Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 14 дэх өдрийн барилдаан өчигдөр /2020.08.01/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн 14 дэх өдөр аваргын өрсөлдөөний хоёр гол бөх болох озэки Асанояама болон Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар өвдөг шороодлоо.
Ёкозүна Хакүхо 12 дахь өдрийн барилдааны явцад баруун өвдгөндөө бэртэл авсан тул Нагоя башёг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болов.
Ёкозүна Какүрюү Анандын эзгүйд барууныг манлайлж буй озэки Асанояама башёгийн 14 дэх өдөр маэгашира Тэрүцүёошитой тааран барилдаж, өвдөг шороодлоо. Ингэснээр Асанояама энэ жилийн нагоя башёг 11 даваа, гурван унаатай үргэлжлүүлж байна. Харин түүнийг давсан Тэрүцүёоши найм давж, зургаа унасан үзүүлэлттэй качикоши хийлээ.
Жүрёо зиндаанаас эргэн дэвшиж гарч ирсэн Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр сэкивакэ Шодайтай тааран барилдсан ч мөн ялагдал хүлээн, нэг тойргийн өмнө түрүүлэх боломжоо алдлаа. Тэрүнофүжи Ган-Эрдэнэ хэдийгээр өвдөг шороодсон ч 12 даваа, хоёр унаатай нагоя башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. Хэрвээ тэрбээр өнөөдөр/2020.08.02/ сэкивакэ Митакеүмиг ялж чадвал нагоя башёд түрүүлнэ. Харин Митакеүми ялвал нэмэлт барилдаан хийх эрхтэй болно.
Нагоя башёг Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 12 даваа, хоёр унаатай тэргүүлж байгаа бол түүний араас Шодай, Асанояама болон Митакеүми нар 11 даваа, гурван унаатай удаалж байна.
Холбоотой мэдээ