УБТЗ төмөр замчдын баяраа өндөр амжилтаар угтлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

УБТЗ төмөр замчдын баяраа өндөр амжилтаар угтлаа

УБТЗ төмөр замчдын баяраа өндөр амжилтаар угтлаа

Энэ жил дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал гарч улс орны эдийн засаг амаргүй хүнд байсан ч УБТЗ-ын хамт олон төмөр замчдын баяраа бахдам амжилтаар угтаж байна.

УБТЗ  энэ оны эхний долоон сарын  байдлаар  16,9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 8,5 хувиар илүү байна. Тэр дундаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын тээвэр 22,3 хувиар, импортын тээвэр 0,1 хувиар, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 3,6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Манай улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо энэ оны эхний долоон сарын байдлаар 1174-д хүрээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 392 галт тэргээр илүү байна.

Мөн УБТЗ-д техник, технологийн шинэчлэл хийгдэж, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, суурь бүтцээ хүчжүүлж сайжруулахад ч багагүй ахиц дэвшил гаргасан байна. Энэ онд галт тэрэгний хөдөлгөөнийг радио хориглолын орчин үеийн цоо шинэ аргаар удирдах СЕРДП-Е системийг нэвтрүүлж, зүтгүүрийн паркаа орчин үеийн хүчирхэг зүтгүүрүүдээр шинэчилж эхлээд байна. Мөн  Зүүнхараагийн ачааны вагон засварын депогийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд “Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулжээ. Энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулснаар ОХУ руу явуулж засуулдаг байсан хөдлөх бүрэлдэхүүний хамгийн чухал эд анги болох хос дугуйг Монгол Улсдаа засаж угсрах бололцоотой болж байна. Ингэснээр жилдээ 1000-1500 хос дугуйг монголдоо угсарч засаж, гадагш урсаж байсан их хэмжээний валютын урсгалыг зогсоож, цаг хугацаа хэмнэх юм. Дээр дурьдсан шинэчлэлийн үр дүнд УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх  хүчин чадал 20 гаран хувиар өсч, өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах бололцоо нэмэгдэх болно.

Энэ онд Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад УБТЗ-ын оролцох оролцоо улам өссөн байна. Өнгөрсөн жил УБТЗ  Дорноговь аймагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын дээд бүтцийг барьсан бол энэ жил Тавантолгой-Зүүнбаянгийн 434 км төмөр замын дээд бүтцийг барих ажлыг хариуцаж, эхний 50 километр замын дээд бүтцийг богино хугацаанд бариад байгаа юм.

УБТЗ-ын хамт олны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж өнгөрсөн жил  Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 10-р байрт шалгаруулсан бол энэ жил 8-р байрт шалгаруулсан  явдал нь УБТЗ Монгол Улсын хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж байгаагийн баталгаа болж байгаа юм.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орнуудын эдийн засагт хүндээр тусч, олон зуун компани, аж ахуйн нэгжүүд дампуурч, ажлын байраа цомхотгож байгаа  хүнд үед Монгол Улсын хамгийн том ажил олгогч “Улаанбаатар төмөр зам” ХНН 16 мянга шахам ажилтнуудаа цомхотголд өртүүлэлгүй, цагт нь цалин урамшуулалыг нь өгч иржээ. Тус нийгэмлэг нь сүүлийн 3 жил дараалан нийт ажилтнуудынхаа цалинг жил бүр 10 хувиар нэмсэн байна. Төмөр замчдын баярыг тохиолдуулан 16 мянга шахам ажилтнуудынхаа үндсэн цалинг энэ жил мөн 10 хувиар нэмэгдүүлэхээр болж, төмөр замчиддаа гэнэтийн бэлэг барьжээ.

УБТЗ өнгөрсөн жил 28,1 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бол энэ жил 29 сая тонн ачаа тээвэрлэх төлөвтэй байна.

                                                                                                          Б.Дэлгэрхишиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж