Коронавирусээc хайртай хүмүүсээ хэрхэн хамгаалах вэ? | News.MN

Коронавирусээc хайртай хүмүүсээ хэрхэн хамгаалах вэ?

COVID-19

Коронавирусээc хайртай хүмүүсээ хэрхэн хамгаалах вэ?

Коронавирусээc хайртай хүмүүсээ хэрхэн хамгаалах вэ?

Цар тахал дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж буй энэ үед хайртай хүмүүсээ "Covid-19"-ийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалах талаарх зөвлөмжийг хүргэж байна. 


1. Урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болоорой

Аливаа аюул заналаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь түүний тухай үнэн бодитой мэдээлэлтэй байх явдал. Иймээс та коронавирусийн талаар эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж болон хууль хяналтын байгууллагаас хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг чанад мөрдөн, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай. Төр засгаас хэрэгжүүлж буй тодорхой хугацааны хязгаарлалтын арга хэмжээнд хүндэтгэлтэй хандаж, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг заавал биелүүлээрэй. Энэ шаардлага нь таны болон таны хайртай хүмүүс, улс орны аюулгүй байдлын төлөө хийгдэж буй ажил гэдгийг цаг ямагт санаж хүндэтгэж байгаарай.

2. Үнэн бодитой мэдээлэлтэй бай

Та коронавирусийн халдварын талаар зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй албан ёсны мэдээллийг цаг тухайнд хүлээн авч, заавар зөвлөмжийг заавал дагаж мөрдөөрэй. Цахим орчин болон бусад эх сурвалж нь тодорхойгүй мэдээ, мэдээлэлд хэзээ ч бүү автаарай. Тухайлбал, цахим орчинд  “…Монгол хүн коронавирусээр өвчлөхгүй байгаа нь тэдний гентэй холбоотой” гэх мэт хэт хийсвэр дүгнэлттэй, бодит бус мэдээ, мэдээлэлд итгэж анхаарлаа хэзээ ч бүү сулруулаарай.

3. Амны хаалт тогтмол хэрэглээрэй

Байнга амны хаалт зүүх нь танд хэцүү санагдаж байж магад. Гэхдээ энэ нь уг өвчнийг эмчлэх эм, вакцин гараагүй үед өөрийгөө эрсдэлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм. Амны хаалт зүүхээс өмнө гараа сайтар угааж, ариутгасан гараараа амны хаалтаа зүүгээрэй. Угааж ариутгаагүй гараар амны хаалтдаа бүү хүрээрэй. Хэрэглэсэн амны хаалтаа ил задгай хаялгүй хогийн саванд хийгээрэй. Амны хаалт сонгохдоо хэмжээг сайтар харж өөрт яг таарсныг сонгоорой.

4.Өвчний голомт бүхий орнуудад зорчих хэрэггүй

Агаар дуслын замаар тархаж буй үхлийн аюултай вирусээр хэн ч хэзээ ч, хаана ч өвчлөх магадлал өндөр байгаа учраас өвчний тархалтын идэвхтэй үеийг өнгөртөл өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө өвчний голомт бүхий гадаад улсад зорчих аяллын төлөвлөгөөгөө түр хойшлуулаарай. Мөн голомтын бус оронд зорчихоор төлөвлөж байгаа бол өвчний нөхцөл байдлын мэдээнд анхаарал заавал хандуулаарай.

5. Цэвэр гар таны эрүүл мэндийн чухал баталгаа

Коронавирусийн халдвар тээгч этгээдийн гар хүрсэн зүйлд уг вирус удаан хугацаанд хадгалагдаж, түүнд хүрсэн бусад хүмүүс халдвар авах магадлал өндөр буйг Хятадын эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Иймээс та аль болох олон хүний гар хүрдэг нийтийн тээврийн хэрэгслийн суудлын түшлэг бариул, карт уншигч төхөөрөмж, банкны АТМ-ын болон цахилгаан шатны товчлуур, урсдаг шатны бариул зэрэгт хүрснийхээ дараа гараа заавал угааж ариутгаарай. Мөн бээлий тогтмол хэрэглэж хэвших нь таныг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд туслах болно.

6. Эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай

Хэрэв танд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай. Энэ бол коронавирусийг тодорхойлох хамгийн энгийн арга. Азанд найдаж, бусад энгийн томууны төрөл мэтээр өөрийгөө тайтгаруулах, эмчлэхийг оролдох зэргээр хугацаа алдах нь амь насанд аюултайг санаарай.

7. Маршрутаа үнэн зөв мэдээл

Хэрэв өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, тусгаарлагдсан тохиолдолд та өөрийн явсан маршрут, харилцсан хүмүүс, үйлчлүүлсэн газруудын хаяг, байршил зэргийн тухай үнэн зөвөөр мэдээлээрэй. Энэ нь коронавирусийн халдвар тээгч байж болзошгүй хүмүүсийг олж тогтоох, халдварын хүрээг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд нэн чухал байх болно. Зөвхөн нэг халдвартай хүний хариуцлагагүй, болгоомжгүй үйлдэл дэлхийн өндөр хөгжилтэй зарим орныг онц байдал зарлах хэмжээнд хүргэж буйг санаарай.

8. Асуулгад үнэн зөв хариулах хэрэгтэй

Хэрэв та гадаад улс орноос эх орондоо ирж буй тохиолдолд хил, гааль, эмнэлгийн байгууллагын асуулгад үнэн зөв хариулаарай. Жишээлбэл, өөрийн биеийн ерөнхий байдал, гадаад улсад зорчсон газар болон эх орондоо оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар гэх мэт. Энэ нь муугаар бодоход тантай нэг онгоцоор зорчсон зорчигчдоос вирусийн халдвар илэрсэн тохиолдолд танд мэдэгдэх, таныг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахад цаг алдахгүй байх зэрэг ач холбогдолтой болно. Энэ асуулга нь таны болон таны хайртай хүмүүсийн эрүүл мэндийн төлөө гэдгийг санаарай.

9. Гудамж талбайд нус, цэрээ бүү хая

Энэ бол орчин үеийн соёлтой, боловсролтой хүний хийх үйлдэл бол биш. Гудамж талбайд хаяж буй шүлс, нус, цэр маш олон монгол хүнийг ханиад, уушгины халдварт өвчнөөр өвчлөхөд хүргэсэн байдаг. Иймээс та ийм үйлдэл хааяа ч гэсэн гаргадаг бол бусдын эрүүл мэндийн төлөө эдгээр үйлдлүүдээсээ заавал татгалзаарай.

10. Гар утсаа тогтмол цэвэрлэж байгаарай

Гар утас бол хүн бүрийн өдөр тутам хамгийн их хүрдэг зүйлд тооцогддог. Таны гар вирусийн халдвартай зүйлд хүрсэн тохиолдолд гар утсаараа дамжин та халдвар тээгч болох эрсдэлтэй. Ийм учраас гар утсаа зориулалтын ариутгалын бодисоор цэвэрлэж байгаарай. Мөн бусдын гар утас ашиглахгүй, өөрийнхөө гар утсыг хэн нэгэнд яаралтайгаас бусад тохиолдолд хэрэглүүлэхгүй байхад анхаараарай.

11. Өөрийгөө тусгаарла

Хэрэв та өвчний голомт бүхий газраас эх орондоо ирсэн бол 14 хүртэлх хоногоор өөрийгөө тусгаарлаж, сэжигтэй шинж тэмдэг илрэх эсэхийг анхааралтай ажиглаарай. Мөн хилийн чанадаас буцаж ирснийхээ дараа өөрийн орны эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөөг дагаж мөрдөн, хөдөө орон нутагт аялах, олон хүнтэй газраар зорчихыг байхад анхаараарай.  Манай улсын хувьд энэхүү үхлийн аюултай тахалтай тэмцэх туршлага, эмнэлгийн байгууллагын хүчин чадал хомс үед зөвхөн та өөрийнхээ эрүүл мэндийнхээ чухал баталгаа гэдгийг санаарай.

12. Зарим үйлдлээ түр хязгаарлаарай

Коронавирусийн хурдацтай тархалт хүмүүсийн өдөр тутмын харилцаанд зарим хэвшил болсон зүйлийг заавал хориглох шаардлага бий болгож байна. Жишээлбэл, гар барьж мэндчилэх, биенээ үнсэх, тэврэх гэх мэт. Аль болох биедээ хүрэхгүйгээр мэндчилж байхыг хичээгээрэй.

13. Олон хүнтэй газраар онцын шаардлагагүй бол бүү зорч

Олон нийтийн газар коронавирус тээгч этгээд байхыг үгүйсгэхгүй. Үүнийг БНСУ-д халдвар тараасан эмэгтэйн үйлдэл баталсан. Мөн БНХАУ-д вирусийн халдвар аюулын зэрэгт хүрэх болтлоо тархсан шалтгаан нь нэг тавагнаас олуулаа идэж, бие биеийнхээ савх хүрсэн газраас хооллосон нь тогтоогдсон. Иймээс та өөрийнхөө эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө тодорхой дэглэмүүдийг өөртөө тогтоож хэвшээрэй. Тухайлбал, олон хүн үйлчлүүлдэг нийтийн саун, кароке бар, хятад, солонгос хоолны газруудад хооллохгүй байх хэрэгтэй.

14. Үсээ бүү задгай тавь

Үсээ задгай тавих нь таны байнга үс, нүүрэндээ хүрэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Энэ нь ямар нэгэн гадаргууд хүрэх зэргээр вирусийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй тул анхаараарай. Энэ зөвлөмжийг эмэгтэй хүүхдүүддээ бас сануулаарай.

15.Халдварын голомт бүхий орнуудаас илгээмж битгий аваарай

Халдварын голомт бүхий орноос илгээмж хүлээн авахаас татгалзаарай. Учир нь коронавирусийн халдвар биет зүйл дээр амьдрах чадвартайг Хятад, Япон, Оросын эрдэмтэд батлаад байна. Таны хүлээн авах илгээмжид хэн ч хүрсэн байж болох шүү дээ.

16. Ан хийхээс зайлсхий

Одоогоор коронавирус амьтнаас гаралтай байж болзошгүй талаар эрдэмтэд таамаглаж байна. Иймд ан хийх, амьтны эд эрхтнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээс татгалзаарай. Таны агнасан амьтан ямар ч өвчтэй байж болох юм.

17.Гэрийн тэжээвэр амьтдаа анхаараарай

Коронавирусийн халдвар амьтнаас хүнд халдсан байж болзошгүй гэсэн таамаглал дээр эрдэмтэд судалгаа шинжилгээний ажил хийж байна. Иймээс та гэртээ амьтан тэжээдэг бол түүнийг халдварт өвчний эсрэг вакцинд хамруулах, янз бүрийн өвчний шинж тэмдэг илэрч буй эсэхийг анхааралтай ажиглаарай.

18.Бэлэн мөнгөтэй харьцахаас аль болох зайлсхий

Бэлэн мөнгөний хэрэглээ коронавирусийн халдвар тараах эрсдэлтэй зүйлд зайлшгүй тооцогдоно. Учир нь цаасан мөнгө маш олон хүний гар дамждаг, ариутгал хийгддэггүй, хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг хамгийн бохир зүйл. Мөн ханиад томуутай хэн нэгэн тус мөнгөн тэмдэгтийг хэрэглэхэд вирус нь 12 хоног амьдрах чадвартайг Хятадын эрүүл мэндийн байгууллага тогтоосон. Иймээс халдварын тархалт өндөртэй үед аль болох картаар тооцоо хийх, бэлэн мөнгөтэй харьцсан үедээ гараа сайтар ариутгаж байгаарай.

19. Дараалалд зогсохдоо тодорхой дүрэм баримтал

Ямар нэгэн үйлчилгээ авах зорилгоор дараалалд зогсож байгаа бол өмнөх үйлчлүүлэгчээсээ 1.5 метрийн зайтай зогсоорой. Энэ нь таныг амьсгалын замын элдвэ эрсдэлээс хамгаалахад туслах энгийн аргад тооцогдоно.

20. Бороо, цас орж байх үед цонхоо бүү нээ

Гадаа бороо, цас орж байх үед салхивчаа нээхгүй байхыг зөвлөж байна. Хур тунадастай хүйтэн үед вирусийн идэвхжилт нэмэгдэж, агаар дуслын замаар халдварлах эрсдэл нэмэгддэг гэдгийг анхаараарай.

21. Хүүхдэд эвтэй хэлбэрээр ойлгуулаарай

 

 

 

 

 

Та хүүхдэдээ дараах зүйлүүдийг сайтар ойлгуулаарай. Тухайлбал, амны хаалт хэрхэн зөв зүүх, гараа яаж угаах, найз нөхөдтэйгээ зайрмаг дамжуулан идэхгүй, нэг удааны соруулыг олуулаа хэрэглэхгүй байх, бусдын тоглоомоор тоглохгүй байх, түр хугацаанд тоглоомын талбайд тоглохгүй, бохирдсон гараар нүүр, үс болон байнга хэрэглэдэг хичээлийн хэрэгсэлдээ хүрэхгүй, өдөр тутам гар хүрдэг эд зүйлээ ахуйн хүрээнд хэрхэн цэвэрлэх зэргийг хүүхдийнхээ насны онцлогт тохируулан эвтэй хэлбэрээр ойлгуулаарай.

Судлаач Ж.БАТБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-02 182.160.0.250

Хамт ажилладаг, найз нөхөд, таньдаг гээд энгийн харьцаатай хүмүүс энэнд хамаагүй юу? Кв тусаад .хвэл .хэж байг уу? Гарчгаа зөв өг. Битгий хэлээ хазаад нялуураад бай. Сайк вэ яасан …

Avatar

монгол хүн 2020-08-02 94.10.49.66

ЗА!!!

Avatar

монгол хүн 2020-08-02 94.10.49.66

ЗА !!!

Avatar

Зочин 2020-08-02 203.91.115.52

Ovchinoos uridchilan sergiileh chuhal alhamuud bichsen bn

Avatar

зочин 2020-08-02 192.82.68.95

одоо энэ худлаа жүжиг дарамт дарангуйлалаа боль эрүүл тѳр юм бол хайртай халдвартай болгох гэж хичээл эхлүүлэх гээд байгаа биз дээ эсвэл туршилт явуулах гээд байгаа юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж