"Бээжингийн хувьд хоёр Монгол ижил бичиг үсэгтэй байх нь зөвшөөрч боломгүй зүйл"

Хуучирсан мэдээ: 2020.08.01-нд нийтлэгдсэн

"Бээжингийн хувьд хоёр Монгол ижил бичиг үсэгтэй байх нь зөвшөөрч боломгүй зүйл"

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт бэлтгэсэн ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУДАА багцлан хүргэж байна.


БНХАУ-ын бодлогоор Өвөр Монголын Өөртөө засах орны Тунляо хотын бага, дунд сургуульд монгол хэлийг заахгүй болсон нь өвөрмонголчуудын хувьд соёлын гол өвөө гээх аюулд хүргэж болзошгүй талаар ид яригдаж байна. Энэ талаар Япон улсын Шизү-Ока их сургуулийн багш, зохиолч О.Цогттой ярилцлаа.


-Амгалан сууж, сайхан зусч байна уу та? Ярилцлагын эхэнд та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?.

-Миний нэрийг О.Цогт гэдэг, би Өвөр Монголын Ордос нутгийн Өөшин хошууны хүн. Манж Чин улсын үед бол Хэцүү аймаг гэж нэрлэгдэж байсан. Харин ургийн овгийн хувьд бол би Хэрэйд овогтон хүн.

Би одоо Япон улсын Шизү-Ока их сургуулийн угсаатан зүй, нийгмийн ухааны тэнхимд угсаатан зүй, Монголын түүхийн хичээл заадаг. Голчлон монголчуудын XX зууны түүх, монголчуудын нийгэм, хэлний тухай судалж, хичээл зааж байна. Түүнээс гадна би Ордост байдаг Чингисийн онгоны тайлга, тахилгын ёслолыг зохион байгуулдаг хүн.

Ар Монгол нутгуудаар би бас их сайн явсан. Тухайлбал, 1993 оноос хойш жил бүр Монголд очиж байна. Гэвч энэ жил цар тахлаас болоод очиж чадсангүй.

Та эх хэл үсэг бичгээ судлахсурталчлаххамгаалаххойч үедээ зааж сургах энэ ариун сайхан үйлсэд хэчнээн жил зүтгэж ирэв?

-Эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээ хийж эхэлснээсээ хойш гэж бодвол 39 жил болж байна. Харин монгол хэл, соёл, түүхийн талаар сонирхож, анхаарч эхэлсэн минь бүүр бага насных.

Би 1964 онд төрсөн хүн. Тухайн үед буюу 60-аад оны эхэн үеэс Өвөр Монголд их ширүүн улс төрийн хөдөлгөөн, соёлын хувьсгал өрнөсөн хэцүү цаг байлаа. Тэр үед Өвөр Монголд их олон монгол хүн хэлмэгдсэн юм. Ийм түүхийг би нүдээр үзэж, биеэр туулсан учир монгол хэл, түүх, үсэг бичиг, соёлыг улам илүү хайрлах сэтгэлтэй өссөн.

1960-аад онд Ордост л гэхэд сургуулийн хичээлүүд монгол хэлээр ордог байсан ч Бээжин үүнийг эсэргүүцэн бүх хичээлийг хятад хэлээр оруулж байсан удаатай. Түүнээс болж олон монгол хүүхдүүд 60,70-аад онд эх хэлээ сурж чадалгүй үлдсэн гашуун түүх бий. Тэр үеэс хойш Хятадын бодлого эргэн суларч, Өвөр Монгол сургуулиуд дахин монгол хэлээрээ хичээл заасаар ирсэн ч энэ жилээс асуудал дахин сөхөгдөж, монгол хэлээр хичээллэхийг хязгаарлаж эхлэх гэж байна.

Манай хоёр (ар, өвөр) монголчууд саланги тусгаар амьдраад хэчнээн жилийн түүхийг өнгөрөөв? Энэ бүх хугацааны турш өвөр монголчууд босоо монгол бичиг үсгээ алдалгүй хэрэглэж ирсэн нь чухам хэний, юуны гавьяа байв?

-Ар, өвөр хоёр Монгол улс ХХ зууны эхэнд нэг улс болж, тэр бүү хэл хамтдаа социализмын шугамаар явж байсан. Цаашлаад хойд хөршийнхөө ачаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж дэлхий дээр хоёр дахь социалист орон болж байлаа. Гэвч удалгүй том гүрнүүдийн ашиг сонирхлоос шалтгаалан эрхгүй тус, тусдаа улс болцгоосон юм.

Улмаар 1920-оод оноос эхлэн ар монголчууд Оросоос кирилл үсгийг нь авч хэрэглэх болсон. Удалгүй өвөр монголчууд ч гэсэн энэ жишгийг дагаж, 1940-өөд оноос эхлэн 1957 он хүртэл Монгол улсын кирилл бичгийн зөв бичих дүрмийг давхар сурч байсан. Учир нь, тухайн үеийн Өвөр Монголын улс төрийн удирдагч бол н.Улаанхүү гэх хүн байлаа. Тэр н.Улаанхүү гэж хүн бол Ю.Цэдэнбал даргын сайн найз, Х.Чойбалсан жанжныг дагаж, дэмждэг хүн байсан юм. Тиймээс тэдгээр удирдагчид нийлээд цаашдаа нэгэн улс болж хөгжихийн тулд оросын бичиг, соёлыг хамт дагаж, сурах хэрэгтэй гэж үзсэн байгаа юм. Тийнхүү нэг цустай, нэг шашинтай, нэг үзэл баримтлалтай, нэг хэл соёлтой хүмүүс нэгдэх хэрэгтэй хэмээгээд н.Улаанхүүгийн заавраар өвөр монголчууд ар монголчуудтай хамтдаа кирилл үсэг сурч байсан. Гэхдээ үүнийхээ зэрэгцээ өвөр монголчууд хуучин монгол үсгээ ч гэсэн алдалгүй хадгалж байлаа.

Гэсэн хэдий ч энэ сайхан төрийн бодлого 1958 оноос эхлээд алга болсон. Үүний учир юу гэвэл Сталин нас барснаас хойш Орос, Хятад хоёр улс хоорондоо зөрчилдөөнтэй болж, хоёр Монгол улс аль ч талыг нь хэт дэмжихгүй гэдэг байр суурьтай байв. Тухайн үед өвөр монголчууд ар монголчуудтай ижил бичиг үсэг сурах нь Бээжинд ашиггүй байсан тул бодлогоор өвөр монголчуудын кирилл үсэг сурах явдлыг бүрмөсөн зогсоосон байдаг. Миний ээж, аав болон тэдний үеийнхэн бол бүгд кирилл үсэг сурч байсан хүмүүс. Тэр байтугай тухайн үед кирилл үсгээр хичээллэж байсан дэвтэр нь ч одоо надад байдаг юм. Ингээд харахад манай үндэстний хэл, соёл хоёр том гүрний дунд хавчигдаж, үл ойлголцлынх нь шуурганд өртөж их зүдэрсэн санагддаг.

Манай халх монголчууд тусаар тогтносон улс атлаа орос (кирилл) үсэг авчихсан байхад өвөр монголчууд босоо монгол үсгээ хэрэглэсээр байгаад их бахархдаг. Гэтэл өнөөдөр босоо монгол үсгийг өвөрмонгол хүүхдүүдэд зааж сургахад асуудал тулгарч байгаа нь цахим орчинд олны анхаарлыг татаж эхэллээ. Яагаад ийм зүйл болов?

-Босоо монгол бичиг бол монголчуудын эрт дээр үеэс эхлэн хэдэн зууны турш хэрэглэж ирсэн түүхт бичиг үсэг. Ар Монголд ч гэсэн сүүлийн үед Ерөнхийлөгчийн зарлигаар монгол бичгийг төрийн бичиг болгосныг жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гаригт тэмдэглэдэг болж, тодорхой бичиг баримтуудыг заавал монгол бичгээр бичсэн хувилбартай нь хамт хэвлэдэг болж, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.

Харин Бээжингийн талаас харвал хоёр Монгол ижил бичиг үсэгтэй байх нь зөвшөөрч боломгүй зүйл юм. Тэдний үзэж буйгаар хоёр улсын бичиг үсэг өөр байснаараа хэл яриа ч төдий чинээ ондоошиж, тэр тусмаа тэдэнд ашигтай гэнэ. Тиймээс ар монголчууд босоо монгол бичгээ хэрэглээд эхэлмэгц өвөр монголчуудын монгол бичгийн хэрэглээг зогсоох бодлого хэрэгжүүлж эхэлж байгаа нь энэ юм.

БЭЛТГЭСЭН: Б.АМАРБАЯСГАЛАН

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншаарай


" УЛС ТӨРИЙН ЗОРИЛГОДОО ХҮРЭХИЙН ТУЛД ЭДИЙН ЗАСГАА ЗОЛИОСЛОЖ БАЙНА"

Эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Covid-19 вирусийн цар тахал дэгдээд хагас жил боллоо. Энэ хугацаанд эдийн засгийн болон хувийн хэвшил, айл өрхүүдийн нөхцөл байдал хүнд байгаа талаарх судалгааг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Нөхцөл байдлын талаар эдийн засагчийн хувьд ямар бодолтой явна вэ? 

-Covid-19-ийн нөлөөг ерөнхийд нь гурван өөр түвшинд ангилах боломжтой. Нэгдүгээрт, улсын хэмжээнд буюу төсөв, гадаад худалдаа гэх зэрэг макро түвшинд, хоёрдугаарт, компани болон байгууллагын түвшинд, гуравт, өрхийн түвшинд ямар нөлөө үзүүлж байна вэ гээд харвал ойлгомжтой болох болов уу. Саяхан гарсан Дэлхийн Банк, Үндэсний Статистикийн хорооны танилцуулсан судалгаа бол өрхийн түвшнийх байсан, санаа зовоомоор үр дүнгүүд гарсан байна лээ. Зургадугаар сард НҮБ-аас гаргасан судалгааг харахад ийм дүр зураг бас ажиглагдаж байсан.

Юуны түрүүн өрхөд нөлөөлж байгаа үр дүнг хуваалцъя. НҮБ-аас гаргасан судалгааны үр дүнгээс товч хуваалцахад нийт оролцсон өрхийн 27% нь хүнсний хэрэглээгээ танасан байсан. Мөн цэцэрлэг, сургууль хааснаас үүдэн, цэцэрлэг сургуулийн насны хүүхэдтэй өрхийн хүнсний хэрэглээ дунджаар 35 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Мөн "танд хадгаламж бий юу" гэхэд 80% нь огт хадгаламжгүй гэж хариулсан. Энэ бол монголчуудын 80% нь тун эмзэг, орлого нь тасалдахад хэрэглээгээ шууд танахад хүрэх хэмжээнд байна гэсэн үг.

Дэлхийн Банкны судалгаанаас харахад Covid-19-ийн нөлөө хамгийн хүнд туссан бүлэг бол ядуу өрхүүд байна.

2018 оны судалгаагаар Монголд 900 мянган хүн ядуу бүлэгт багтдаг, мөн ямар нэг хямрал болбол нэмээд 475 мянган хүн ядуурал руу гулган ороход бэлэн гэж гарч байсан.

Бид дотооддоо алдаагүй, дээрээс нь улсын төсвөөс тултал санхүүжилт хийж, эдийн засгаа аргалж байгаа энэ үед уг бүлэгт буй хүмүүсийн 47% нь хангалттай хоол хүнс олж авч чадах эсэхдээ санаа зовсон байдалтай байна. Тэдний 28% нь өдрийн аль нэг хоолоо алгасаж, тулгарч буй хүндрэлийг давдаг гэж хариулсан.

-Covid-19 ядууралд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ? Засгийн газраас ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Дэлхий даяар Covid-19-ийн нөлөө нэн ядуу хүмүүсийн тоог 100 саяар, харин ядуусын тоог 176 саяар нэмнэ гэсэн тооцоо гарсан. Монгол Улсын хувьд өнгөрсөн 2016-2018 оны хооронд хөдөө орон нутагт ядуурал буурсан нь хөдөө аж ахуйгаас олдог орлого нэмэгдсэнтэй холбоотой байсан. 2018 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас харахад нийт малчдын 90 хувь нь ямаатай буюу ноолуур зардаг гэж гарсан. Харин 2020 онд ноолуурын үнэ хоёроос гурав дахин бууж, үүнийг сөргүүлж Засгийн газраас 200 тэрбум төгрөгөөр авсан арга хэмжээ яаж ч бодсон хүмүүстээ сайн хүрч чадаагүй. Тэгэхээр нэгдүгээрт, арга хэмжээ авах бол ядаж оновчтой байгаа олсон арга хэмжээ авах ёстой.

Хоёрдугаарт, хот хөдөөд ядуурлын эсрэг явуулах арга хэмжээ өөр байх ёстой. Хөдөө орон нутагт хэрхэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэх вэ гэдэг дээр анхаарах ёстой бол хотод хэрхэн хүнсний бүтэгдэхүүний үнийг тогтвортой байлгах вэ гэдэг дээр анхаарах ёстой. Хөдөө орон нутагт "Covid-19" гарсан ч гэсэн хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 98% нь яах ч үгүй ажиллаж байна. Харин эдгээр өрхийн 58% нь бүтээгдэхүүнээ борлуулж чадаагүй гэхээр орлого нь буурлаа гэсэн үг. Энд ганц ноолуурыг хэлээгүй шүү. Үүнийг сайн судлаад, магадгүй тээвэр логистик байна уу, эсвэл зах зээлийн мэдээлэл дутаж байна уу гээд тэр дутагдаж байгаа, хязгаарлах хүчин зүйл рүү түлхүү анхаарах замаар хөдөөгийн өрхийн амьжиргааг тэтгэж болно.

Хотын хувьд арай өөр бодлого шаардлагатай. Хотод амьдарч буй хүмүүсийн орлогыг харахад л хөдөө аж ахуйн орлого гэхээр зүйл байдаггүй. Мөн хотын ядуу бүлгийн хүмүүс олсон орлогынхоо бараг тал хувийг хоолондоо зарцуулдаг, энэ нь хангалтгүй байдаг. Гэтэл хүнсний үнэ нэмэгдчихвэл улам л тарчиг болно гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтворжуулна гээд махыг 8000 төгрөг, будаа 2500-гаас ихгүй байх ёстой гэж хуульчилж огт болохгүй. Харин махны үнийн мөчлөгийг хэрхэн удирдах вэ, үнийн савлагааг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллах ёстой. Ингэснээр улирлын чанартай үнийн хөөргөдлийг бууруулах замаар хүмүүсийн хэрэглээг нэмэгдүүлж болно.

Эцэст нь гэхэд стастистик харвал 2020 оны эхний зургаан сарын байдлаар бойжуулсан төлийн тоо 22 сая гэж байна гэсэн хэр нь махны үнэ одоо хэд байгаа билээ дээ. Үнэндээ энд төлөөд байгаа өндөр үнэ малчны гар дээр очоод, малчид баяжаад байна уу гэхээр тийм биш.

Дундуур нь хэчнээн ч ченж ордог юм бэ. Энийг л нэг зах зээлийн зарчимд нийцсэн, тохиргоо хийх замаар үнийг нь тогтвортой болгох хэрэгтэй байна. Ингэж чадвал олон өрхөд тус болно.

-Одоо илүү байгууллагын талаар ярилцъя. Таны харж байгаагаар компани, аж ахуйн нэгжүүд юун дээр анхаарах ёстой вэ?

-Олон салбарт хүндрэл учирч байгаа. Харин өсч байгаа салбар гэвэл хүнсний салбарыг л хэлэх болов уу. Хүнсний салбар 2019 оны зургадугаар сартай харьцуулахад 8.8%-иар өссөн байна. Хамгийн хүнд байгаа нь аялал жуулчлал, үйлчилгээний салбар гэж МҮХАҮТ-аас гаргасан судалгаанд байна лээ. 2019 оны эхний зургаан сард 247 мянган гадаадын иргэд зорчсоны 217 мянга нь аялал жуулчлалын зорилготой байсан. Энэ жилийн хувьд энэ тоо 80%-иар буурч, 43 мянга болсноос гадна өнөөдөр ямар ч гадаад жуулчин ирэхгүй байна. Ингээд бодохоор хэр хүнд тусч байгаа бага ч гэсэн дүр зургийг харуулах болов уу.

Түүнчлэн гадаадын судалгааны байгууллагуудын тайланг уншиж байхад нэг зүйл ажиглагдаж байна. Энэ бол гадаад компаниуд үр бүтээмжээ нэмж байгаа явдал. Covid-19-өөс болоод үйл ажиллагаа нь суларч байгаа компаниуд илүү өөрсдийн бүтээмжид анхаарч, автоматжуулалт, IT технологийн олон шийдлийг нэвтрүүлж, тэр нь энэ ажлаа илүү түргэвчилж байна. Covid-19-ийн дараа үлдсэн компаниуд илүү өндөр бүтээмжтэй, хүний хамаарал арай багатай болох янзтай.

Харин монгол компаниудын хувьд энэ технологийн давуу талуудыг хэр нэвтрүүлж байгаа гэдэг дээр анхаарч, корона гараагүй байлаа ч компани доторх үйл ажиллагааны уялдаа холбоог нэмэх, явуулж буй процесстоо ахиц гаргах замаар бүтээмжээ нэмэх тал дээр анхаарахгүй бол болохгүй мэт санагдаж эхэлж байна. Нэг ёсондоо дэлхийн дундаж бүтээмжтэй компаниас манай улсын компаниудын бүтээмж улам тасрах гээд байна уу, эсвэл ойртож байна уу. Мэдээж хүндрэлийн үед реформ хийнэ гэдэг хамгийн хэцүү. Реформ хийе гэвэл сайн цагт хийдэг л дээ. Гэхдээ гадаадын компаниуд бага багаар энэ бүгд дээр ахиц гаргаад яваад байгаа. Гаргахгүй бол зах зээлээс арчигдах гээд байгаа ч явдал байгаа байх. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл бүтээмжийг нэмэхэд заавал ганц санхүүгийн нөөцтэй байснаар хийдэггүй, харин зорилго тавиад ажиллавал бага нөөцөөр ч гэсэн бүтээмжээ нэмэх арга зам байдаг гэж харагдаж байгаа.

БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншаарай


ЭНЭ ЖИЛ УРАЛДАХААР БҮРТГҮҮЛСЭН МОРЬДЫН 70 ГАРУЙ ХУВИЙГ ХАСЛАА

Монголын Морин Спорт Уяачдын холбооны ажлын албаны дарга Б.Батбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан дуулиан шуугиантай болж өндөрлөлөө. Яг ямар асуудал дэгдэв?

– Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо гэж бий. Үүн дотор хурдан морины салбар хороо, бөхийн салбар хороо, сурын салбар хороо, шагайн салбар хороод багтдаг. Эдгээр хороод нь өөр өөрсдийнхөө спортын төрлүүдийг зохион байгуулдаг гэж хэлж болно. Хурдан морины салбар хорооноос бусад бүх салбар хороодод нь тухайн спортын холбооноос нь төлөөлөл оролцдог. Гагцхүү Монголын Морин Спорт Уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хороонд төлөөлөл байдаггүй. Уг нь манай холбоо чинь байгуулагдаад 25 жил болсон 21 аймаг, 330 сум, нийслэл түүний зургаан дүүрэгт салбартай 120 гаруй мянган гишүүдтэй Дэлхийн морин уралдааны холбооны гишүүн, Азийн морины уралдааны гишүүн, Дэлхийн үндэсний спортын холбооны гишүүн, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн гээд мэргэжлийн спортын холбоо шүү дээ. Гэвч сүүлийн 10 гаруй жил Үндэсний их баяр наадмаар эрлийз болон Монгол морьдыг ялгаж уралдуулах тал дээр маргаантай байж ирлээ. Угтаа 2019 онд зохион байгуулагдсан холбооны VII их хурлын үеэр уяачдын 80 гаруй хувь нь зөвхөн морьдыг сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулъя гэж хурдан морины уралдааны дүрмээ баталсан юм. Стандарт хэмжил зүйн газрын "Монгол хурдан морины стандарт" гэж байгаа. Нас насны морьдын сэрвээний өндрийг албан ёсоор батлаад үүнээс өндөр байвал эрлийз гэж үзнэ гэсэн. Үүнийг мэргэжлийн байгууллага нь өөрөө судалгаа, шинжилгээгээ хийгээд бүсчлээд, шалгуур үзүүлэлтээ тавиад гаргачихсан стандарт. Энэ л стандартын дагуу бүхий л уралдаан, тэмцээн зохион байгуулагдах ёстой. Гэтэл Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо мэргэжлийн байгууллагаас баталсан энэхүү стандартыг, манай холбооноос баталсан дүрмийг дагаж мөрдөхгүй байгаа учир өнөөгийн үүсээд буй энэхүү асуудал гарч ирсэн юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны журмаар морьдыг зөвхөн үүлдэрлэг байдлаар болон сэрвээний өндрөөр хэмжиж ялгаж уралдуулна гэж заасан. Гэтэл бодит байдал дээрээ гар метр барьцан огт хэмжихгүйгээр ялгаж хасч байгаа нь үнэхээр хоцрогдсон арга барилаар ажиллаж байна. Холбоо хурдан морины сэрвээний өндөр хэмждэг лазер багаж тендер зарлан шалгаруулж стандартчилал хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээ авч хэмжих үйл явцаа олон нийтэд нээлттэй шууд ил тод харуулдаг. Тэр багаж техник хэрэгсэлээр хэмжүүлэх саналаа холбоо өгсөн боловч хурдан морины салбар холбоо хүлээж аваагүй. Тодорхойгүй байх нь тэдэнд ашигтай байдаг байх.

Энэ жил уралдахаар бүртгүүлсэн морьдын 70 гаруй хувийг нь хаслаа. Уяачдын маань бүтэн нэг жилийн хөлс хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүллээ. Энэ жилийн наадмаар үнэхээр Монгол морьд ялгараад уралдсан уу гэвэл үгүй. Уяачид чинь бие биенийхээ морьдыг мэдэлгүй яах вэ. Үүнтэй л санал нийлэхгүй байгаа юм.

Жишээлбэл, энэ жилийн баяр наадмын соёолон насны хурдан морьдын уралдаанд 184 хурдан хүлэг бүртгүүлсэн боловч 106 нь буюу 57.6 хувь нь хасагдсан. Энэ бол хамгийн бага морьд хасагдсан тохиолдол нь.

-Монголын Морин Спорт Уяачдын холбооноос наадмын өмнө Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд саналаа хүргүүлсэн үү?

-Энэ жил цар тахалтай холбогдуулан наадмыг зохион байгуулах эсэх тал дээр телевиз, вебсайтууд санал асуулга авч байлаа. Үүн дээр манай холбооноос зургадугаар сард Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хурдан морины салбар хорооны дарга Бригадын генерал Х.Батбилэг болон Монгол Улсын Ерөнхийлөгч гуравт албан хүсэлтээ илгээсэн. Манай холбооны зүгээс гурван саналыг дэвшүүлсэн. Үүнд:

  • Үндэсний их баяр наадмыг хөдөө орон нутаг болон нийслэлд нэгэн зэрэг зохион байгуулах
  • Тодорхой сум аймагт хязгаарлалтгүйгээр баяр наадмаа зохион байгуулах
  • Энэ жил онцгой нөхцөл байдалтай уялдуулан эрлийз, Монгол морьдын ялгахгүйгээр зөвхөн нас насны ангилалд нь уралдуулах эсвэл зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж ялган уралдуулахаар  түр журам гаргах болон хурдан морины хороонд төлөөллөө оруулах гэх зэрэг саналаа дэвшүүлсэн. Гэтэл түр журам болон комисст орох саналуудыг маань дэмжээгүй.

Монголын Морин Спорт Уяачдын холбооны зүгээс эрлийз, монгол морьдыг ялгах Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд төлөөллөө оруулдаггүй.

Уяачдын дунд холбооноос л морьдыг зүй бусаар ялгаж, хасч байна гэх ташаа ойлголт гараад байдаг.

-Наадмын өмнөхөн Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар эрлийз гурван насны морьдыг уралдуулах шийдвэр гаргасан. Үүн дээр танай холбооны зүгээс санал гаргасан уу?

-Анх онцгой нөхцөл байдлын үед зургаан насны морьд уралдуулж, уяачдын баярыг тэмдэглэхгүй гэх шийдвэр гарсны дараа уяачид гомдол ихээр гаргасан. Нийт уяачид маань хурдны шинэ хэвшлийн хурдан адуу уяаж сойж морьдоо бэлдэж байна шүү дээ. Долдугаар сарын 7-ны сунгааны дараа манай холбоонд 2000 гаруй уяачдын гарын үсэгтэй шаардах, өргөх бичиг ирсэн юм. Энэхүү бичгийн гол агуулга нь болохоор "Ардын хувсгалын 99 жилийн ойн баяр наадмаар эрлийз гурван насны ангиллаар морьдыг уралдуулах нь зүйтэй. Уяачид бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд морьдоо сойж, улсын их баяр наадамдаа зорин ирж нь оролцдог. Битгий уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлээч. Эрлийз гурван насны ангиллаар морьдын уралдааныг зохион байгуулаач" гэсэн утгатай. Холбоо шаардах бичгийг хүлээж аваад шууд төр засаг руу уламжлаагүй. Харин энэ асуудлаар холбооныхоо албан ёсны цахим хуудсаар дамжуулан санал асуулга авах шийдвэр гаргасан. Ийнхүү эрлийз гурван насны морьдыг уралдуулах уу? гэсэн санал асуулга явуулахад 15 мянга гаруй хүн үзэж, 1500 хүн саналаа өгсөн. Нийт санал өгсөн хүмүүсийн 73 хувь нь эрлийз гурван насны морьдыг уралдуулахыг дэмжиж байна гэсэн л дээ. Ийнхүү долдугаар сарын 8-ны өдөр холбоо Монгол Улсын Шадар сайдад эрлийз гурван насны ангиллаар морьдыг уралдуулах уяачдынхаа санал хүсэлтийг, цахим судалгааны хамтаар хүргэсэн. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо болон хурдан морины салбар хороо энэ асуудлыг хэлэлцээд дэмжиж шийдвэрлэсэн. Энэ бол уяачдын хөдөлмөрийг үнэлсэн сайхан шийдвэр.

БЭЛТГЭСЭН: Б.МӨНГӨНТАМИР

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншаарай


"НЭГ АНГИД ХҮҮХЭД ХООРОНДОО 1-1.5 МЕТР ЗАЙТАЙ СУУНА"

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ нэг ангид 20-иос дээш хүүхэд хичээллэхгүй, сурагчид долоо хоногийн гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл үзнэ, мөн цэцэрлэгт хоёр настай хүүхдийг элсүүлэхгүй хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яам мэдэгдээд буй. Эдгээр зохицуулалт хэрхэн хэрэгжих талаар БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүдээс дараах тодруулгыг хийлээ. 


БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.МЯГМАР:

-Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан. Иймээс энэ жил цэцэрлэгийн цахим бүртгэлийг зохион байгуулахгүй гэж ойлгож болох уу?

-Энэ хичээлийн жил цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед долоон сарын дараа эхлэх гэж байгаагаараа онцлог. Бидний баримталж буй гол зарчим бол “Эрүүл хүүхэд илүү сайн суралцдаг”. Өөрөөр хэлбэл, байнга ханиад томуу тусч, өвдсөн хүүхэд суурь өвчтэй болж, цаашид сургуульд ороод ч амжилттай суралцаж чаддаггүй. Л.Цэдэвсүрэн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Улсын Онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар асуудлаа танилцуулсан. Ингэснээр есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хязгаарлалттайгаар эхлүүлэх шийдвэр гаргасан.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоёр насанд л анхаарал халамж сайн тавьж чадвал гурван наснаас өвчлөл буурдаг нь судалгаанаас харагдсан. Тиймээс энэ жил эрсдэлийг тооцож, хоёр настай хүүхдүүдийг эцэг эх, гэр бүлийн асаргаа халамжид үлдээхээр шийдвэрлэсэн. Мөн энэ жил таван настай хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамруулна. Эцэг, эхчүүддээ хандаж хэлэхэд хоёр настай хүүхдээ эрсдэлтэй цаг үед эрүүл сайхан өсгөөд, дараа жилээс цэцэрлэгт бүртгүүлээрэй.

 –Цэцэрлэгийн багтаамжаас хамаарч 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэсэн. Үүнийг тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Энэ жилийн 3-4 насны хүүхдийн цэцэрлэгийн элсэлтийн талаар эцэг, эхчүүд их асууж байгаа. Бүлэг дүүргэлт 20 байх учраас шинээр олон хүүхдийг авч чадахгүй. Цэцэрлэгүүд анги танхимын хүрэлцээ, нөөц боломжоо судлан, шинэ хичээлийн жилд өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах бэлтгэлээ хангаж байна.

Цар тахлын үед эцэг, эх нь ажил орлогогүйгээс зарим өрхийн хүүхдүүд өдөрт хоол ундгүй байх, асаргаа сувилгаа дутмаг байх асуудал тулгарч байна. Өнгөрсөн гуравдугаар сард бага насны цэцэрлэгт хамрагдаж байсан болон хамрагдаагүй өрхийн хүүхдүүдэд PIN улсын байгууллагатай хамтран хүнсний багц, ариун цэврийн багц, боловсролын багц хүргэх ажлыг зохион байгуулж, 3000 гаруй хүүхдэд хүрсэн. Үнэхээр гэр бүлийн орчинд зарим бага насны хүүхдүүд амаргүй нөхцөлд амьдарч байгаа. Иймд 3-4 настай хүүхдийг цэцэрлэгт нэмж авахдаа зорилтот бүлгийн, амьдралын нөхцөл байдал тааруу өрхийн хүүхдийг эхний ээлжид хамруулах чиглэлийг баримтална.

Бид мэдээлэл хийх үеэрээ цэцэрлэгийн хүчин чадалдаа багтаан 3-4 насны хүүхдүүдийн тодорхой хувийг бүртгэнэ гэдгээ хэлсэн.

-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хэчнээн хүүхэд байдаг вэ. Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байсан таван настнууд энэ жил цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна гэсэн үг үү?

-Нийслэлд энэ жил 146.8 мянган 2-5 настай хүүхэд байна. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд цэцэрлэгтээ хамрагдаад явна. Мөн анги дүүргэлтээ 20 хүүхэд гээд хязгаарлахаар зарим нэг газар хүндрэл үүснэ. Учир нь, нэг ангид 40-50 хүүхэд хамрагдаж буй цэцэрлэгүүд бий. Тэр асуудлыг ойролцоох төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд төрийн өмчийн цэцэрлэгийн зардлаар хамруулах боломжийг судлан, Төрийн бус өмчийн цэцэрлэгийн холбоодтой ярилцаж байна.

Энэ хичээлийн жил маш онцлог. Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Бидэнд маш олон шинэ сорилт тулгарч байна. Хамгийн чухал нь нэгдүгээр сарын 27-ноос хойш ажиллаагүй цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэхээр шийдвэрлэсэн явдал.

Төсөв санхүүгийн олон хэрэгцээ үүсч, эцэг эхчүүдэд ч мөн хариуцлага ихээхэн нэмэгдэж байна. Гэр бүлийн орчиндоо эрүүл ахуйн зааврыг мөрдөх, олон нийтийн газарт хүүхдээ дагуулж явахгүй байх, улиралд тохируулсан хувцас өмсүүлэх, гэр болон хүүхдийнхээ цэцэрлэгийн хооронд маск заавал зүүх зэргээр хүүхдээ болон гэр бүлээ хамгаалахад эцэг эхийн хариуцлага маш чухал байгаа. Цэцэрлэгийн үүдэнд хүүхдийн халууныг хэмжиж, гарыг ариутгаж оруулна. Ангидаа хүүхдүүд маск зүүхгүй. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу цэцэрлэг дээр цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлт сайн хийгдэнэ.

Эхний ээлжид цэцэрлэгээ нээж ажиллуулах, нөхцөл байдлыг ажиглаж, үнэлгээ хийнэ. Мэргэжлийн байгууллагуудтай хийх нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн цаашдаа хүүхдийнхээ тоог нэмэх эсэхээ шийдвэрлээд явахаар төлөвлөж байгаа.

Сургуульд ортлоо цэцэрлэгт хамрагдаж огт чадахгүй байсан ялгаатай байдлыг энэ жил арилгаж байгаа. Нийслэлд гэхэд 6000 таван настай хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан бол энэ жил бүрэн хамруулна. Мөн дээр нь улсын хэмжээнд 3-4 насны хүүхдүүдийнхээ 60 хувийг цэцэрлэгт элсүүлэх бодлогыг барьж байна.

БЭЛТГЭСЭН: А.ЦЭЭСҮРЭН

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншаарай


Л.САРУУЛБАТ: НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛНЭ

Илүүдэл жинтэй монголчуудын тоо хурдтай өсч, нас нь залуужиж буйд амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, хоолны зохисгүй хэрэглээ зэрэг шалтгааныг нэрлэж болно.  Монголчууд олон өвчний эхлэл болдог таргалалтад “дарлуулж” буйн гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал гэдгийг судлаачид анхааруулж ирсэн. Тэгвэл “Үнэгүй Fitness” группийн хамт олон хүмүүст гэртээ хийх боломжтой дасгал хөдөлгөөнийг live-аар дамжуулан заагаад аль хэдийн гурван сар өнгөрчээ. Ингээд тус группийн багш, дасгалжуулагч Л.Саруулбаттай ярилцлаа. Түүний амжилтаас дурдвал, Бодибилдинг спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын дараалсан долоон удаагийн аварга юм.


-“Үнэгүй Fitness” групп өдгөө 139 мянган гишүүнтэй болжээ. Группийн гишүүд ч өөрсдийнхөө үр дүнгээс бусдадаа хуваалцан их идэвхтэй байдаг. Үнэгүй фитнесс группийг анх санаачлан бодит ажил болгосон гол шалтгаан нь юу байв?

-Юуны түрүүнд www.news.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Бид “Үнэгүй Fitness” группээ нээгээд хоёр сар гаруй болж байна. Анхнаасаа айл бүрийн том өрөөг байгаа нөхцөлд нь фитнесс болгочихъё л гэж зорьсон. Тус группийг үүсгэн байгуулсан цорын ганц зорилго маань “монгол хүн бүр эрүүл байх боломж өөрсдөд нь бий. Хөл хориотой байгаа энэ цаг үед гэртээ жин нэмж суухын оронд хүн бүр “Үнэгүй Fitness” группт нэгдэн илүүдэл жингээсээ салаасай” л гэж хүссэн.

Манай Live өдөртөө 100 мянгаас 250 мянган хүнд хүрдэг. Шавь нарын маань олонх нь хичээлийг гадаадаас үздэг. Швед, Солонгос, АНУ, Японд ажиллаж, амьдарч буй монголчуудаас гадна япон хүмүүс хүртэл биднийг дагаж дасгалаа хийгээд бичлэгээ явуулж байсан. Бид өглөө 06.30 цагаас эхлээд 21.00 цаг хүртэл өдөртөө 4-5 live хийдэг. Ингэхдээ дан ганц дасгал хөдөлгөөн заах биш, зөв хооллолтын талаар ч ярилцдаг.

Хатуухан хэлэхэд хөдөлгөөний дутагдал, эрүүл хооллолт алдагдсанаас үүдэн эмнэлэг, эмийн сангаар дүүрэн монголчууд дугаарлаж байна гэхэд буруудахгүй болов уу. Тиймээс бид ядаж идсэн хоолныхоо илчлэгийг шатааж чаддаг, дасгал хөдөлгөөн хийдэг байх ёстой. 

“Үнэгүй Fitness” группийн гишүүд дунд нэг сарын хугацаанд 12, 18 кг өөх хассан хүмүүс байхад дөрвөн удаа төрсөн ээж гэдэсний зургаан булчинтай болох жишээтэй. Өөрчлөлтийн өмнө ба дараах үр дүнгээсээ ичиж санаа зоволгүйгээр бусдадаа хуваалцдаг. Бусдыгаа зоригжуулдаг ээжүүд олон бий. Эдгээр хүмүүс мэргэжлийн тамирчид шиг бэлтгэл хийдэггүй ч зөв амьдралын хэвшил, дадалд тэмүүлж, өөрийгөө ялан дийлэхийн төлөө мэрийж зүтгэж байгааг харах сайхан байдаг. Мөн өөрийгөө дайчлаад хүссэн үр дүндээ хүрч чадсан хүмүүсийг харах бүр ч сайхан. Ер нь бидний хувьд өдөр бүр урам зориг, амжилтаар дүүрэн байдаг даа.

ХАТУУ, ШИРҮҮН ҮГЭЭРЭЭ БИ ОЛОН ХҮНИЙГ СЭРЭЭЖ ЧАДСАН

-Live үзэж буй хүмүүс таныг загналаа, доромжиллоо гэлцдэг. Гэхдээ орондоо хэвтэж байсан хүмүүсийг босоод дасгал хийтэл нь хатуу үгээр шарыг нь малтах нь таны арга барил уу. Аль эсвэл таны эмоци, сэтгэл хөдлөл үү?

Би Live-ийн үеэр “За чи орноосоо босчих. Дасгалаа дагаад хийгээрэй” гэвэл хэн ч дагаж хийхгүй. “Үнэнийг хэлэхэд чи илүүдэл жингээ буяны тарга гэж бодож байна уу. Гэхдээ үгүй. Бүдүүн шулуун гэдсэнд чинь өтгөн бий. Өөрийгөө чи бохирын машинтай зүйрлэ. Одоо л чи өөрчлөгдөхгүй бол оройтно” гэхчлэн хатуу үгээрээ би олон хүнийг сэрээж чадсан гэж боддог.

Би 12 жил багш, дасгалжуулагч хийсэн учраас монгол хүний сэтгэлзүйн онцлогийг сайн мэднэ. Тиймээс хэт зөөлөн биш хатуу гараар үзэж байна. Хамгийн гол нь хүмүүс намайг энтертайнмент хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Би математик заагаагүй биеийн тамирын хичээл зааж байгаа учраас гэртээ буйдан дээрээ хэвтэж байгаа хүнийг босгохын тулд тайван, хүлцэнгүй байх нь ямар ч үр дүнд хүрэхгүй. Зарим хүмүүс намайг “Ямар онгироо юм бэ”гэлцдэг. Гэхдээ намайг өнгөрсөн хугацаанд хэдэн ч удаа хөлөө халцартал бэлтгэл хийж, хэдэн ч удаа хоолны дэглэм барьж ядарсныг бусад хүмүүс мэдэхгүй. Ядарсандаа цүнхээ даахгүй шахам гэртээ харих үе надад байсан. Үүний үр дүнд би бусдад харуулах хэвлийн зургаан булчинтай болсон. Тиймээс бусад хүмүүст илүүдэл жингээсээ салж, булчинтай болохыг үнэгүй зааж байгаа юм.

Намайг  цамцаа  тайлаад цээж нүцгэн гудамжинд явахад 10 хүний ес нь эргэж харна. Энэ нь надад өөртөө итгэх итгэлийг өөр рүү тань цэх суугаад ярих ярианы сэдэв өгч байна.

Хүн өөртөө итгэлтэй байна гэдэг нь хүн байхын үндэс, утга учир. Түүнээс биш би өөрөө гүзээгээ унжуулчхаад youtube хуудаснаас хэдэн юм олж харчхаад хүмүүст эрүүл амьдралын хэв маягийг зөвлөөгүй. Хэрэв уншигч та өөрийнхөө биеийн галбирыг болж байна гэж бодож байвал нүцгэн биеэрээ толины өмнө хараад үз. Би үнэхээр сайхан харагдаж байна уу? гээд өөрөөсөө асуугаарай.

ЦАГААР ХООЛЛООД, ҮҮНИЙГЭЭ ФИТНЕССТЭЙГЭЭ ХОСЛУУЛБАЛ ҮР ДҮН ХУРДАН ГАРНА

-Тэгвэл таны хувьд 12 жилийн өмнө өөрийгөө өөрчлөх, одоо байгаа биеэ урлахад юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

Тухайн үед би 52 кг байсан. Хамгийн гол нь би хүүхдэдээ л ханагар сайхан аав болж харагдахыг хүссэн. Түүнээс биш тэмцээн уралдаанд орох нь гол зорилго байгаагүй. Гэрийнхээ хойморт суугаад хүүхдийнхээ хажууд жижигхэн мөр, жижигхэн гарандаа өөртөө томдсон аяга бариад атийж суухыг хүсээгүй юм. Би өөрийгөө шинээр бүтээсэн нь амьдралдаа барьсан бэлэг л гэж боддог.

-Одоо тэгвэл ярианы сэдвээ өөрчлөөд эрүүл амьдралын хэв маяг болон илүүдэл жингийн талаар ярилцъя. Хүмүүсийг хараад байхад маш хурдан хугацаанд их жин хасах хүсэлтэй байдаг. Үнэхээр тэдний боддог шиг сард их жин хасах боломжтой юу?

Таргалалт бол хувь хүний амьдралын хэвшил, хооллолт, хөдөлгөөн, сэтгэл санааны байдал, хорт зуршил зэргээс шууд шалтгаалдаг. Түүнчлэн таргалалт, жингийн илүүдэл хүн төрөлхтөний нас баралтын гол шалтгаан болдог. Тиймээс Японд тарган хүнийг удирдах албан тушаалд томилдоггүй жишигтэй. Энэ нь өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж чадаагүй хүн бусдад анхаарал тавьж, удирдан чиглүүлж чадахгүй гэж үздэгийнх. 15 настай хүүхэд 110 кг, 12 настай хүүхэд 90 кг болчихлоо хурдан жинг нь хасаад өгөөч гээд эцэг эхчүүд надад хандсан тохиолдол бий. Тухайн хүн сард 10-20 кг хасна гээд ороод ирлээ гэж бодъё л доо. Тэгэхээр энэ хүн яг л фитнесс тамирчин шиг долоо хоногт маш олон цаг хүнд ачаалалтай бэлтгэл хийхээс гадна, маш хатуу хоолны дэглэмд орох шаардлага гарна.

Ийм их ачаалал гэнэт авахаар маш их ядарна, эмзэг мэдрэмтгий болно, хүний сэтгэлзүй их хямарна, сэтгэлээр унана, стресст өртөнө гээд бэрхшээлүүд бий. Тиймээс яарч хурдан жин хасна гэхгүйгээр фитнессийг зүгээр л амьдралынхаа нэг хэсэг болгочих хэрэгтэй. Энэ нь тийм их цаг шаарддаггүй, долоо хоногт ердөө л зургаан цагийг өөртөө зарцуулахад л хангалттай. Ингэж чадвал эрүүл сайхан харагдана, эрүүл чанартай амьдарна шүү дээ.

БЭЛТГЭСЭН: Э.СОСОРБУРАМ 

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншаарай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж