Сүүлийн гурван жилийн хугацаанд зүүн аймгуудын нутагт аюулт үзэгдэл, ослын 808 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 53 хүн амь насаа алдаж, нийт 2,9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Тэр дундаа малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчин зүүн аймгуудад голомтлон гарч байжээ. Тодруулбал, 2016-2017 онуудад зүүн гурван аймгийн 37 сум буюу нийт сумын 80.4 хувьд хонины цэцэг өвчин гарч, 4148 толгой мал, 2017, 2018 онуудад 28 сум буюу нийт сумын 60.8 хувьд шүлхий өвчин гарч 4227 толгой малыг зориудаар устган Засгийн газраас 2.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.
ҮЕР, УСНЫ ОСЛООР 11 ИРГЭН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Зүүн гурван аймагт 2017-2020 онд тохиолдсон 37 удаагийн үер болон усны ослоор 57 хүн амь насаа алдсан бөгөөд энэ 2020 оны 6-7 дугаар сар гэхэд Дорнод аймагт хоёр, Сүхбаатар аймагт гурав, Хэнтий аймагт зургаан хүн цаг бусаар амь насаа алджээ.
ГУРВАН АЙМГИЙН СУМДЫН 50 ХУВЬ НЬ ЗУНШЛАГА САЙТАЙ БАЙНА
Харин зуншлагийн тухайд долдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн Булган, Чулуунхороот, Халхгол сум, Сүхбаатар аймгийн баруун өмнөд хэсэг буюу Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Уулбаян сумын нутгаар гандуу, газрын гарц муу, бусад нутгаар зуншлага сайн хэдий ч өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах шаардлагатай байгаа аж.
Зүүн бүсийн гурван аймгийн сумдын 50 хувь нь зуншлага сайтай, 30 хувь нь тааруу, 20 хувь нь гантай байгаа юм байна. Дээрх аймгууд өвөл, хаврыг өнтэй давахын тулд 60.2 мянган тонн өвс, 15.9 мянган тонн тэжээл бэлтгэх шаардлагатай бөгөөд Засгийн газраас хадлан тэжээл бэлтгэхэд төсвөөс дэмжлэг, татаас үзүүлэхгүй байх шийдвэр гарсан юм. Тиймээс орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо бүрэн дайчилж, малчин өрх бүрийг хадлан тэжээлээр хангах шаардлагатай нүүр тулжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ