Английн хөлбөмбөгийн холбооны цом буюу ФА капын шигшээ тоглолт өнөөдөр /2020.08.02/ Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд явагдаж өндөрлөлөө. 139 дэх удаагаа зохион байгуулагдсан энэ жилийн холбооны цомын тэмцээнд Английн хөлбөмбөгийн бүхий л шатны 123 баг өрсөлдөж, шигшээ тоглолтод Лондон хотын хоёр баг болох Челси болон Арсенал шалгарсан юм.
- Арсенал 2-1 Челси
90 мянган хүний суудалтай Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд цар тахлын улмаас үзэгчгүй зохион байгуулагдсан тоглолтыг Челси давамгайлж эхлүүлсэн. Тус багийн америк залуу авьяастан Кристиан Пулисич тоглолт эхлээд ердөө таван минутын дараа гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Тэрбээр ФА капын шигшээ тоглолтод гоол оруулсан анхны Америк тоглогч болсон юм. Гэвч Челсигийн тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. Арсеналын Габон довтлогч Пьер-Эмерик Обамеянг 28 дахь минутад торгуулийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлэв. Түүнийг торгуулийн талбайд бөмбөгтэй байхад Челси багийн ахлагч Цезар Азпиликуэта унагаасан хэмээн талбайн ахлах шүүгч Энтони Тэйлор үзсэн.
Арсенал баг хэрвээ энэ тэмцээнд түрүүлсэн бол ирэх жил Европа лигт оролцох эрхтэй болох байв.
Челси багаас энэ тоглолтод Кристиан Пулисич болон Цезар Азпиликуэта нар гуяны арын шөрмөсний бэртлийн улмаас нэгдүгээр үед талбайг чөлөөлсөн. Мөн Хорват хагас хамгаалагч Матео Ковачич Арсеналын Гранит Шака дээр хоёр дараалан алдаа гаргаж хоёр шар хуудас хүртснээр талбайг чөлөөлж, багаа 10 хүнтэй үлдээсэн. Ийнхүү төлөвлөгдөөгүй хоёр сэлгээ хийн, нэг тоглогчоо улаан хуудасны улмаас алдсан Фрэнк Лампардын залуус тоглолтынхоо эрчийг бага багаар алдан эсрэг багтаа давуу байдлыг олгож байлаа.
Арсенал баг ч ээлж дараалсан олон аюултай довтолгоонууд зохион байгуулж, хоёрдугаар үеийн 67 дахь минутад энэ нь амжилтад хүрч, Пьер-Эмерик Обамеянг дахин гоолдож багаа ялалтад хөтөллөө.
Арсенал багийн түүхэндээ хүртэж буй 14 дэх ФА капын түрүү энэ байсан бол Микел Артета ахлах дасгалжуулагчийн хувиар анхныхаа цомыг ийнхүү хүртсэн юм.
Холбоотой мэдээ