Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар долдугаар сарын 31-нд мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлэх худалдаанд тулгарч байгаа саад хүндрэлийг багасгахад тэргүүлэх ач холбогдол өгч байна. Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын улмаас гадаад худалдааны эргэлт буурч, төсвийн нөхцөл байдал хүндэрч байна. Экспортыг нэмэгдүүлэхээр үндсэн дөрвөн чиглэлээр ажиллаж байна. Хөрш хоёр улстайгаа гадаад худалдаагаа бэхжүүлэхээр ажиллаж байна. БНХАУ бол манай экспортын гол зах зээл. Тийм учраас БНХАУ-ын зах зээлд гарч байгаа экспортоо төрөлжүүлэх явдал юм.
Өнгөрсөн 2019 онд БНХАУ-д 54 мянган тонн гүн хөлдөөсөн адууны мах, дулааны аргаар боловсруулсан мах экспортолсон. Оны эхэнд цар тахалтай холбоотойгоор зарим нэг хүндрэл гарсан. Энэ оны хагас жилийн байдлаар 3000 тонн адууны мах, 1000 тонн дулааны аргаар боловсруулсан мах худалдаад байна. Энэ хэмжээг оны эцэс хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэв.
Мөн экспортын зах зээлийг тэлэхтэй холбоотойгоор Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх ажлыг хэрэгжүүлж байна. Уг хэлэлцээрийг 2019 онд УИХ-аас соёрхон баталсан. Хэрэгжүүлэх ажлыг 2021 онд эхлүүлнэ. Энэ нь БНХАУ, БНСУ, БНЭУ, Бангладеш, БНАЛАУ, Шри-Ланка зэрэг зургаан улсын нэгтгэсэн чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Энэ бүс нутаг нийтдээ 2.6 тэрбум хэрэглэгчтэй зах зээл. Энэ зургаан улс руу экспорт хийхэд нийтдээ 10,667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ