Хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж Японы зах зээлд нийлүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж Японы зах зээлд нийлүүлж эхэллээ

Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат  тэргүүтэй төлөөллүүд 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр  Хөгжлийн банкны бондын санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцсан юм. Бондын хөрөнгөнөөс Дархан-Уул аймагт 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байдаг юм байна.  Дархан Улаанбаатарыг  холбосон авто замын шинэчлэл,  Төрийн орон сууц корпорацийн  1000 айлын орон сууц барих төсөл, шинээр барьж байгуулах орон сууцны цахилгааны шугамыг барих зэрэг ажлуудыг  санхүүжүүлэхээс гадна  жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд  80 гаруй үйлдвэрт дэмжлэг үзүүлжээ. Энэ удаад Хөгжлийн банкнаас тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт авсан 9  үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр очиж танилцав.

Үндэсний үйлдвэрлэгчдээ төр бодлогоор дэмжвэл өндийдөг, үйл ажиллагаа нь өргөждөг, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нь ахиц гардаг гэдгийг  харуулж байна. Сөрөг хүчнийхний хамгийн их шүүмжилдэг, монголчуудыг өрөнд орууллаа хэмээн гоочилдог, хүү нь талийлаа хэмээн айлгадаг бондын мөнгө   басчиг бодиттой хөрөнгө оруулалт болж, ажлын байр нэмэгдэж, улс орны эдийн засагт өгөөжөө ч өгөөд эхэлжээ.

Монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалга материалыг "Эко-Ноос" ХХК  үйлдвэрлэж эхлээд байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд  тус компани 6,4 тэрбум төгрөгний санхүүжилт авчээ.  Үүний үр дүнд Монголчууд дотооддоо хортон шавьжнаас хамгаалагдсан, дулаан тусгаарлах өндөр чадвартай, дуу чимээ тусгаарлах чадамжтай барилгын дулаалгын материал үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаж эхэлсэн төдийгүй Япон улс руу экспортлох болжээ. Энэ компанийн "Хаан ноос" нэртэй дулаалгын материал Японы зах зээлд эрэлт ихтэй байгаа аж. Учир нь Япон орон чийглэг уур амьсгалтай. Хонины ноос дотроо хөндий, сийрэг. Тиймээс  салхи нэвтрэхдээ сайн  учир чийгтэхгүй,  дулааныг удаан  хадгалдаг давуу талтай. Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй. Хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ, дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтайг япончууд хэдийнэ судлан тогтоожээ.

Ноос бол уул уурхайтай харьцуулахад эргэн нөхөн төлжигддөг баялаг. Ухаад дуусгана гэж үгүй. Монголчууд хоньтой байгаа цагт түүхий эдийн хомсдолд орохгүй. Тэгээд ч хонин  сүргийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж байна.  Манай улс нэг хэсэг хонины ноосоо  олигтой ашиглаж чаддаггүй байлаа. Үнэ ч гавихгүй болохоор малчид ямааны ноолууртаа л анхаарч,   зун цаг ирэхээр аргагүй ноосолдог, гэрийнхээ гадаа хөглөрүүлдэг, арав таван цаас болгодог төдийхэн цаг саяхан. 2010 он хүртэл манай улсын ноос боловсруулах үйлдвэрүүд жилдээ дөнгөж 4000 орчим тонн ноосыг боловсруулж хивс, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Тиймээс энэ чиглэлийн үйлдвэрүүд жилийн 8-9 сар нь сул зогсдог байв. Харин 2012 онд Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу 34 үйлдвэрт 40 тэрбум төгрөгийн зээл олгож, үндэсний үйлдвэрт хонины болон тэмээний ноос тушаасан малчдад 2000 төгрөгийн урамшуулал олгодог болсноор малчдын хувьд орлогыг нэмэгдүүлэх нэг эх үүсвэр болж, үйлдвэрүүдэд тушаах тушаалт эрс нэмэгдсэн юм.  Эдийн засгийн зөв хөшүүрэг, зохицуулалт  хийчихвэл ахиц гардагийн жишээ энэ. Түүнээс гадна Чингис бондоос хөрөнгө гарган ноосны үйлдвэрүүдийг дэмжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор өмнө нь малчны хотонд хог болж хөглөрөхдөө тулан үнэгүйдэж байсан ноосны үнэ цэнийг улам нэмэгдүүлж, ноосны үйлдвэрүүд техник технологийн шинэчлэл хийж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, ноосноос нарийн ноолуурлаг ширхэг гаргаж авах болжээ. Ноос ноолуурын үйлдвэрийг дэмжих, ноосонд урамшуулал олгох санаачлагыг  УИХ-ын гишүүн Н.Батбаяр гаргаж, Чингис бонд босгох ажлыг Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа  гардан хэрэгжүүлсэн юм. Ямартай ч түүний зорьж хийсэн ажлынх  нь үр дүн бодит байдал дээр гарч л байгаа юм байна.  Зөвхөн уул уурхайгаас хараат  биш олон тулгууртай эдийн засагтай болохын тулд монголчуудын хувьд хөдөө аж ахуй, тэр дундаа боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх нь чухал юм. Ноос, ноолуур, арьс шир гээд боловсруулах үйлдвэрүүдээ шинэ шатанд гаргаж, ноолуур, ноосон бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд дээр өрсөлдүүлж, арьсаар урласан гутал, цүнх, хувцасаа гадаадад экспортлосноор хомсдоод байгаа долларыг, нүүр буруулаад  байгаа гадны хөрөнгө оруулалтыг ч татах бололцоо  бий.

6 сая ам.долларыг дотооддоо шингээх боломж

Томилолтын багийнхны үйл ажиллагаатай нь газар дээр очиж  танилцсан дараагийн баялаг бүтээгч нь Дархан-Уул аймагт шинээр нээгдсэн “Монгол лааз үйлдвэр”-ийнхэн юм.

Мал аж ахуйгаа дагуулаад үндэсний компаниуд жигнэсэн махнаас эхлээд элэгний нухаш зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Гэхдээ лаазыг нь гадаадаас импортоор авдаг. Харин удахгүй  дотоодоосоо хангах боломжтой болжээ.   “Монгол лааз үйлдвэр” –ийнхэн туршилтаар консервны лааз үйлдвэрлэж эхэлсэн байна. 210 граммаас 5000 грамм хүртэлх хэмжээтэй лааз үйлдвэрлэх аж. Ирэх хавар бүтээгдэхүүнээ дотооддоо албан ёсоор нийлүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангахуйц бүхий л стандартыг хангаж чадсанаараа давуу талтай юм байна.

Бүх төрлийн жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зөвхөн консервны лааз импортоор худалдан авахад зарцуулж жилдээ 6 сая ам.долларыг гадагшаа  урсгадаг аж. Дээрх үйлдвэр бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагшаа урсах валютын  урсгал зогсох боломжтой болох нь ээ. Монголчууд бие биенийгээ дэмжиж, үндэснийхээ үйлдвэрүүдийн  бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж,   том үйлдвэрүүд нь жижгүүдийнхээ үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмнэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авч ашиглаж, төрийн худалдан авалт  үндсэрхэг болж үйлдвэрлэл хөгжинө. Үйлдвэрүүд хоорондоо  сүлжээ үүсгэж шаардлагатай материал, бүтээгдэхүүнийг заавал гадаадаас авалгүй   дотоодоосоо худалдан  авалт хийвэл борлуулалт эрс  нэмэгдэх  бололцоотой аж. Аль болохоор  л импортыг багасгаж, өөрсдөө үйлдвэрлэж байж бид бүтээгч, үйлдвэрлэгч орон болно. Барилгын компаниуд барилга барихдаа  “Хаан” ноосоор дулаалга хийж, хүнсний үйлдвэрүүд “Монгол лааз” аа сонгож элэгний нухаж, жигнэсэн махаа савлаж зарахад л олон  монгол хүний дуслуулсан хөлс бүхэн түүнд шингэж, нэмүү өртөг бий  болсоор байна.

Үргэлжлэл бий.

Д.ДЭЛГЭР

ЭХ СУРВАЛЖ: WWW.TIMES.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж