Нийслэлийн прокурорын газар улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зургадугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн билээ.
Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан долдугаар сарын 29-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь шүүхээр ийн тогтоогдоод байна. Тодруулбал, тэрбээр хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн хэмээн яллагдсан нь энэ юм.
Д.ДАМБА-ОЧИРЫГ АЛБАДАН ИРҮҮЛЖ, ЦАГДАН ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэрэгт хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал долдугаар сарын 30-ны өдөр болсон ч шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Улмаар шүүхээс Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
М.ЭНХСАЙХАНД ОНОГДУУЛСАН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий сайд асан М.Энхсайханд хорлон сүйтгэх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр 4.6 жилийн хорих ял оноосон. Тэгвэл долдугаар сарын 30-ын өдөр Давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээжээ. Шүүхээс М.Энхсайханыг “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ болон түүний хүүгийн нэр дээр үүсгэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55 сая төгрөгөөр илүү үнээр буюу 130 сая төгрөгөөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр яллалсан билээ.
Э.БУРАМ