүүхэд залуусын инээд хөөрөөр дүүрэх нь ээ.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж