ОХУ-ын Москва хотод докторантурт суралцдаг оюутан Ж.Батболдтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр 2020 оны 06 дугаар сарын 18-нд улирлын сүүлийн шалгалтаа өгөөд, 06 дугаар сарын 24-ний өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн юм.
-Та тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Онгоцонд коронавирусийн халдварын хамгаалалт, урьдчилан сэргийлэлт хэр сайн хангагдсан байна вэ? Юун дээр анхаармаар санагдсан бэ?
-Хамгийн гол анхаарах зүйл бол иргэд нисэх буудал, онгоцон дотор хувийн аюулгүй байдлаа хангах асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Ялангуяа хойд хөршид халдварын тохиолдол идэвхтэй байгаа учраас тус улсаас эх орондоо ирж байгаа зорчигчдын дунд өвчний сэжигтэй, эсвэл халдвар авсан иргэд цөөнгүй ирж байгаа нь энд авсан шинжилгээгээр батлагдаж байсан. Миний ирсэн онгоцоор коронавирусийн халдварын шинж тэмдэг бүхий гурван зорчигч ирсэн. Онгоц газардсаны дараа тэднийг онгоцны арын хаалгаар буулгаж, ХӨСҮТ руу авч авсан. Хожим 21 хоногийн тусгаарлалтад байхад хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ нь онгоцоор зорчиж буй иргэд онгоцон дотор халдвар авч болзошгүйг нотлох хангалттай жишээ. Дээрээс нь өвчний шинж тэмдэгтэй иргэдийг ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр энгийн зорчигчдын адил нэг удаагийн макстай зорчуулж байсан нь бусад зорчигчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, мөн халдварын тархалтыг нэмэгдүүлж болзошгүй байгаа тул дараа дараагийн нислэгийн үед энэ асуудалд УОК онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Бас иргэдэд онгоцоор зорчих үед коронавирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг боловсруулж хүргэх ажил чухал байгаа нь анзаарагдсан.
-ОХУ дахь манай ЭСЯ монгол иргэдээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд хэр анхаарал хандуулж байна вэ?
-ЭСЯ-ны ажилтнуудын хамгийн чухал ажлын нэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах. Ялангуяа цар тахлын үед энэ чиглэлд онцгой анхаарч, суугаа орныхоо тахлын голомтын бүхий л нөхцөл байдлын тухай, урьдчилан сэргийлэх зөвлөгөө зэргийг иргэдэд тасралтгүй хүргэж байх ёстой. Гэтэл ЭСЯ энэ чиглэлийн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Москва дахь Монголын ЭСЯ-наас 2020 оны 6 дугаар сарын 24-ний нислэгийг 2020-ны 06 дугаар сарын 23-нд гэж албан ёсны цахим хуудсаараа худал мэдээлсний улмаас Москвагаас бусад хотоос ирсэн оюутанууд хөл хөдөлгөөнтэй газар, олон цагаар нислэг хүлээж, онгоцны буудал дээр хонох зэргээр маш эрсдэлтэй байдалд байсан. Энэ бол цар тахлын үед төрийн байгууллагаас гаргаж байгаа маш том алдаа. Ер нь дэлхийн аль ч оронд байгаа манай улсын Элчин сайдын яамд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч, тэргүүлэх чиглэлээ болгох ёстой. Энэ ажил хангалтгүй байгааг сүүлийн хэдэн жилийн хугацаанд гадаад оронд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэдийн тоо хангалттай нотолно.
-Энд ирээд тусгаарлах байрны орчин нөхцөл хэр байв?
-Мэдээж таатай тухтай санагдаагүй. Энэ тухай маш олон хүн цахимаар үзэл бодлоо илэрхийлж байна. Би тэдэнтэй санал нэг байна. Орчин нөхцлийн хувьд мөн л халдвар авах эрсдэл байгаа нь ч анзаарагдсан. Тухайлбал, Хилийн чанадаас ирж байгаа иргэдийг хоёр хоёроор нь тусгаарлаж байна. Тусгаарлалтын явцад вирусийн халдвар илрэх тохиолдол гарсан. Ингэж бодохоор хамт тусгаарлагдаж байгаа хоёр хүний нэг нь халдвартай байхад нөгөөдөө халдаахгүй гэсэн баталгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч өгч чадахгүй биз дээ. Хажуугийн хүнээ халдвартай байж магад гэж сэжиглэн 21 хоног агааргүй, бүгчим өрөөнд өдөр шөнөгүй маск зүүгээд байх боломжгүй. Энэ бол зайлшгүй анхаарах асуудал. Мөн тусгаарлах байранд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай. Тусгаарлагдаж байгаа иргэдэд онлайнаар сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байвал илүү тохиромжтой, иргэдийг тайван амгалан байхад их хэрэгтэй зүйл санагдсан.
–Цаашид манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж бодож байна вэ?
-Мэдээж эдийн засгийн даац муутай, эмнэлгийн байгууллагын хөгжил тийм ч сайн биш манай орны хувьд иргэдийнхээ сахилга хариуцлагыг дээшлүүлэх замаар цар тахалтай амжилттай тэмцэж чадна. Энэ бол бидний хувьд маш сайн “вакцин” байх болно. Гэхдээ бүх зүйлийг хорино, цагдана гэдэг бас ч тийм үр дүнтэй, ухаалаг арга биш. Уян хатан бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Цар тахалтай холбоотой асуудлаар төр засгаас явуулж буй ямар ч үйл ажиллагаа улс төрийн оноо цуглуулах хэрэгсэл болохгүй байхад төр засгаас анхаарах ёстой.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ